Бизнесийн салбарыг хөгжүүлэхэд харилцан мэдээлэл солилцох нь чухал гэлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон нар Улсын Их Хурлын даргын урилгаар манай оронд айлчилж байгаа Казахстаны парламентын гишүүн, Казахстан-Монголын найрамдлын бүлгийн дарга Шавхат Анесович Утемисов тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзаж санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга А.Тлейхан, төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлээд, энэ удаагийн уулзалт хоёр орны хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхэд түлхэц өгөх зорилготойг тэмдэглэв.
Тэрээр цааш нь, хоёр улс аль аль нь газрын дор ихээхэн баялагтай орон. Иймээс бидэнд Казахстаны хариуцлагатай уул уурхайн хөгжил болон байгаль орчноо хэрхэн хамгаалж байгаа талаар суралцах зүйл их байгаа. Түүнчлэн хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, хоёр улсад хамтран ажиллах ашиг сонирхол аль алинд нь бий. Өнөөдөр та бүхнийг Улсын Их Хурлын даргатай уулзах үеэр хамтын ажиллагааны гол гол чиглэлүүд гарлаа.
Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд зогсонги байдалтай явж ирснийг сэргээх, идэвхжүүлэхэд парламентын бүлгүүд анхаарч ажиллах нь чухал. Баян-Өлгий аймагт хамгийн ойр байгаа районоос нефть авах асуудлыг шийдвэрлэх, мөн хоёр улсын аль нэг талд бизнес форум зохион байгуулах гээд бидэнд хийх ажил олон байна гэлээ.
Казахстаны парламентын гишүүн, Казахстан-Монголын найрамдлын бүлгийн дарга Шавхат Анесович Утемисов, төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, хоёр тал аль ч салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг хэллээ.
Мөн тэрээр, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа сул байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаад, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байгааг тодотгосон юм.
Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойн дээр бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэйг тэрээр онцоллоо.
Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй эдийн засгийн бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит сонирхол байгаагийн зэрэгцээ, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд харилцан, мэдээлэл солилцох нь чухал болохыг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: