“Туушин”-гийн өмнө зогсох хориотой

10-30-5tМашины зогсоолгүй ч олон давхар барилга сүндэрлүүлсэн нийслэлд иргэд нь хохирсоор байна. Энэ тухай хөндөж, сониныхоо лхагва гаригийн дугаар бүрт авто зогсоолгүй барилгын талаар цуврал нийтлэл бэлдэж байгаа билээ. Энэ удаад зогсоолгүй ч олон давхар барилга сүндэрлүүлчихээд “Одоо яахав дээ. Ганцхан манайх биш” хэмээн хариуцлагагүй хариулах нэгэн компанийг онцоллоо. Уншигч та зургийг нь харахад андашгүй байх. Нийслэлийн төв цэгт “Туушин” компанийн төв оффис болон зочид буудал байрлах 25 давхар нүсэр том барилга бий.

Тус барилга өнгөрсөн дол­дугаар сард ашиглалтад орсон. Соёлын төв өргөөний арын зам дагуу байрлах 25 давхар цамхаг хоёр хаалгатай. Хурим, хүлээн авалт, олон улсын хурал цуглаан зэрэг хэдэн зуун хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах зориулалттай. Гэтэл ийм үед автомашин зөрөх зайгүй болтлоо өмнөх зам нь түгжирдэг. Энгийн үед ч үйлчлүүлэгчдийнх нь машиныг дүрэм зөрчсөн хэмээн ачиж оддог. Учир нь замын нэгдүгээр эгнээнд тулгаж, явган хүн явах төдий хагас алхам газар үлдээн тулж боссон барилга. Өнгө үзэмж, загвар дизайн сайхан ч үйлчлүүлэгчдийнхээ хамгийн гол асуудлыг гээж орхисноос болж иргэд машинаа өдөр бүр торгуулийн хашаа руу үддэг. Рестораны үүдэнд машинаа байрлуулчихаад хоолонд ороод гараад иртэл журмын хашаа руу аччихсан байхыг харах жолооч бүрт сайхан биш. Яалт ч үгүй машинаа тавих шаардлагатай үед хэрхэх вэ. Ийм асуултад хариулт өгөх боломжгүй хэмээх “Туушин”-ийнханд олон жолооч бухимдалтай байна. Зогсоолын талаар дорвитой хариулт хэлж чадахгүй, бусдыг хохироож буйгаа хүлээн зөвшөөрөх компанийн ажилтнууд байна. Харин зарим удирдлагууд нь машины зогсоолын талбайгаа хаа холын нийтийн эзэмшлийн талбайг өөрийнх болгон заах аж.

Ийн тайлбарлах оффисийн менежертэй уулзлаа. Тэрээр Соёлын төв өргөөний ард байрлах шинэ зогсоолыг  байгууллагадаа хуваалцах хүсэлтэй байна. 20 гаруй машин багтах хэсэгхэн талбайг зааж “Манай өмнө нийтийн том талбай байна. Соёлын төв өргөө, Төрийн ордон зэрэг бүхий л байгууллагынхан энд машинаа тавьдаг. Бид ч өөрсдийн боломжоор ашигладаг. Яахав байгууллагын хонгилд 10 орчим машины гарааж бий” гэлээ. Тэгэхээр энэ компани анхнаасаа машины зогсоол гаргах шаардлагагүй гэж үзэн бусад байгууллагатай барьцаж сууна. Уг нь нэг дор хэдэн зуун хүнийг хүлээн авах чадалтай асар том зочид буудал, оффисын байгууламж дор хаяж өөрийн эзэмш­лийн талбайд тодорхой хэмжээний талбай зайлшгүй гаргах ёстой. Ажил нь жигдрээд удаагүй байгаа болохоор хүний хөдөлгөөн бага гэнэ. Менежер залуу яриагаа үргэлжлүүлэн “Улаанбаатарт авто зогсоол барьчих газартай барилга байхгүй. Өнөөдөр бид шийдэж ча­дах асуудал биш. Тэгээд ч бид явган хүн, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байгаа” гэв.  Барилга байгууламж ба­рих тохиолдолд авто зогсоо­лын стандарт ямар байдаг талаар албаныхан нэгдсэн хариултад хүрч чаддаггүй. Цаашид шинэчлэх талаар хуулийн төсөл боловсруулж буйг зарим хүмүүс хэлдэг. Барилгаа сүндэрлүүлчихээд бусад­тай барьцах “Туушин”-гаас болж олон жолооч хохирсоор байх уу.

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих