Кубын эрх баригчид давхар мөнгөний системийг халахаар шийджээ
Н.МӨНХЖИН
Аливаа улс орон ганцхан мөнгөн дэвсгэрттэй байдаг бол Кубад хоёр мөнгөн дэвсгэрт ашигладаг. Арал дээр 20 жилийн өмнөөс бий болсон, олон тэгш бус байдлын эх үүсвэр болсон давхар мөнгөн дэвсгэртийг үгүй болгох анхны арга хэмжээг эрх баригчид аваад байна. Рауль Кастрогийн Засгийн газар хоёр мөнгөн дэвсгэртийн системийг халж, нэгтгэхэд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ гэдгээ албан ёсоор зарлав. Гэхдээ тодорхой цаг хугацаа заасангүй.
ЗХУ задарч, Кубад үзүүлдэг тусламж дэмжлэг зогсон хүнд байдалд ороод байсан ид үед буюу 1994 онд Эрх чөлөөний арал дээр хоёр мөнгөн дэвсгэрт эргэлдэх болжээ. Тэр цагаас хойш куба иргэдийн ихэнх нь хамгийн бага цалин, тэтгэврээ авдаг, гол хэрэглээний бараа, хүнсээ худалдаж авдаг куба песо буюу CUP, шүдний оогоос авахуулаад импортын олон бараа, интернэт, аялал жуулчлалтай холбоотой олон үйлчилгээг төлдөг хөрвөх песо буюу “хүчтэй мөнгө” CUC гэсэн хоёр мөнгө хэрэглэгдэх болжээ. Нэг CUC нэг ам.доллартай тэнцдэг бол, нэг CUP 24 дахин бага ханштай.
Давхар мөнгийг халах бодлогын чанартай шийдвэрийг тоймч, шинжээчид янз бүрээр хэлж байгаа ч сайшааж буй нь дийлэнх байна. Питсбургийн их сургуулийн нэртэй эрдэмтэн, куба гаралтай Кармело Меса-Лаго “Энэ бол олон жилийн өмнөөс хүлээгдэж байсан зөв алхам. Давхар мөнгө нь Кубын нийгэмд хуваагдал, ялгарал бий болгож, гадуурхагдсан давхаргыг бий болгож байсан. Үнийг хөөрөгдөх, хуйвалдах явдлыг давхар мөнгө өөгшүүлсэн. Импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгоход ч мөнгөний давхар систем саад болж байсан” хэмээн ярилаа.
Хамгийн анхны арга хэмжээ болгож, куба иргэд куба песогоор санал болгож буй бараа бүтээгдэхүүнийг бэлэн хөрвөх песогоор, эсвэл хөрвөх песотой зээлийн картаар худалдан авах боломжтой болж байгаа аж. Гаваны дэглэм давхар мөнгийг халахаасаа өмнө бүтцийн шинэчлэл хийж, үндсэн хэрэгцээнд хүрэлцэхүйц цалин тавьж, үр бүтээлтэй эдийн засгийн систем бий болгож, авлигыг илүү сайн хянахгүй бол нэгдсэн мөнгөнд шилжсэний дүн гарахгүй хэмээн чөлөөт сэтгүүлч Мириам Лейва өгүүлэв.
Куба улс давхар мөнгөнд шилжсэнээр хөрвөх песотой, хөрвөх песогүй гэсэн шууд л хоёр давхаргыг бий болгосон юм. Аялал жуулчлалын салбарт ажилладаг иргэд, эсвэл “cuentapropistas” буюу жуулчдад хувиараа үйлчилж мөнгө олдог хүмүүс сард 600 куба песоний (22 евро) цалинтай эмчээс илүү цалин, орлоготой болсон байна. Давхар мөнгө анхнаасаа л ийнхүү тэгш бус байдлыг бий болгож өөгшүүлжээ. Үүнээс улбаатай олон шударга бус байдал бий болсон. Куба иргэд хүнсний наад захын хэрэглээ, тамхи, кофегоо куба песогоор авдаг. Зочид буудалд байрлах, зоогийн газар хооллох зэрэг “ахисан төвшний” ажил үйлчилгээ хөрвөх песогоор хийдэг тул эдгээр нь жирийн иргэдийн хувьд бараг биелшгүй мөрөөдөл болсон юм.
Арлын эрх баригчид давхар мөнгийг халах алхмыг үйлдвэр, компаниудаас эхлүүлэхийг эрмэлзэж байна. Дараа нь хувь хүн, иргэд рүү орох бодолтой байгаа аж. Рауль Кастро 2006 онд Засгийн эрхэнд гарч ирснийхээ дараа социалист эдийн засгийн загварыг шинэчилж, орчин үед хөл нийлүүлэх арга хэмжээ авахдаа давхар мөнгөний систем нь улс орны хөгжилд томоохон чөдөр тушаа болж буйг хүлээн зөвшөөрсөн билээ.
ЗУУЫНЫ МЭДЭЭ
URL: