C.Базарваань: Мориноос өөр зүйл зурж чаддаггүй гэсэн хатуу үг сонсч байлаа

 

Уран зургийн хүрээнийнхэн түүнийг морины зураач гэдгээр нь сайн мэднэ. Хүнд нэр хоч өгөх дуртай нэг хэсэг нь С.Базарваанийг “Морь” гэж хочилно. Арга ч үгүй мэт. Түүний ур ухаан, сэтгэл зүрхнээс гарч буй бүтээл бүхэн нь адуу хэмээх тэнгэрлэг амьтнаар дүрслэгдэнэ. Түүнтэй ярилцлаа.

 

-Адуу зурдаг гэдгээр тань эртнээс мэднэ. Морио зурсан хэвээрээ юу?

-Миний уран бүтээлийг 100 хувь гэж бодвол 80-90 хувь нь морины тухай байна.

Цаашид ч үргэлжлэх бүтээлүүдээс энэ сэдвийг салгах аргагүй. Морины тухай өгүүлдэг, зурдаг, үүнээс таашаал авдаг болохоор үргэлж эрч хүчтэй омголон, байдаг.

-Та говь руу явж зураг зураад иржээ. Тэнд зурсан бүтээлүүдэд тань бас л морь байна?

-10 гаруй хоног зураг зурах аялалд яваад ирлээ. Баахан говь зурлаа. Мөн говийн морь ч зурсан. Би хангайн хүүхэд. Говийн морь зурахад шал ондоо байдаг юм байна. Бие нь арай жижиг. Туурай нь элсэн дунд явсаар байгаад тэгдэг юм уу, арай хавтгай байх шиг санагдлаа.

-Зураачдын нүдний хараа, мэдрэмж их нарийн байх л даа?

-Зүүдний говьд сайхан намар болж байна.  “Говь” шүлэг сэтгэлд бодогдож байсан. Миний эх орны байгалийн өнгө ямар сайхан юм бэ. Алтран шаргалтаад л ер бусын мэдрэмж өгсөн. Тэнд бид халууцаад нимгэн цамцтай зургаа зурж байлаа. Ирэхэд  энд цас орсон байсан. Байгаль дэлхийн зүй тогтол уран бүтээлч бидэнд шинэ сэдэл санаа хайрлах юм. Зураач хүн ялангуяа намар аялж, зургаа зурвал зүгээр санагдсан.

-Тэгэхээр намар таны уран бүтээлийн цаг үе юм аа даа?

-Өвөл хүйтрэхээр зурахаа болино, цэцэг ногоо дэлгэрэхээр зургаа зурна гэдэг асуудал байхгүй. Угаасаа уран бүтээлч хүнд ийм сэтгэлгээ зохихгүй. Би цаг мөч бүрт сэтгэлдээ зурж явдаг. Дөрвөн жил сэтгэлдээ зурж байгаа бүтээл ч бий. Түүнийгээ удахгүй цаасан дээр буулгана. Эхэлж гар хүрч зүрхлэхгүй байна. Цаг хугацаа миний бүтээлийг төрүүлэх байх аа.

-Монгол хүн бүхэн моринд хайртай байдаг. Та ч тэдний нэг. Гэхдээ яагаад заавал уран бүтээлдээ тусгах болсон юм бэ?

-Хүмүүс намайг янз бүрээр хүлээн авдаг. “Мориноос өөр зүйл зурж чаддаггүй” гэсэн хатуу үгийг ч сонсч байлаа. Зарим нь “Угаасаа мориноос өөр юм битгий зур” гэж хэлдэг. Би ямар нэгэн зүйлээр өөрийгөө хайрцагт оруулахыг хүсээгүй. Зүгээр л эрх чөлөөтэй уран бүтээл хийж яваа хүн. Миний сэтгэлгээ, хүсэл, уран бүтээлийн тэмцэл маань өөрийн эрхгүй энэ зүйлд хөтөлдөг.

-Таны зургуудыг харахаар мориноос өөр зүйл битгий зур гэмээр санагдах юм. Энэ хүсэлтийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Миний уран бүтээлд хүмүүсийн үг, санал нөлөөлдөггүй.  Тэд зургийн минь талаар ярьж л байдаг. Зарим нэгэнд нь таалагдаж, нөгөө хэсэгт нь таалахгүй л байгаа. Би үүнийг мэддэг.  Дотоод сэтгэлд минь байгаа уран бүтээлийн ертөнц онцгой юм. Би тэр ертөнцийн үгэнд л орж зургаа зурдаг. Ганцхан мориор ямар их зүйлийг илэрхийлж болдгийг миний бүтээлүүдээс харж болно.

-Анх ямар морь зурж байсан бэ. Тэр их “булган сүүлтэй ” зураг байжээ?

-Би бага байхаасаа морь зурсан. Хурдан хүлэг унаж өссөн. Тэгэхээр морины тухай бодол цусанд маань байдаг.  Хонь хариулахдаа унадаг байсан хээр морио би анх зурсан. Хэдэн удаа зурснаа санадаггүй. Дэл сүүлнээс нь эхлээд зурна. Хүмүүс сайн уран бүтээлч болох нь сайн зураад бай гээд л намайг урмаар тэтгэнэ. Энэ бүхэн намайг уран зургийн амьдралд хөтөлсөн гэж боддог.

-Одоо ер нь хэдэн морь зурсан бол. Тоолж үзэв үү?

-Үгүй дээ. Тоо хөөж уран бүтээл хийнэ гэж юу байх вэ. Морины бүтээл минь ямар ч гэсэн нэлээд хэд болсон. Нэг зун гэхэд гурван мянган морины таталбар зурсан байлаа. Тэгээд бодохоор их тоо гарах байх.

-Морь зурахыг та юутай зүйрлэх вэ. Урам зориг, мэдрэмж, эрч хүч хайрладаг нь үнэн байх?

-Их сайхан. Хурдан морины дэлэн дээр хийсч яваа мэт санагдана. Самсай шархирна гэж ярьдаг. Тэр үед ч яг л түрүү магнайнд ирж байгаа мэт. Ингэж л зүйрлэмээр байна. Морь гэдэг утгаараа хүмүүст ч миний зураг эрч хүч хайрладаг. Гэхдээ эрч хүч зурж байна гээд давхиж, ноцолдож байгаа морь зурах хэрэг биш. Өнгөөр ч түүнийг илэрхийлж болох юм.

-Таны “Сэтгэлийн хүлэг” бүтээлийг онцол­моор байна. Моринд хайр­тай монгол түмний харах л ёстой бүтээл байна?

-Тийм ээ. Би энэ зургаараа нэрлээд үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Энэ маань гурван метр гаруй урттай. Бүтээл бүхэн маань сэтгэлээс гардаг. Түүнийг төрүүлдэг онгод авьяастаа баярлаж явна. Түүнээс биш би эрийн сайндаа, гарын уртайдаа зураад байгаа юм биш. “Домогт хүлэг”, “Нутгийн тэнгэр” бүтээлээ мөн онцолмоор байна. Өөрийгөө жаахан тоож урамшуулж байсан зургууд минь энэ л дээ.

-“Нутгийн тэнгэр” бүтээл тань ямар утгатай юм бэ. Тэнгэр харагдахгүй юм?

-Нууранд зогсож байгаа морьдын сүүдэр тэнгэрээс ойсон байгаа биз. Тэр л утга нь шүү дээ.

-Ер нь бүтээлийнхээ агуулгыг хэрхэн олдог вэ. Онгод ч гэх юм уу, сэдэл санаа нь яаж төрөх вэ?

-Би зургаа зурах гэж нэг их зовоод байдаггүй. Зарим хүн нэг зураг эхлүүлээд л “Яах уу, хэрхэн урлах уу, яаж гоё болгох уу” гээд л өдрийн бодол, шөнийн зүүд болж явдаг. Тэгж өөрийгөө хүчилдэггүй. Хайнга хүн гэх юм уу даа. Өөрийгөө тэгж дүгнэдэг. Энэ байдал маань заримдаа алдаа, нөгөө талаар оноо болох нь бий. Гэхдээ би хүнд таалагдах гэж, бусдаас оноо авах гэж зурдаггүй болохоор алдаагаа ч анзаардаггүй.

-Хүмүүст таалагдана гэдэг уран бүтээлчийн сэтгэлийг зовоодог зүйл биш гэж үү?

-Үгүй дээ. Ихэнх зураач тэгж хэлнэ дээ. Бид шоу ертөнцийнхөн биш. Миний өнөөдрийн зурсан бүтээлийг таалах нэг нь таалж, ураад хаячихмаар санагдах хэсэг ч бий. Тэглээ гээд миний ертөнцөд нөлөөлж чадахгүй.

-Монголын хүлэг морьд сайхан гэдгийг таны бүтээлээс харж болох юм. Гадаад морь зурж байв уу. Адилхан л мэдрэмж төрдөг үү?

-Сэтгэлээсээ зураагүй юм байна. Захиалгаар зурж байсан. Хөл, хүзүү, хошуу бүгд өөр. Мэдрэмжийн тухайд ч дутмаг юм уу даа. Ер нь хүн өөрийн юм, эх орны минь хүлэг гээд бодохоор бүхнээ шавхдаг юм билээ. Гадных гээд бодохоор нэг л биш.

-Та хөх, шар өнгөтэй морь зуржээ. Энэ бас л нэг утгатай байх?

-“Хэзээ ийм өнгөтэй морь байсан юм” гэж загнах хүн ч таарсан. Зурмаар санагдаад л зурсан. Тэр үед би даараад хөх өнгөтэй морь зурсан ч юм бил үү. Мэдрэмж гэдэг цаасан дээр яаж буухыг бурхан тэнгэр л мэддэг.

-Цаашид морио зурсаар л байх уу. Уран бүтээлийн чиг шугам тань өөрчлөгдөх болов уу?

-Энэ талаар бодож байгаагүй, би өнөөдрөөрөө амьдардаг зураач учраас. Гэхдээ уран бүтээлийн маань зорилго өөрчлөгдвөл хэн ч биш болох нь тодорхой. Тийм зүйл болохгүйн тулд би тэмцэнэ. Ямар ч гэсэн үхэр зурна гэж байхгүй. Морио зурна аа.

Т.БАТСАЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих