Эрүүл мэндийн салбар тийм муу юм уу?

Төрийн ордонд ороод өндөр албан тушаалтнуудаас манай эрүүл мэндийн салбар муу гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү гэж асуугаад үзээрэй. Бараг захаасаа л “Эрүүл мэндийн салбар тийм муу юм уу” гээд мөрөө хавчина гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэдний мэдэхгүй байх нь аргагүй л дээ. Учир нь тэд Монголд эмчлүүлдэггүй. Хилийн дээс алхаж, аль сайн орны, аль сайн эмнэлэгг тухтай гэгч нь үйлчлүүлчихээд нисээд ирдэг. Ерөнхий сайд С.Баяраас эхлээд Эрүүл мэндийн сайд нь хүртэл биеэ эмчлүүлэхээр гадагшаа нисдэг. Бас болоогүй ээ, улсын зардлаар биеэ эмчлүүлэх хуулийг өөрсөддөө зориулаад баталчихдаг гэж байгаа. Ойр дотныхон нь ч Монгол эмнэлэгээ тоодоггүй.

Тиймээс тэд ханиад нь хүндэрсэн хүүхдээ эмнэлэгт л байлгахын тулд эмнэлгийн хүйтэн коридорт гудас дэвсээд хэвтэж байгаа ээжийн зовлонг төсөөлөхгүй. Өдөр шөнөгүй, их ачаалал дунд зүтгэчихээд хоногийн хоолондоо ч хүрэхгүй бага цалин авч байгаа эмнэлгийн ажилчдыг ойлгохгүй. Актлах шахсан тухгүй эмнэлгийн өрөө нүдэнд нь бүр ч харагдахгүй. Жилээс жилд эрүүл мэндийн салбарт гараа татаж байж төсөвлөдөг хэдэн төгрөгөө их юм хийлээ гэж андуурдаг.

Уг нь эрүүл мэндийн салбар бол улсын хувьд чухал салбар. Эрүүл хүнгүй улс хэчнээн мөнгөтэй байгаад ч хөгжинө гэж байхгүй. Тэгэхээр өөрсдөөсөө эхэлбэл яасан юм бэ. Эрүүл мэндийн сайд нь дотоодын эмнэлгээрээ үйлчлүүлдэг болъё. Сайд нарын хоёрыг зөвхөн тариа тариулах гэж хэвтдэг гэж хочлохоо байя. Ерөнхий сайд нь ч гэсэн эхлээд Монголын эмнэлэгтээ үзүүлчихээд гадагшаа гарч эмчлүүлэх эсэхээ шийдье. Үнэхээр эрүүл мэндийн салбараа муу биш гэж бодож байгаа бол эндээ эмчлүүлье. Эхлээд эндээ эмнэлэгт хандъя. Үнэхээр муу болохоор нь гадагшаа явж байгаа бол энэ улсыг чинь бүрдүүлж байгаа ард түмнээ эрүүл амьдрах эрхгүй гэж байгаа юм уу. Бодох л асуудал.

Би Монголдоо эрүүл, айх аюулгүй амьдармаар байна. Гэхдээ эрүүл мэндийн салбар бүхэлдээ тийм биш л дээ. Хувийн сайн эмнэлгүүд олон бий. Үүднээс нь л хаан гэдгээ мэдэрдэг орчинтой эмнэлгүүд олон байгаа. Эрүүл мэндийн салбараа хувьчлах тал дээр анхаарах цаг ирсэн юм биш үү. Үнэгүй юм үнэгүй байдаг нь зах зээлийн нийгмийн жам. Хувьчилна гэхээр эмнэлгүүд дааж давшгүй их мөнгөөр үйлчилгээгээ тогтоочих байх гэсэн айдас байдаг. Гэхдээ энэ айдас биш. Зөв бодлогоор хэрэгжүүлбэл болохгүй юм үгүй. Жишиг үнийг зах зээлийн бодит үнэлгээгээр хатуу тогтоож, зөрчсөнд нь хатуу хариуцлага тогтоодог ч юм уу, янз бүрийн зохицуулалт байж болно гэж бодож байна.

Бас нэг асуудал бий. Монгол улс өнөөдөр их мөнгө олж байгаа. Уул уурхайн салбараас өнөөдөр их мөнгө орж ирж байна, цаашид энэ урсгал улам ч нэмэгдэнэ. Энэ мөнгөний багагүй хэсгийг эрүүл мэндийн салбартаа зарах ёстой гэж боддог. Байр савны шинэчлэл, техник технологи, тоног төхөөрөмжийн асуудал гээд шийдлээ хүлээж байгаа цөөнгүй асуудал эрүүл мэндийн салбарт бий.

Тэгэхээр бодох юм их байна аа, эрүүл мэндийн салбарт. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол энэ салбартаа ахиу мөнгө хаяж, дээр өгүүлсэн асуудлууд руу бодлоготойгоор анхаарах. Бас мэдээж төрийн өндөр албан тушаалтнууд нь Монголын эмнэлэгтээ хандаж үйлчлүүлэх нь эхний алхмуудын нэг.


URL:

Сэтгэгдэл бичих