Ц.Жаргалсайханы бие мууджээ

Өнгөрсөн зуны турш хэвлэл мэдээллийнхний халуун сэдвийн нэг бол Улсын нууц задруулсан гэх хэргээр ял шийтгүүлсэн Ц.Жаргалсайхны хэрэг байв. Түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 21-ны өдөр болж анхан шатны шүүхээс оноосон 17 жилийн хорих ялыг хэвээр баталсан юм. Эх  сурвалжийн мэдээллээр Ц.Жаргалсайхан өчигдөр биеийн байдал нь муудсаны улмаас Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвийн эмнэлэгт хэвтсэн байна. Түүний хэрэгт өмгөөлөл явуулж буй гавьяат хуульч Т.Жанцантай холбогдож биеийн байдлынх нь талаар тодруулахыг хүссэн боловч тодорхой хариулт өгсөнгүй. Гэр бүлийнхнийх нь өгч буй мэдээллээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Ц.Жаргалсайхан нэлээд найдлага тавьж байсан боловч  анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдсан тухай мэдээлэл түүнийг цочирдуулсан гэнэ. Энэ сарын 21-ны өдөр нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд болсон түүнд холбогдох шүүх хурлын шийдвэрийг өмгөөлөгч нар нь долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 28-ний өдөр авчээ. Хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах хүсэлт гаргах юм байна. Уг хэргийн талаар эргэн нэхвэл тэрбээр төрийн алба хашиж байхдаа Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын тагнуулын  байгууллагад шилжүүлсэн гэх үндэслэлээр  сэжигтнээр татагдаж Чингэлтэй дүүрэгт наймдугаар сарын сарын 19-ны өдөр шүүгдсэн . Уг шүүх хуралд Улсын яллагч Ё.Сагсай өмгөөлөгч С.Жанцан нар оролцож шүүх бүрэлдэхүүн 11.30 цагаас хаалттай хэлэлцэж эхэлсэн билээ. Түүнд анхан шатны шүүхээс эх орноосоо урвасан гадаадын тагнуулын байгууллагад нууц баримт дамжуулсан гэдгээр буруутгаж 17 жилийн хорих ял оноосон юм. Эл хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавьж байв. Шүүгдэгч Ц.Жаргалсайхан нь УИХ-ын даргын ОХУ руу хийсэн айлчлалтай холбоотой мэдээллийг цахим шуудангаар хойд хөрш рүү дамжуулсан гэх хэрэгт буруутган шалгуулсан байгаа. Эл хэрэгт Ц.Жаргалсайхантай хамт УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Б.Болор БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтан хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар холбогдон  шалгуулсан ч хяналтын шатанд  гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг  хаасан байна. Ингээд Тагнуулын ерөнхий газраас улсын нууц задруулсан гэх хэрэгт Ц.Жаргалсайханд 79.1-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг ялласан Эрүүгийн хуулийн 79.1-ыг тодруулбал “ Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын улс орон болон тусгай тагнуулын албанд дамжуулсан бол 16-25 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Би уг бичиг баримтыг улсын нууцтай холбоотой гэдгийг мэдэхгүй” гэсэн тайлбар өгч байв. Мөн дуулиан тарьсан уг хэргийг хянасан прокурор Ё.Сагсай” Улсын нууцтай холбоотой хэрэг учраас ямар ч мэдээлэл өгөхгүй. Уг хэрэгт Б.Болор, Г.Байгальмаа нарыг холбогдуулан шалгасан ч гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон” гэсэн мэдээллийг өгч байв. Тухайн үед уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд  бүтэн өдрийн турш  хаалттай  хэлэлцсэний эцэст  Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчлэн “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн гэдгээр гэм буруутай тооцож чанга дэглэмтэй хорих ангид 17 жилийн хорих ял оноосон юм. Түүнд оноосон ялыг тэрбээр  хилсдүүлсэн хэмээн үзэж нийслэлийн Шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн билээ.
Н.Түвшин


URL: