“Хулгайч” мобикомд хариу барьсан ШӨХТГ-т баярлалаа
Хүний халааснаас их, бага хэмжээний мөнгө хулгайлсан л бол хуулийн хүрээнд тохирсон хариуцлагаа хүлээдэг. Гэтэл “Мобиком” компани дараа төлбөрт хэрэглэгчдээсээ төлбөр дээр нь илүү мөнгө тооцож авдаг байсныг ШӨХТГ-аас шалгалт хийж илрүүлсэн. Энэ тухайгаа өнгөрсөн лхагва гарагт ШӨХТГ-аас олон нийтэд мэдээлсэн. Гэтэл уг мэдээллийн мөрөөр “Мобиком” компани өчигдөр зөрүүтэй, худал мэдэгдэл гаргаж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн юм. Тодруулбал, манай дараа төлбөр хэрэглэгчдийн хэрэглээг тооцдог систем дээр алдаа гарч, 1320 гэрээ бүхий хэрэглэгчдийн есдүгээр сарын төлбөр илүү тооцсон асуудал үүссэнийг бид дотоод хяналт, шалгалтын явцдаа илрүүлэн, алдааг 48 цагийн дотор 100 хувь засч ажилласан.
Дунджаар нэг хэрэглэгчийн төлбөр дээр 2338 төгрөг илүү нэхэмжлэгдсэн бөгөөд хэрэглэгч бүртэйгээ утсаар холбогдож, зохих залруулгыг хийж ажилласан. Түүнээс ШӨХТГ хяналт, шалгалт хийсэн юм байхгүй. ШӨХТГ өөрсдөө шалгалт хийж, зөрчил илрүүлсэн, залруулах үүрэг өгсөн мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн нь Мобикомын корпорацийн хувьд гэнэтийн мэдээ байна гэж тайлбар гарсан. Үүнээс үзэхэд, дураараа дургиж байсан “Мобиком” компанид“гэнэтийн бэлэг” боллоо гэсэн утгатай мэдэгдэл шиг зүйл гаргаж, хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр цацаж эхэлсэн. Тиймээс “Мобиком” компанийн уг увайгүй үйлдэлд ШӨХТГ дор нь хариуг нь барьсан байна.
Тодруулбал,“Мобиком” корпораци ХХК хэрэглэгчдийг хохироож хууль зөрчсөн тул 10 сая төгрөгөөр, мөн Мобиком корпораци ХХК-ийн захирал Дэвид Холлидэйг улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүйгээс гадна худал мэдээлэл цацаж, иргэдийг төөрөлдүүлсэн гэдэг үндэслэлээр 960 мянган төгрөгөөр тус тус торгожээ. Энэ нь Монголдоо монопол болсон “Мобиком” компанид “гижгийг нь хүргэх” төдий торгууль байж болох ч хуулийн дагуу бага ч гэсэн хариуцлага гэж зүйл байдгыг сануулсан хэрэг боллоо. Үнэн хэрэг дээрээ “Мобиком” компани 1320 хэрэглэгчдийн төлбөр илүү тооцсон гэж байгаа ч сэтгүүлч миний ойр дотны дараа төлбөрт бараг бүх хэрэглэгчдэд “таны есдүгээр сарын төлбөр 1500 төгрөг илүү нэхэмжлэгдсэнийг давхар хяналтын шатанд илрүүлэн залруулж байна. Зөрүүг дараа сараас залруулна” гэсэн мэссеж ирүүлсэн байх юм.
Уг үйлдэл нь хүний халааснаас мөнгө зөвшөөрөлгүй авчаад сүүлд нь “өө мэдээгүй авчихлаа, дараа буцаагаад өгнө” гэж хэлж байгаагаас хол ялгаагүй байгаа юм. Тэгээд ч сар бүр дараа төлбөрт хэрэглэгч бүрээс 1500 төгрөг илүү авч байсан гэж бодвол “Мобиком” компани байгуулагдаад хэчнээн жил болж байгааг, хэчнээн хэрэглэгчтэйг бодоод үзвэл 10 сая төгрөгөөр торгоод өнгөрч байгаа нь хариуцлагийн асуудал гэж хэлэхэд ч хэн хүний “хөх инээдийг хүргэх” асуудал байж болох. Гэхдээ иргэдийн халааснаас мөнгө хумсалдаг “Мобиком” компанид бага ч гэсэн хариуцлага хүлээлгэсэн ШӨХТГ-т баярлалаа.
http://www.mminfo.mn/content/51082.shtml?alias=opinion
URL: