Орчуулгын товчоод орчуулдаг уу, хуулдаг уу

Түрүүчийн долоо хоногт найз маань надтай тааралдаад “Монголоос япон руу материал хөрвүүлэх гэсэн юм. Сайн япон хэлтэй хүн байна уу” гэж асуулаа. Тэгэхээр нь би “Сайн орчуулагч хайж байхаар орчуулгын товчоонд хандсан нь илүү хурдан юм биш үү” гэсэн санал тавив. Тэгээд бид хамтдаа Худалдаа хөгжлийн банкны баруун талаас эхлээд “Орчуулгын товчоо”, “Баталгаат орчуулга”, “ОХУ-ын виз, орчуулга” гэсэн хаягтай хаалга болгоноор орж үнэ ханшийг нь сонирхож явсаар эцэст нь “Олон улсын мэдээлэл бизнесийн төв” гэсэн хаягтай виз гаргах, орчуулга, нотариатын төвлөрсөн газар гэж болохоор байр руу очив.

Сонирхолтой нь тус байрны нэгдүгээр давхарт нэр нь тодорхойгүй орчуулгын 20-иод товчоо байлаа. Гэхдээ ихэнх нь виз гаргах үйлчилгээний хажуугаар орчуулга хийдэг юм билээ. Эндээс харвал орчуулгын ажлыг гадаад хэл муухан гадарладаг хүн толь бичиг эргүүлж байгаад л хийдэг бололтой юм. Зарим орчуулгын товчоо нь компьютерийн орчуулга хийх зориулалттай программтай байх жишээтэй. Нөгөө хэсэг нь бүр диплом, боловсролын үнэмлэхийг дуурайлган тухайн хэлээр бэлтгэсэн тусгай цаасан дээр шууд буулган их хэмжээний мөнгө авдаг бололтой юм билээ.

Орчуулгын товчоогоор үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь элчин сайдын яамны анкет, цагдаагийн болон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн тодорхойлолт орчуулуулах гэж зорьдог. Харин энэ маягаар орчуулга хийж буй хүмүүс иргэдийг хохироож байгаа нь дамжиггүй. Биднийг тэнд зогсч байх зуур “Та нар миний визийг бүтэхийг болиулчихлаа. Чанартай, баталгаатай орчуулна гэсэн чинь хаана байна” хэмээн нэгэн бүсгүй хашгичиж гарлаа. Учир нь найдвартай гэгддэг орчуулгын товчоо визний материалыг нь буруу орчуулчихсан юм гэнэ. Орчуулах ч юу байх вэ дээ, бэлэн загвар дээр нэрийг тавьж бөглөхдөө л алдчихгүй юу. Тэгээд тэр орчуулж өгсөн гээд байгаа хүн нь хэлний ангийн оюутан байж л дээ, хөөрхий.

Энэ мэт амьд жишээ хажуунаас л ургаж байгаа юм. Мөн нэг дор халуунд хорсон хонь шиг бөөгнөрсөн орчуулгын товчоод үйлчлүүлэгчдээ булаалдаж зодолдох шахдаг юм билээ. Биднийг ч гэсэн булаацалдаж ширүүн юм болсон. Тэгэхээр нь бушуухан гарч, япон хэл сайн мэддэг хүн хайсан нь дээр гэсэн шийдэлд хүрэв. Уг нь хуучин цагт орчуулгын төв товчоо гэдэг гадаадын хэд хэдэн хэлийг гайгүй төвшинд гадарладаг, бас ч үгүй туршлагатай хүмүүс ажилладаг байгууллага байсан гэж байгаа.

Түүнд олон орчуулагч харъяалагддаг байж л дээ. Гэтэл 1998 оноос хойш орчуулгын товчоод борооны дараахи мөөг шиг олширсон. Энэ нь ХЗДХЯ-наас хянаж, шалгаж зөвшөөрөл өгдөг байснаа больсонтой холбоотой аж. Шалгуургүй юм бүхэн муу тал руугаа эргэдэг хойно. Одоо бол хаа сайгүй орчуулга хийдэггүй, бэлэн загвар, программ ашигладаг орчуулгын товчоод баталгаатай гэдэг үгээр өөрсдийгөө сурталчилж оршсоор л байна.

Тиймээс яаралтай орчуулга, орчуулагчдын тухай хуулиа байг гэхэд журам заавар гаргаж орчуулдаггүй энэ олон товчоог цэгцлэхгүй бол ард нь иргэд хохироод үлдэх нь.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих