МАН-ын Их хурлаар гишүүд юу хэлэв?

7177ba1fd45146531e394a47dd00ee67_LМАН-ын 27 дугаар Их хурал өнөөдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр зарим төлөөлөгчидтэй уулзаж, МАН-ын даргын тавьсан улстөрийн илтгэл болон Их хурлаар хэлэлцэх асуудал, гарах үр дүнгийн талаар сэтгэгдлийг нь сонслоо.

 УИХ-ын дэд дарга М.Энхболд:

МАН-ын 27 дугаар их хурал намын түүхэн онцлог цаг үед болж байна. МАН бол Монгол Улсын хөгжлийн сүүлийн 90 жилд Засгийн эрхийг барьж, улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг өөд татах төрийн хүнд хүчир ажлын дор үйл ажиллагаагаа явуулж, намынхаа их хурлуудыг зохион байгуулж байсан бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Бид сүүлийн хэд хэдэн сонгуульд ялагдсан. Алдаа оноогоо энэ их хурлаасаа  цэгнэж, дүгнэж цаашид МАН өөрийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлэх, гол зорилгоо энэ хурлаас дэвшүүлэн тавих ёстой. Бид хэрхэн ард түмний нам болох вэ гэдэг зорилт, арга замыг энэ их хурлаас тогтоох ёстой. Их хурлаас намын үйл ажиллагаа эрчимжиж, манай намд итгэж байсан тэр итгэл улам бүр нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Р.Раш:

Намын дарга Ө.Энхтүвшиний тавьсан  илтгэл тун зэгсэн талдаа боллоо. Харин цаашдаа энэхүү илтгэлийн утга агуулга, чанар нь алдагдахгүй явах юм бол нам байх ёстой байран дээрээ ирэх байх гэж ойлгож байна. Хоёрдугаарт нь, Ө.Энхтүвшин дарга энэ илтгэлээ эртхэн шиг хэлчихгүй яав даа гэж бодож байна.  Шинээр сонгогдох намын даргын хувьд, мөн их хуралд оролцож буй мянга гаруй төлөөлөгч Ө.Энхтүвшин даргын ус багатай илтгэл шиг няхуур хандана байх гэдэгт найдаж  байна.

МАН-ын Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараагаас ажиллаж буй манай намын удирдлага бол тусгай үүрэг даалгавар гүйцэтгэсэн удирдлагын баг байлаа гэж хэлэхэд болно. Тухайлбал, нам парламентын сонгуульд ялагдсаны дараагаар орон нутгийн сонгуульд болон ерөнхийлөгчийн сонгуульд орлоо. Мөн УИХ дахь манай намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байдлыг эрх баригчдын зүгээс гаргаж, шат дараалсан бодлого явуулж, МАН-ыг сульдаасан ийм цаг үед нам сөрөн зогсож ажиллалаа. Тэмцээнээр бол байгаа бэлтгэлээрээ ойр ойрхон тэмцээнд орсон гэсэн үг. Бидэнд олсон ололт бий. Үр дүнгээр нь авч үзвэл, УИХ-ын сонгуульд 30 гаруй хувийн санал авсан бол орон нутгийн сонгуульд 40 хувийн санал авсан. Ерөнхийлөгчийн сонгуульд 41 хувийн санал авсан. Гэхдээ бидэнд алдсан зүйл бий. Ерөнхийдөө бидний гол зорилго бол ялагдлаас ялалтад хүрэх явдал байсан. Бүхэл дүнгээр нь авч үзвэл, санасан түвшинд хүрээгүй. Гэхдээ МАН энэ удаагийн Их хурлаараа алдаагаа нэгтгэж дүгнэж, шинэ эрч хүчээр босч өөдөө харж ажиллах болно.

МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар:

Их хурлын индэр дээрээс намын дарга Ө.Энхтүвшин маш няхуур, дүн шинжилгээтэй илтгэл тавьлаа. Бидний болохгүй байгаа асуудлыг ганц хоёр өнцгөөс нь биш, заримыг нь нууж далдалж айж хэлэхгүй өнгөрөх биш, харин бүгдийг нь илт тод хэллээ. Бид алдаагаа ил тод болгоод авсан цагт засч чадна гэсэн бодолтой байна. Ер нь намын даргын тавьсан улс төрийн илтгэл бүхий л зүг чигийг нь гаргасан гэхэд болно. Ялангуяа, Намын шинэ удирдлагыг сонгоно гэдэг бол намын бүрэн эрхийн асуудал, их хурлаар хэлэлцэж байж шийдэх асуудал ч шинээр томилох даргыг сонгох сонголтын зүг чигийг тавьж өгсөн гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Д.Сумьбазар:

МАН-ын 27 дугаар Их хурал бол түүхэн хурал. Намын даргын тавьсан улстөрийн илтгэл дээр ч голчлон анхаарах зүйлийг онцлоод хэлчихлээ. Энэ хурлаас МАН-д зарим нэгэн алдаатай, засч залруулах, жирийн гишүүд болон ард түмэн рүүгээ хандах, гүнд орж ажиллах олон олон шийдвэр их хурлаас гарах байх. МАН аливаа бэрхшээлтэй нүүр тулж, саадгүй давдаг улс төрийн ууган хүчин. Саад бэрхшээлээс зугтаадаг хүчин биш. Өнөөдрийн хийж байгаа 27 дугаар их хурлаас алсыг харсан бодлогын бичиг баримтууд гарна.

Б.Туул

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих