МАН-ын гишүүд АТГ болон АН-тай “хамжиж” даргаа сонгоно
МАН-ын удаан хүсэн хүлээсэн 27 дугаар Их хурал эхэлсэн ч дуусах болоогүй. Салбар хуралдаанууд үргэлжиж, намын удирдлагуудын асуудал дуншиж байна. Хурлын ерөнхий уур амьсгалаас үзэхэд дарга болох чадамжтай хүн цөөхөн, харин сонирхолтой хүн олон байгаа гэлцэнэ.
Н.Энхболд, М.Энхболд, Т.Аюурсайхан гээд л танил бас танил бус нэрнүүд дуулдаж буй, намын даргад. Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат гээд залуучууд голдуу нэр дэвшиж өрсөлдөөн ч чамгүй өрнөж байгаа.
Намын даргад С.Баяр, Н.Багабанди нар ч далд байдлаар нэрээ дэвшүүлээд авсан гэнэ лээ. У.Хүрэлсүх ч гэсэн зүгээр суугаагүйг “Шинэчлэлийн хороо”-ны залуус болон түүнд ойрхон ажиллаж, шадар туслахыг нь хийж байсан Д.Амарбаясгалан хэвлэлээр ярьж олны сонорт хүргээд амжсан.
Хэрэв, МАН анхан шатаа сонсдогсон бол эгэл жирийн гишүүд нь арай өөр байр сууриас хандаж байгаа сурагтай. Тэд Ө.Энхтүвшинд итгэл үзүүлье, одоо байгаа хэдэн хүн дотроо тэр л арай нуруутай, дөнгүүр нь гэсэн байна. Тэгвэл, Ш.Сайхансамбууг нэрлэх хүн ч цөөнгүй байсныг хэлэх хүн байна. Хөдөө орон нутаг дахь гишүүдийн дийлэнх нь хоёр нам нэгдэх ёстой гэцгээжээ. Түүгээр ч барахгүй намын даргаар Н.Энхбаярыг сонговол өнөөгийн ялагдаж цөөнх болсон хүнд үед намаа сэргээгээд аваад явчих чадалтай, тэгээд ч Монголын улс төрд байтугай дэлхийд танигдсан лидер шүү дээ гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж рейтингээ харуулаад амжсан Б.Бат-Эрдэнийг намын дарга болгоё гэх хүн ч чамгүй хувийг эзэлсэн дуулдана. Зарим нь “Хүн олдохгүй бол Ц.Нямдоржийг тавьчих“ хэмээн бусдынхаа уурыг хүргэж цаашлуулсан гэнэ.
С.Баярын үеэс анхан шатаа сонсохоо байсан МАН олонхийн саналыг тэр бүр авч үзэхгүй нь ойлгомжтой. Харин дотроо намын дарга, генсекийн төлөөх “зодоон” даамжирч байгааг эх сурвалжууд ярьж байгаа юм. Тухайлбал, М.Энхболдыг АТГ шалгаж байна гэсэн “бор шувуу” нисгэсэн үү, үнэн бодитой юу гэдэг асуулт гарна. Магадгүй хэн нэг нь түүнийг АТГ-т өгсөн байхыг үгүйсгэхгүй. Эсвэл хотын газар, авлигын асуудалтай нэр холбогддогоос үнэхээр шалгаж байж ч бас мэдэх юм. Цаашилбал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нар байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хариуцлагагүй ажилласанд нь “ял” асуух ёстой хэмээн зарим фракц, бүлэглэлээс занганд оруулж байгаа сураг байна. Мөн Н.Энхболдыг бүлгийн даргаар ажиллахдаа хангалтгүй ажиллаж, намаа хүчгүйдүүлсэнд хариуцлага нэхэхийг сануулсан гэнэ.
Ийнхүү МАН намын дарга, генсек болох хүнээ өөрсдөө дангаараа биш өөр намынхан буюу АН-ын бүлэглэл, фракциудын оролцоо, хууль, хяналтын байгууллага, байтлаа АТГ-тай “хамжиж” сонгох нь гэсэн хошин яриа ч гараад амжжээ.
Б.Энхлэн
http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11764#sthash.hCEREvuy.dpuf
URL: