Цөмийн хаягдлыг Орос, Хятад сенсаацлаад байна уу?

Монголын албаны хүмүүс цөмийн хаягдлын агуулахыг эх нутаг дээрээ байгуулах талаар АНУ, Японы талтай ярилцсан гэдэг мэдээлэл энэ хаврын турш гадаадын хэвлэлүүдээр бичигдэж, Улаанбаатарт маргаан дэгдээгээд байгаа билээ.

Монголын талыг төлөөлөн хэн, хэзээ юу ярьж, аюултай галаар наадах гээд байгааг юуны өмнө хайцгааж байна. Энэ эрлийн үзүүрт хар, сэрэнд өртөж байгаа хүмүүсийн нэр ус ч  цаашид үргэлжлэх бололтой. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, улстөрч Н.Энхбаяр, ШУА-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Б.Чадраа нарын нэр давын өмнө яригдсан бол тэдний араас “Мон Атом” төрийн өмчит компанийн захирал Р.Бадамдамдин, УИХ-ын гишүүн Алтангэрэл нарын нэр сонсогдож эхэллээ.

Холбогдох албаны хүмүүс гадаад эх сурвалжаас авч байгаа мэдээллүүдийг удаа дараа няцаасаар ирсэн юм. Цөмийн энергийн газар, Гадаад харилцааны сайд, Цөмийн энергийн асуудал эрхэлсэн Элчин сайд, хардлагад өртсөн албан тушаалтнууд гээд бүгд мэдээллийг үгүйсгэж буй. Иргэд ч тэдэнд итгэж, өнөөхөндөө тийм аюултай хог хаягдлыг хилээр оруулж ирээд булчихсан гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ худал мэдээлэл, цуурхлын ард ор үндэс заавал байдаг, гадаад эх сурвалжуудын мэдээлэлд ямар нэг үндэслэл байж таарна гэсэн итгэл үнэмшил олон хүнд байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй болов уу.

Японы “Майничи” сонинд гарсан нийтлэлээс иш татан Ройтерс агентлаг энэ талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Энэ мэдээллээр бол Японы худалдааны яамны төлөөлөгч Японы өдөр тутмын сонинд албан ёсоор мэдэгдэхдээ “АНУ, Япон болон Монголын талын төлөөлөгчид гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн өмнөхөн хийсэн уулзалтын үеэр энэ асуудлыг албан бус байдлаар ярилцсан” гэж хариулжээ. Хамгийн гол нь энд дурдагсан он, сар Монголын талаас Р.Бадамдамдин, Алтангэрэл нарын Японд хийсэн айлчлалтай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаас тэдний нэр хардлагад өртөх шалтгаан болоод байгаа аж.

“Мон Атом”-ын захирал Р.Бадам­дамдин нь ажил, үүргийн хувиар энэ асуудалд холбогдож байгаад гайхах зүйлгүй ч УИХ-д Дорнод аймгаас сонгогдсон гишүүн Алтангэрэлийг үүнд ямар хамаатай юм бэ гэж асуух нь зүй ёсных байх. Тэрбээр цөмийн энергийн асуудлаар нэлээд эртнээс анхаарал тавин ажиллаж иржээ. Цөмийн энергийн тухай хуулийг санаачлагчдын нэг, ажлын хэсгийн гишүүн байсныг нь хэн ч анзаараагүй өнгөрсөн байж магадгүй. Тэгвэл энэ салбарын бодлогод анхаарал тавьж, үүгээр мэргэшсэн хүний нэг гэж хэлэхэд буруудахгүй юм байна. Цөмийн эрчим хүчний бодлого, эрх зүйн орчны талаар туршлага судлах зорилгоор АНУ-д ч цөөн хоногийн томилолтоор ажиллаж байжээ. Энэ томилолтод түүнээс гадна хэд хэдэн гишүүн, тухайлбал, Ц.Батбаяр ч багтаж байсан аж.

Хардлагыг энэ мэт үндэслэлээр бая­жуулаад өөр зуураа нэгнээ буруутгахыг урьтал болгохгүйгээр цөмийн хаягдлын асуудлыг заавал Монголтой холбох сонирхол хэнд байж болохыг ч нухацтай авч үзэх ёстой бололтой.

Хоёр хөршийн сонирхол юу вэ?

Монголын хойд, урд хоёр хөршид энэ асуудлыг дээрх байдлаар дэвэргэх сонирхол байж болох аж. Учир нь Монгол цөмийн эрчим хүчний түлш болох ураны нөөцтэй. Түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг төрийн бодлогын төвшинд тавьж, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах эрх зүйн баримт бичгүүдийг батлан гаргаад буй. Өнөөхөндөө ураны орд газруудыг төрийн мэдэлд барьж буй бөгөөд ашиглалтын тусгай эрхийг нэг ч этгээдэд олгоогүй байгаа. Төрийн баримталж буй бодлого гэвэл уранаа түүхийгээр экспортлохгүй, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг концепциэ болгож байна. Цөмийн эрчим хүчний түлш гаргаж авахын тулд ураныг таван шат дамжлагаар боловсруулдаг бөгөөд ядаж хоёр, гурван дамжлагыг Монголдоо хийж, нэмүү өртөг шингээх ёстой гэж үзэж буй. Харин ОХУ Монголын ураныг түүхийгээр нь авах сонирхолтой, бас дотооддоо хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй. ОХУ эдгээр ашиг сонирхлоо хамгаалах гэж байна гэж үзье. Энэ тохиолдолд ураныг боловсруулах явцад тодорхой хэмжээгээр гардаг хаягдлаас монголчуудыг айлгах хэрэгтэй. Бас цөмийн түлшний хаягдал боловсруулах үйлдвэрийн түүхий эдээ Монгол руу алдахгүй байх ёстой. Энэ үүднээс цөмийн түлшний хаягдлыг Монголд байршуулах гээд байна гэсэн сенсаацийг дэгдээж, үүнийг эсэргүүцсэн хууль, хаалтыг бий болгох замаар хаягдлыг өөрсөд рүү татан авах алсын зорилготой ч байж мэдэх юм байна.

“Женерал Электрик”, “Хитачи” болон “Тошиба” зэрэг АНУ, Японы цөмийн түлшний хаягдал экспортлогчдод Оросын тал цөмийн хаягдлыг нь хадгалах санал тавиад байгаа аж. Хэрэв монголчууд мөн ийм санал тавьж байгаа бол Оросын талтай боломжийн өрсөлдөөн үүснэ гэж хаягдал экспортлогчид найдаж буй хэмээн гэж Японы “Майничи” сонин дүгнэсэн юм. Хаягдлаа экспортлогчид үүнийгээ дагуулан маш их хэмжээний хөрөнгө оруулан дэмждэг нь ч нууц биш юм байна. Иймд Оросууд өрсөлдөөнд илүүрхэх үүднээс сенсаац дэгдээж байж магадгүй л аж. Өөрөөр хэлбэл, цөмийн хаягдлыг Монголын ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй бол Орост өрсөлдөгч гарч ирэхгүй гэсэн үг.

Тэгвэл Хятадын ашиг сонирхол юу байж болох вэ? Японд болсон атомын цахилгаан станцын ослын дараахан “Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ зогсоохгүй” гэдгээ мэдэгдсэн БНХАУ-ын удаах алхам бол дахин боловсруулсан түлшээр ажилладаг реактор байгуулах. Цөмийн түлшний хаягдал дахин боловсруулдаг технологитой Хятадууд дахин боловсруулсан түлшний реакторыг хэдийнэ бариад эхэлжээ. Мөн л цөмийн хаягдлыг Монгол руу зөөлгөх сонирхолгүй байна. Энэ бол бодлого тодорхойлох хүрээний хүмүүсийн дэвшүүлж буй таамаглал гэдгийг ч хэлэх нь зүйтэй болов уу. Интернэтэд тавигдсан мэдээлэл, сэтгэгдлүүдийг хэн хаанаас оруулж буйг IP-гээр нь хөөгөөд үзэхэд Хятадаас ихэвчлэн орсон байгаа аж. Гэхдээ монгол хэл дээр.

Дээрх таамаглалыг үнэний ортой гэж бодьё. Тэглээ ч “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үг санаанд ороод байгааг ч нуух юун. Мөн үүнийгээ нэг зүйлээр тодруулж болохоор байна. Учир нь АНУ-ын “Wall Street Journal” сайтад “АНУ, Японы тал Монгол Улстай цөмийн хаягдал булах асуудлаар ярилцаж байснаа аль аль нь өнгөрсөн даваа гаригт хүлээн зөвшөөрсөн” гэдэг мэдээлэл өчигдөр нийтлэгджээ. “Wall Street Journal”-ын бичсэнээр бол Японы Гадаад харилцааны дэд сайд Чиаки Такахашигээс даваа гаригт болсон хэвлэлийн хурал дээр Монгол Улстай цөмийн хаягдлын асуудлаар хэлэлцсэн эсэхийг нэгэн сэтгүүлч асуухад “ Хэлэлцээр ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд Монголд цөмийн хаягдал хаях санаа Японд байхгүй” гэжээ. Японы “Майничи” сонины өнгөрсөн даваа гаригийн дугаарт АНУ, Япон, Монгол гурван улс цөмийн хаягдал булах асуудлаар өнгөрсөн хоёрдугаар сард гэрээ байгуулах байсан боловч хойшлогдсон гэж мэдээлснийг “Wall Street Journal” сануулахаа мартсангүй.

З.БОРГИЛМАА

URL:

Сэтгэгдэл бичих