“Хүүхэд алга боллоо” гэсэн мессежээс болгоомжил
“Yahoo” мессенжер хаягаар байсхийгээд л хүүхдийг минь олж өгнө үү гэсэн мессеж илгээх болж.
Хамгийн сүүлд “17 настай охин сургууль дээрээсээ алга болсон тул хайлцахад туслаач. Ягаан пальто, ягаан гутал, хар өмдтэй, үсээ хоёр боосон охин. Харсан хүн байвал……….утсаар холбоо бариарай. Цааш нь дамжуулж тус болно уу гэсэн мессеж явав.
Энэ мессежийг нэг л харсан санагдаад байсан чинь хоёрдугаар сард ирсэн “Монгени сургуульд сурдаг найман настай А гэдэг охин өнөөдөр сургууль дээрээсээ 14.00 цагийн үед алга болсон тул хайлцахад туслаач. Ягаан пальто, ягаан гутал, хар өмдтэй, үсээ хоёр боосон охин. Харсан хүн байвал …………… яаралтай холбоо бариарай. Цааш нь дамжуулж өгнө үү” Монгол хүний сайхан сэтгэлээр тусална гэдэгт найдаж байна хэмээн дээр үед ирж байсан мессеж байв.
Дээрх хоёр мессежийг харвал дугаар нь яг ижилхэн. Гайхаад утас руу нь залгаад асуувал ээж нь бололтой нэг эмэгтэй “Энэ зарыг өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан Тэгээд алга болсон өдрөө охиноо олсон. Гэтэл янз бүрээр өөрчлөөд утсыг нь хэвээр явуулаад байх юм. Хүмүүс утасдаад амар заяа үзүүлэхгүй үнэхээр хэцүү байна” хэмээн учирлав.
“Хүүхэд алга боллоо” гэх зарыг өөрчлөөд байн байн явуулаад байгаа хүмүүс ер нь ямар санаа агуулаад байгаа юм бол оо. Уг нь энэ тоглоом биш л баймаар юм. Мэдээж утсаа, мессенжерээ нээх бүрт аавын охин, ээжийн хүү алга боллоо, гэрээсээ гараад сураггүй байна, ирэх замдаа төөрчихлөө гэх мессеж ирээд байхад ямар ч хүний сэтгэхүйд хүний наймааны золиос болох вий, бусдын гарт амиа алдах вий гэсэн аймшигт бодол төрнө. Гэтэл энэ бүхнийг тоохгүй алга болсон хүүхдээр сенсаци дэгдээх завтай хүмүүс олширчээ.
Учир нь “Хүүхэд алга болох тохиолдол их гардаг. Гэхдээ энэ нь хүний наймааны золиос болох юм уу, ноцтой асуудал гардаггүй. Хажуу айлдаа ороод унтчихсан. Аав, ээждээ хэлэлгүйгээр хамаатан садныдаа очсон байдаг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ алга болсон мессеж илгээсэн бол “оллоо” гэсэн зараа ч тараамаар юм аа. Тэгэхгүй бол энэ байдлаас болж нийгэмд айдас үүсдэг. Хүүхэд алга болоод байгаа нь хүүхдийн эцэг, эхийн хараа хяналттай маш чухал холбоотой” хэмээн цагдаагийн байгууллагынхан сануулж байна.
Ойрын жишээ ярихад, саяхан ээжийн маань ажлын газрын хүний хүүхэд алга болоод бид 22.45 цагаас үүрийн 06.00 хүртэл хайлаа. Аав, ээж нь сандраад бөөн уйлаан болов. Бид ч тэр хүмүүсийг хараад сэтгэл үнэхээр өвдөж байсан юм. Хүүхэд нь олдохгүй бол яанаа гэхээс ихэд санаа зовниж байлаа.
Гэтэл хүү нь хажуу айлдаа ороод унтчихсан байсан. Тэр айлын эздэд хэлтэл “Хүүхэд чинь аав, ээж хөдөө явчихсан. Танайд ороод унтаарай” гэжээ. Энэ мэтчилэн хүүхдүүд алга боллоо гэх мэдээлэл тархаж олон нийтийг цочроох болов. Тиймээс цагдаагийнхан мессенжерээр тарааж байгаа зар хүмүүсийг үймүүлж байгааг хэлж байна.
Гэхдээ алга болсон хүүхэд бүр эргээд эсэн мэнд олддог гэвэл ташаа болно. Учир нь хэдхэн жилийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүүхдийн цогцсыг бохирын шугамаас олж байсан. Мөн Ногоон зооринд амьдардаг ах, дүү хоёр голд хөлдөж үхсэн байдалтай олдсон. Тэгэхээр энэ бүхэнд ар, гэрийн хараа хяналт маш чухал.
Б.Батчимэг
URL: