“Номин” 10 саяар торгууллаа

new photo

Хамгийн шуурхай, шударга гэж өөрсдийгөө сурталчилдаг “Номин” супермаркет сүлжээ дэлгүүрүүдэд зөрчил илэрч буй талаар иргэдийн гомдол гардаг болоод удаж байна. Сүүлдээ иргэдийн гомдол улам нэмэгдсэнээр ШӨХТГ-т иргэд тэдний луйврыг илчлэх болсон билээ. Дэлгүүрийн үйлчлэгчид хэрэглэгчдээ хэрхэн луйвардаж байгааг хэрэглэгч нь илчилсэн талаар манай сонин сурвалжилсан. Мөн бусад салбарт нь хэрэглэгчид хэрхэн хохирч байгааг ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар олон нийтэд ил болсон юм. “Номин” хэрэглэгчийнхээ эрхийг зөрчсөнд холбогдох байгууллага ямар хариуцлага тооцож буйг эргэн сурвалжиллаа.

 

БУТАРХАЙ МӨНГӨӨР ХӨЛЖИХ БИЗНЕСЭЭ ЗОГСООСОНГҮЙ

“Номин”-гийн хороолол дахь салбар хэрэглэгчиддээ бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгаа зөрчил илэрч албаныхан үүнийг удирдлагуудад нь анхааруулсан ч тэд алдаагаа зассангүй. Улсын их дэлгүүр дэх “Номин” супермаркетад мөн л бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгааг хэрэглэгчид бидэнд мэдээлсэн. Яагаад бутархай мөнгийг хүмүүст хариулж өгөхгүй байгааг тус салбарын зохион байгуулагчаас тодруулахад “Харилцдаг банкинд нэг, тавтын дэвсгэрт тасарсан. Монголбанкнаас бага хэмжээгээр нийлүүлж байгаа гэсэн” хэмээн товчхон хариуллаа.

 

“ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛБАЛ ИНЭЭЖ СУР”

Өмнөд хөршөөс гаралтай энэ зүйр үгийг үйлчлүүлэгч, хэрэглэгчид “Номин”-гийн худалдагч, зохион байгуулагчдад хандан хэлснийг дашрамд дайж байна. “Номин” супермаркетийн үйлчлэгч, зохион байгуулагчид лангуу болоод кассынхаа үнийг зөрүүтэй мэдээлснээс хохирогч нь хэрэглэгч болох нь олон байна. Яагаад гэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ кассанд зөрснөөс болж хэрэглэгч сонголтоосоо татгалзахад худалдагч нар “Кассанд уншуулсан бол барааг буцаах боломжгүй. Тооцоогоо заавал хий” гэж шахаж, тулгадгийг хэрэглэгчид хэлж байлаа. Нөгөө дэлгүүр ажиллуулж буй хүн харилцагч нартаа  эелдэг харилцдаг үйлчилгээ энд алга. Тус дэлгүүрийн лангууны үнэ кассанд зөрж, бутархай мөнгөний хариултыг хэрэглэгчдэд өгөхгүй байгаа гэх үндэслэлээр ШӨХТГ-аас “Номинг тав” трейдийг 10 сая төгрөгөөр торгожээ.

Э.СОЛОНГО

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих