Д.Отгонбаяр: “Хурд”-ын 20 жилийг кино болгоно
“Хурд” хамтлаг монголын рок попын ертөнцөд хөл тавьснаас хойш 20 жил болж байгаа билээ. Тиймээс ч тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярыг “Зогс нэг агшин” буландаа урилаа.
-“Хурд” хамтлаг ойн баярын тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бид 1993 оноос өнөөг хүртэл тасраагүй уран бүтээлээ хийж байна. Хамтлагийн 20 жилийн ойгоо тэмдэглэх гээд ойрын үед тун завгүй байна. Ирэх сарын 29,30 “УБ палас”-ын их танхимд гала тоглолтоо хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Бид энэ ойн тоглолтод бүтэн 20 жилийн турш бэлтгэж ирсэн гэхэд болно. Ойн хүрээнд их олон ажил хийгдэж байна.
-Саяхан Хөх хотод том тоглолт хийгээд ирсэн гэсэн үү. Арай ойн тоглолтоо тэнд хийчихсэн юм биш биз?
-Үгүй ээ. Ойн тоглолтынхоо наана Хөх хотод саяхан шинээр байгуулагдсан 8000 хүний суудалтай соёл урлаг, спортын ордонд элэг нэгтнүүддээ тоглоод ирсэн. Тоглолтыг нийт 6000 гаруй хүн цуглаж үзсэн. Сэтгэл хөдөлгөсөн том хэмжээний сайхан тоглолт болсон.
-Ойн хүрээнд “Хурд” гэдэг гитар гарч байгаа гэсэн. Тэр талаар сонирхуулаач?
-Тийм ээ. Ойн хүрээнд зөвхөн нэг тоглолт хийгээд өнгөрөх биш “Хурд” хамтлаг ямар уран бүтээл энэ хугацаанд гаргасан, хүмүүст үлдэх юу хийж байна гэдэг нь чухал шүү дээ. Тиймээс бид ойдоо зориулж “Хурд” гэсэн акустек гитар хийж байгаа. Түүнчлэн баримтат кино мөн ном туурвиж байна.Ер нь монголын рок попын түүхэнд өөрсдийнхөө түүхээр ном гаргасан уран бүтээлч байдаггүй гэсэн. Эх бэлтгэл нь дуусч байгаа.
Мөн “Хурд” нэртэй малгай, хантааз, банзан гитар, гинж зүүлт зэрэг олон зүйл үйлдвэрлэгдэж байгаа. “Хурд” хамтлагийн гаргасан цомгуудаар “Голд-12” гэсэн нэртэй бэст цомгийн цуглуулгыг гаргасан. Энэ бол монголын түүхэнд анх удаа хийгдэж байгаа ажил гэж хэлж болно.
-20 жилийн ойдоо зориулж хэд хэдэн шинэ дуу гаргана гэж байсан. Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?
-Хамгийн сүүлд “Сануулсаар байтал” гэсэн цоо шинэ дуу гаргаад, клипийг нь цацсан байгаа. Түүнчлэн бид 20 жилийн ойдоо зориулсан шинэ цомог гаргаж байгаа. Одоо бичлэг нь дуусаад, тохиргоо хийж байна. Тун удахгүй дуусна.
-Тоглолтын сонин сайхан, үзэгч фэнүүддээ барих гэнэтийн бэлгүүд байгаа юу?
-Гэнэтийн бэлэг байгаа. Гэхдээ задлах арай болоогүй байна. Ер нь 20 жил болсон хамтлаг 16 том тоглолт хийнэ гэдэг их хөдөлмөр шүү. Тиймээс нэг цаг минутад ч тайзнаасаа холдолгүй хамтдаа зүтгэсэн хамтлаг яаж тоглолт хийдгийг ирэх сард үзүүлнэ. Энэ он жилүүдэд хамт байсан шүтэн бишрэгчиддээ баярлалаа гэж хэлье.
Ж.Өөдлөн
URL: