Таван өрөө байраа өгчих, зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаад өгье

IMG_0725[1]Бусдын хөрөнгөнд гар дүрж, түүгээрээ баяжигсадын тоо нэмэгдэж байна. Хэн нэгэнд зээл гаргаж өгнө, түүнийхээ оронд байр авна, дуусаагүй барилгыг гүйцээх нэрийдлээр хүний эд хөрөнгийг  өөрийн болгодог “ сонгодог” залилангийн хэрэг гарсаар байна. Хууль хяналтынхан энэ гэмт хэргийг ерөнхийд нь орхигдуулах, иргэн хоорондын эд хөрөнгийн маргаан гэж үздэг ч  үүний цаана олон хохирогч бий болсоор. Сүүлийн үед залилангийн гэмт хэрэгт холбогдогсодын ихэнх нь эмэгтэйчүүд болсон гэдгийг хууль хяналтынхан  онцолдог. Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд  энэ хэрэгт гаршиж буй судалгаа бий.Хэдэн жилийн өмнө виз гаргаж өгнө, гадаадад сургана гэсэн залилангийн гэмт хэрэг ихээр гардаг  байсан бол өнөөдөр  зээл бүтээнэ, хөрөнгө оруулалт хийнэ гэсэн том “малгайтай” залилангийн хэргийг зохион байгуулалтайгаар үйлдэж байна. Энэ талаар баримт түшиглэн бичье.

Сэндэнхүүгийн Билэгт гэж хэн бэ

Орхон аймагт банкны ажилтнаар ажиллаж байсан энэ эмэгтэй   одоо “ Ноёд” констракшнызахирлаар ажилладаг. Банкинд ажиллаж байхдаа банкнаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр ажлаасаа халагджээ. Тэрээр ажлаасаа гарсны дараахан Д.Наранхишигттэй хамтран “ Ноёд” констракшныг өөрийн болгож авсан түүхтэй.С.Билэгт хэрхэн компанийн захирал болж, хүний хөрөнгөнд эзэн суусан талаар энд дурдъя.  2012 онд “ Ноёд” группын барилга болох “ Sky tower”орон сууцнаас таван өрөөг С.Билэгт өөрийн хүү Б.Шагдарсүрэнгийнхээ нэр дээр  худалдаж авахаар тохиролцжээ. Ингэхдээ орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг хийсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө хийхгүй багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Түүнийг үлдэгдэл төлбөрөө яаралтай хийхийг “ Ноёд”  компанийн гүйцэтгэх захирал  Д.Батжаргалудаа дараа шаардсан  боловч тэрээр янз бүрийн шалтаг хэлсээр  байсан аж. Мөнгөө төлөхгүй нэлээд удаан хүлээлгэсний эцэст тэрээр  нэг өдөр өөрөө залгаж,“  та бүхэн надад байрны гэрчилгээ гаргаад өгчих. Би банкнаас зээл аваад байрныхаа мөнгийг төлье” гэжээ.  С.Билэгтийн араасявж багагүй цаг хугацаа алдсан компанийнхан түүний хэлсэн ёсоор байрны гэрчилгээг түүний хүүгийнх нь нэр дээр гаргаж өгчээ. Байрны гэрчилгээгээ өөрийн болгосон тэрээр дахиад л сураггүй болчихов. Нөгөө алдсан хүн нэг тамтай, авсан хүн арван тамтай гэдгийн адилаар С.Билэгтийн араас хөөцөлддөг ажил компанийнханд нэмэгдсэн байна.Хэсэг хугацаа өнгөрсний дараа С.Билэгт  тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал руу утасдаж, танай компанийн хөрөнгө оруулагч нартай биечлэн уулзаж танилцмаар байна, байрны мөнгөө ч төлье гэжээ. Түүний энэ гуйлтыг Д.Батжаргал ерөнхий захирал Г.Буяндоржид уламжилсан байна. Ингээд С.Билэгт Д.Батжаргалаар дамжуулан Г.Буяндоржтой танилцсан аж. Тэдний уулзалт  ажил хэргийнх болжээ.Тус уулзалтыг анх санаачилсан С.Билэгт нэг хүнийг дагуулан иржээ. Энэ нь түүний хамтрагч Д.Наранхишигт гэгч байв. Түүнийг “ Хөгжлийн алдар” төрийн бус байгууллагын төслийн  удирдагч. Бид хоёр танай компанид зургаан тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэйгээр гаргаж өгч чадна. Харин оронд нь танай компаниас авсан таван өрөө байраа авмаар байна гэсэн саналыг хэлжээ.Түүний хэлсэн энэ саналыг  компанийн ерөнхий захирал Г.Буяндорж хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцсон байна. Ингээд л зээл авах,  өгөх хоёрталын компанийнхан өдөр бүр мэйл бичилцэж гэрээний талаар санал солилцдог болов. Хэсэг хугацаа өнгөрсний дараа С. Билэгт

компанийн захирал Г.Буяндорж руу утасдаж зээл бүтчихлээ,гэхдээ барьцаа хөрөнгө хэрэгтэй.  Тиймээс эхний ээлжид “ Ноёд” констракшн компаниа миний дээр шилжүүлчих. Яагаад гэвэл зээл зөвхөн миний  нэр дээр гарна”  гэжээ. Барилгаа хурдан дуусгах, ашиглалтад оруулах нь  компанийнхны хувьд чухал байсан учраас Г.Буяндорж шууд л зөвшөөрсөнхариу өгчээ.(“ Ноёд” констракшн нь “ Ноёд” группын охин компани). Ингээд тус компаниа С.Билэгтийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байна. Түүний нэр дээр компани шилжүүлэх асуудал ч бэлэн болов. Ингээд түүнд хэлэхэд  “ Ноёд” констракшны барьцаа  хөрөнгө хүрэхгүй юм байна, нэмж  барьцаа  хэрэгтэй гэжээ. Нэгэнт  компаниа түүний нэр дээр болгохоор  шийдвэр гарсан учраас  өөр охин  компаниудаасаахөрөнгө татаж,зээлээ бүтээх нь оновчтой  гэдэг дээр компанийн удирдлагууд санал нийлсэн байна. Тиймээс тус  группын  охин компани болох “ Сэлэнгэ ноёд”-оос хөрөнгө татах ажил явагджээ. Барьцаа хөрөнгө бэлэн болсны дараа “ Ноёд” констракшнаа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалд бэлэглэлийн гэрээний журмаар түүний нэр дээр шилжүүлсэн байна.Ингээд Д.Батжаргалаас С.Билэгтэд 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр“Ноёд” констракшн компани шилжжээ. Компаниа ийнхүү яаравчлан С.Билэгтийн нэр дээр шилжүүлэх болсон нь нөгөө л зургаан тэрбум төгрөгийн зээлээ хурдан гаргуулж, барилгын ажлаа дуусгах гэсэн хэрэг аж. Энэ өдрөөс эхэлж С.Билэгт компанийн захирлаар томилогдсон байна.

Д.Наранхишигт  гадаадад оргон гарч, С.Билэгт “улайрсан” нь

“ Ноёд” констракшн С.Билэгтийн нэр дээр шилжсэний дараа зээлийн асуудал ерөнхийдөө бүрхэг болсон байна.  Зээл яагаад гарахгүй, хугацаа алдаад  байгааг асуухаар удахгүй гарна гэсэн хариулт өгдөг болов. Зээлийн урьдчилгаа авсан Д.Наранхишигтийн сураг ч алдарсан байна. Зээлийн урьдчилгаанд  Г.Буяндорж  Д.Наранхишигтэд 65 мянган доллар бэлнээр өгчээ. Энэ мөнгийг тэрээр өөрийн төрсөн дүүгийнхээ данснаас гаргуулжээ. Д.Наранхишигт яагаад холбоо барихгүй, алга болоод байгааг С.Билэгтээс асуухаар  Хишгээ ах Киев рүү явсан, эхнэрийнх нь бие муудсан гэж байснаа, сүүлдээ хүн хутгалсан хэрэгтээ  цагдаад байцаагдаж байгаа юм байна гэжээ. Хэрэг бишдэж залилангийн шинжтэй болсон учраас Г.Буяндорж Сэлэнгэ аймгийн шүүхэд хандаж өргөдөл гаргажээ. “ Ноёд” констракшны захирлаар ажилллаж байгаа С.Билэгт нь энэ компанийн захирал биш гэдгийг нотолж өгнө үү” гэжээ. Харин энэ хугацаанд С.Билэгт тус компанийн өмчлөлд байсан барилгуудыг өөрийн болгохоор улайрч эхэлсэн байна. 2012 онд “ Ноёд” констракшн нь “Сэлэнгэ- 888” бизнесийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан бөгөөд  барилгын газрыг  650 мянган ам. доллараар худалдан авчээ. Авсан газар дээрээ  16 давхар барилга эхлүүлснээс 10 давхар  хүртэл  ерөнхийд нь дуусгаад байсан аж. Тус барилгынхаа А,В, С, Д блокуудыг гүйцэтгэл гэхэд л нэг тэрбум төгрөг зарцуулжээ.Өөрөөр хэлбэл, Г.Буяндоржийн хийж гүйцэтгэж байсан барилгын ажил дуусахад ердөө хорин хувь үлдсэн байсан  гэсэн үг. Харин энэ бүхнийг  С.Билэгт овжиноор ашиглаж зээл нэрийдлээр түүний хувийн өмчид хууль бусаар бага багаар халдаж эхэлсээр байв.Түүний энэхүү  үйлдлийг даруй зогсоох шийдвэрийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны Сэлэнгэ аймгийн шүүхээс гаргасан ч С.Билэгт шүүхийн шийдвэрийг ч тоосонгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч хийлгэсэнгүй. Түүнд шүүхийн шийдвэрийг үл тоох ямар нэгэн  шалтгаан байсан байна. Учир нь түүнийг хууль бус үйлдлийг даруй зогсоох бүрэн эрхтэй шүүх, гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэх ёстой албан тушаалтнууд түүний энэ үйлдлийн хаазайлаад байсан нь түүнийг дараа дараагийн залилангийн гэмт хэрэг үйлдэх хаалгыг нээж өгчээ.

Г.Буяндорж оо,  одоо хоёулаа эвлэрье

Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсээгүй С.Билэгт нэг л өдөр Г.Буяндоржтой эвлэрэх хүсэлт илгээжээ. Ингэхдээ тэрээр “ За эгч нь чиний компанийг буцааж өгье. Харин ингэхдээ танай компанид бага сага хөрөнгө оруулалт хийсэн. Түүнийгээ гаргуулж авъя. Тиймээс хоёулаа хөрөнгө оруулалтын гэрээ хийе” гэжээ. Түүний энэ саналыг  Г.Буяндорж хүлээн аваад, өргөдлөө татаж түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулж буйгаа хэлж, албан ёсоор шүүхэд гаргажээ. Шүүх ч тэдний хүсэлтийн дагуу асуудлыг шийдсэн  байна. Нэг сарын хугацаанд эвлэрлийн гэрээ үйлчилж хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх ёстой байсан ч С.Билэгт мөн л алга болсон байна. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сард Г.Буяндорж С.Билэгтийн оршин суугаа хаягийн дагуу Баянгол дүүргийн цагдаад хандаж өргөдөл өгчээ.Өргөдөлдөө, С.Билэгт, Д.Наранхишигт нар нь банкны зээл гаргаж өгнө,  барилгын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгө залилан авсан тул үүнийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гэжээ.Түүний өргөдлийн дагуу С.Билэгтэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Г.Буяндоржийн өргөдөл өгөхтэй зэрэгцээд С.Билэгтэд залилуулж мөнгөө алдсан  хэсэг иргэд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөн ханджээ. Түүнтэй  холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2013 оны дөрөвдүгээр сард болсон  ч түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шийдвэр гараагүй  байна. Нөхцөл байдал тодорхойгүй болсон энэ үед С.Билэгтэд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас гэнэт татаж шалгахаар болжээ.  Ямар учраас Нийслэлийн прокуророос хэргийг татах болов, С.Билэгттэй хамтарч залилангийн хэрэг үйлдсэн Д.Наранхишигт хаашаа алга болов гээд  олон тодорхойгүй  асуудлууд гарч ирсэн байна. Түүний үйлдсэн хэргийг  бүдгэрүүлэх, цаг хугацаа хожих гэсэн байдал явагдаж эхэлсэн нь  цаагуураа хууль хяналтынхан оролцоодбайна гэсэн хардлагыг хохирогчдод төрүүлжээ. Учир нь С.Билэгтэд компаниа булаалгажэд хөрөнгөө алдаж хохироод байсан Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгэв. Өөрөөр хэлбэл, хохирогч нь гэмт хэрэгтэн болж хувирсан гэсэн үг. Түүнд С.Билэгтийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэсэн зүйл ангиар  эрүүгээр хэрэг үүсгэсэн байна. Хууль хяналтынхны энэ шийдвэрийг Г.Буяндорж эсэргүүцсэн  ч үр дүн гарсангүй.  Ингээд тэрээр “Ноёд” констракшнийг анх үүсгэн байгуулагч Г.Дамдиндоржид хандсан байна. “ Таны үүсгэн байгуулсан компанийг бусдад алдчихлаа, шүүхийн өмнө энэ компанийг үүсгэн байгуулсан гэдгийг нотлоод өгөөч гэжээ.( Г.Дамдиндорж нь Г.Буяндоржийн төрсөн ах нь ). Ингээд Г.Дамдиндорж Сэлэнгэ аймгийн шүүхэд хандаж үүсгэн байгуулсан компаниа өөрийн болохыг баримтаар нотолсон байна. 2013 оны тавдугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэрээр “ Ноёд” констракшнийн үүсгэн байгуулагч, хууль ёсны өмчлөгч Г.Дамдиндорж гэдгийг тогтоожээ. Ингээд бусдын үүсгэн байгуулсан компанийг хууль бусаар эзэмшиж байсан С.Билэгтийг компанийн эрхийг буцаан өгөх, эд хөрөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардсан байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэхээр  очих үед С.Билэгт компанийг өгөхгүй, шийдвэр биелүүлэхгүй гэжтатгалзжээ. Тиймээс шүүхийн шийдвэрийнхэн “Сэлэнгэ- 888” орон сууцны барилгыг битүүмжилж, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хурааж авсан байна.

С.Билэгт гэрчилгээ хулгайлж, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд хадгалуулсан нь

“Сэлэнгэ- 888” орон сууцны барилга битүүмжлэгдсэний дараа С.Билэгт компанийн тамга тэмдэг гэрчилгээг өөрийн мэдэлд авахын тулд янз бүрийн арга хэрэглэсээр байв. 2013 оны зургадугаар сарын 17-ны өдөр Г.Буяндоржийн өмгөөлөгчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  дуудсан байна. Ингэхдээ та хүмүүсээ дагуулаад ир. С.Билэгт танай компанийг эргүүлж өгөхөөр болсон гэжээ. Хоёр талын компанийнхныг дуудсан шийдвэр гүйцэтгэх албаныхан тэдэнтэй ээлж дараалан уулзжээ. Энэ үед   ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Лхасүрэн Г.Буяндоржийн өмгөөлөгчид “Ноёд” констракшны тамга, гэрчилгээ өгөх боломжгүй. “Дээрээс” даргын шийдвэр ирсэн гэсэн байна.  Хэн гэдэг дарга ямар учраас компанийн тамга, гэрчилгээ өгөхгүй байгааг  тодруулахад, мэдэхгүй гэжээ.  Хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд ийнхүү  С.Билэгтэд илт үйлчилж эхлэв. Түүнд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой материалыг үзүүлж харуулж багагүй цаг хугацаа ч авав. Хэсэг хугацааны дараа С.Билэгт ч өрөөнөөс  гарч, зөрөөд Г.Буяндоржийн өмгөөлөгч орсон байна. Ингээд компанийн тамга, гэрчилгээгээ авъя, компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна, цаана нь иргэд хохирч байгааг дуулгажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Лхасүрэн өмгөөлөгчийн яриаг сонсч байснаа тамга гэрчилгээ өгөхгүй, гэхдээ гэрчилгээг нь аваад ир гэж шийдвэр гүйцэтгэгч Урангоодоо хэлсэн байна. Харин энэ үед Урангоо гэрчилгээ байхгүй танд байгаа гэжээ. Ингээд л компанийн гэрчилгээ гэнэт

алга болсныг мэдэж камерын бичлэг шүүж үзэцгээсэн байна. Камерын бичлэгт бичигдснээр С.Билэгт компанийн гэрчилгээг хулгайлж аваад өөрийн туслах залуугийн цүнхэнд хийжээ. Бүхэл бүтэн хуулийн байгууллагаас нь гэрчилгээ хулгайлдаг “ эр зоригтон” С.Билэгтээс өөр хүн байхгүй болов уу. Хүний халааснаас арван мянган төгрөг хулгайлсныхаа төлөө  долоон жилийн хорих ял авсан эмэгтэйн асуудлыг энд сөхөхөд илүүдэхгүй.  Шүүхийн шийдвэрийнхэн ч  бичлэгийг үзээд сандралдаж С.Билэгт рүү утсаар ярьсан байна. Энэ үед С.Билэгт хээв нэг утсаа аваад би гэрчилгээг авсан, одоо Хууль зүйн яаман дээр явж байна гэж хэлээд утсаа тасалчихжээ.  Ийн хэлээд тэрээр   Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай уулзсан байдаг. С.Билэгт “миний компанийн гэрчилгээг Г.Буяндорж гэгч нөхөр булааж авах гээд байна, та энэ гэрчилгээг хадгалж өгөөч” гэж гуйжээ. Хууль зүйн дэд сайд С.Билэгтийн хулгайлсан гэрчилгээг хадгалж өгье гэж амлаад орой нь өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. “ Нэг ядарсан бизнесмэн эмэгтэй над дээр ирлээ. Г.Буяндорж гэдэг хүн хууль шүүхийнхнийг худалдаж авсан байна гэнээ” гэжээ. Хуулийн байгууллагынхны ажлын уялдаа холбоо ямар төвшинд байгааг энэхүү үйл явц харуулж байгаа юм. Нөгөө талаар иргэн хоорондын эд хөрөнгөний маргааны асуудалд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян яагаад ийнхүү ач холбогдол өгч асуудлыг хурцдуулаад байсан нь яах аргагүй анхаарал татаж байна. Хууль сахиулах чиг үүрэгтэй, бодлого тодорхойлдог яамны дэд сайд хүн ийм хариуцлагагүй, хуулиа дорд үзсэн үйлдэл гаргаж буй нь энгийн иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах нь тодорхойгүй болов. Мөн гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан гэрчилгээг ажлынхаа өрөөнөөс алдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тушаалтнууд өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүй  байгааг юу гэж ойлгох вэ. Мөн С.Билэгтэд  компанийн гэрчилгээ хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албаны дарга Э.Батбаяр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байдаг аж. Гэтэл түүний энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байснаа арваад хоногийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ийм шүүх засаглал, ийм гүйцэтгэх ажиллагаа зөвхөн С.Билэгтийн төлөө үйлчлээд байсан  нь хэний ч анхаарлыг  татахаар…

“ Ноёд” констракшны хулгайлагдсан гэрчилгээний асуудал ингээд дуусахгүй. Хууль зүйн дэд сайдын  хадгалж байсан гэрчилгээ  ШШГЕГ хүргэгдэнэ. Уг гэрчилгээг тус газрын Хяналт,шалгалт дотоод аудитын  газрын дарга, хурандаа Г.Туулхүү хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хулгайлагдаад, дараа нь Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн сейфэнд хадгалагдаж байгаадШШГЕГ-т хүрсэн гэсэн үг. Ингээд тус газрын Хяналт, шалгалт дотоод аудитын дарга Г.Туулхүү гэрчилгээг хүлээн авсныхаа дараа буцааж С.Билэгтэд хүлээлгэн өгчээ. С.Билэгт гэрчилгээгээ дэд сайд Э.Эрдэнэжамъян болон ШШГЕГ-ын Хяналт, шалгалт дотоод аудитын газрын дарга, хурандаа Г.Туулхүү нарын тусламжтайгаар  авч чадсан болохоор  “Сэлэнгэ-888” барилгын 108 айлын орон сууцыг  иргэдэд маш хямд үнээр ( нэг квт.м-ийгнь нэг сая гурван зуун мянган төгрөгөөр үнэлж )худалдаж эхэлнэ. Иргэд  түүнээс “ Ноёд” констракшныг та худалдаж авсан юм уу гэж асуухаар “ Ноёд” констракшныг 540 сая төгрөгөөр худалдаж авсан, гэрчилгээ нь энэ гэж үзүүлдэг ажилтай болов. Уг нь “ Ноёд” констракшны үл хөдлөх хөрөнгө, ашиг орлого нь нийтдээ 13 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байдаг аж. Барилгын компанийн үйл ажиллагаа эрхэлдэг ямар ч бизнесмэн  540-хөн сая төгрөгөөр компаниа худалдсан гэдэгнь үнэнээс хол зөрнө. Энэ мөнгө  зах зээлийн үнээр тооцвол ердөө зургаан өрөө байранд хүрэлцэнэ. С.Билэгтийн амьдрал нэг жилийн хугацаанд эрс дээшилж  хүүдээ автомашин, ах дүү нартаа байр авч өгсөн байна.Ингэж байхдаа өмнө нь залилж авсан мөнгө төгрөгөө ч эздэд буцааж өгчээ. Түүнд залилуулсан гэх иргэдийн дунд  манай хуулийн салбарт   нөлөө бүхий албан тушаал хашдаг эрхмүүдийн   ах дүү хамаатан садан ч  багтсан баримт бий. Тиймээс эхний ээлжид тэдгээр иргэдийг дуудаж төлбөрийг нь төлжээ. “Мөнгө төгрөгөө өгөхгүй их удаалаа, уучлаарай” гэсэн  боловсон  зан гаргаж тэдэнд найр тавьсан  байна. Түүний энэ башир аргыг  хэрэгжүүлэхэд хууль хяналтынхны нөлөөлөл ч байв. Учир нь манай шүүх цагдаагийнхан нэг хэргийг шийдэх гэж  их цаг хугацаа алддаг нь нэг талаар иргэдийг залхаадаг аж. Тиймээс хэсэгтээ хохирч байсан иргэд үүнээс болж  ямар нэгэн хэл ам гаргахгүй өөр хоорондоо асуудлыг шийддэг.Зарим тохиолдолд хохирогч, залилагч хоёрын байр нь солигдсон явдаг тохиолдолд ч олон бий. Тухайлбал, С.Билэгт Д.Наранхишигт нарт холбогдох хэрэг одоогийн байдлаар нийт 17 удаагийн үйлдлээр нэр бүхий долоон иргэнээс 5.4 тэрбум төгрөгийн эд зүйлсийг залилсан байхад одоо хүртэл дээрх хоёр иргэнд хуулийн ямар нэгэн арга хэмжээ аваагүй л байна. Д.Наранхишигт нь одоо хүртэл ор сураггүй алга болж, С.Билэгт нь хямд үнэтэй байр худалдаж иргэдийг хохироож хууль бусаар ашиг олж байхад түүнд хэн хяналт тавих ёстой нь тодорхойгүй хэвээр. Тэдний хууль бус үйл ажиллагааг илчилсэн сэтгүүлчийг хүртэл шүүхэд өгчихөөд байгаа гэсэн. Өөрийн хууль бус үйлдлээ хаазайлахын тулд хэнийг ч “золигт” гаргахад бэлэн болсон С.Билэгт өнөөдөр Г.Буяндоржийг хорьж цагдуулахын тулд хууль цагдаагийнханд мөнгө өгсөн,  өөрийг нь залилсан мэтээр бусдад ойлгуулахыг хичээж явна. Хүний эд хөрөнгөнд эзэн суух  гэсэн атгаг санаатай, залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргахдаа  хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудыг ямар нэгэн нөхцөл байдлаар татан оролцуулж байгаа нь цаанаа эрх ашгийн зөрчилтэй гэдгийг давхар харуулж байна. Тиймээс түүнд одоо хүртэл эрүүгийн хэрэг  үүсгэхгүй,  шалгахгүй гадуур  байлгаж энгийн иргэдийн эд хөрөнгийг залилуулж хохироох нөхцөлийг бүрдүүлж байна.  Түүний үйлдсэн энэхүү  хэргийг хуулийнхан  хамгийн том залилангийн хэрэг  гэдгийг ч онцлоод буй. Тиймээс сэтгүүлчид Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс  энэ талаар асууж тодруулжээ. Сайд хэлэхдээ, “ Г.Буяндоржийг хэд хэдэн хэрэгт шалгаж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Харин энэ удаад бид хуулийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хорьсон” гэжээ.  Энэ бол бодит мэдээлэл. Мэдээлэл баримтад тулгуурладаг учраас үүнийг үгүйсгэх боломжгүй. Тэгэхээр өнөөдөр Г.Буяндорж гэмт хэрэгтэн мөн үү гэдэг асуулт гарч  байна. Болсон үйл явц, хэргийн бодит үнэнийг хөөгөөд үзэхээр байдал иймэрхүү. Тиймээс Г.Буяндоржтой холбогдох энэ хэргийн хувь заяа хаашаа эргэхийг хууль хяналтынхан мэдэж, С.Билэгт гэх энэ эмэгтэй хичнээн хүнийг хохироож хэдэн хүний амьдралаар тоглож байгааг цагдаагийнхнаас асуух л үлдлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих