Леди Гага: Намайг өөрийгөө шавхсан гэх хүмүүст горьдсоны гарз гэж хэлье
Стефани Жоан Анжелина Жерманотта 1986 оны гуравдугаар сарын 28-нд итали гаралтай гэр бүлийн ууган хүүхэд болон Нью-Йорк хотноо мэндэлжээ. Леди Гага гэх тайзны нэр авсан түүнд дэлхийн поп ертөнцийг байлдан дагуулахуйц бие хаа, царай зүс аль аль нь заяагаагүй. Шуудхан хэлэхэд түүнийг сайхан бүсгүй гэж хэн ч хэлэхгүй. Гэвч 2008 онд Ледигагаманиа буюу түүнийг шүтэн бишрэх солиорол дэлхий даяар эхэлсэн. “Poker Face”, “Telephone”, “Bad Romance”, “Paparazzi” гээд анхны цомгийн дуунуудаараа л тэрээр дэлхийд өөрийгөө тодоос тод таниулсан.
Дэндүү этгээд, өдөөн хатгасан, гоо зүй болон ёс зүйд нийцэхгүй, балиар, муухай гээд түүнийг элдвээр шүүмжлэгчид тайзан дээр хөл тавих цагаас нь эхлээд бишгүй байсан. Леди Гага шүүмжлэгчдийнхээ амыг “Сая сая үзэгч, сонсогчдод миний уран бүтээл таалагдаж байна. Тэгэхээр та нар надтай хамт тэднийг мөн доромжилж байгаагаа ойлгох хэрэгтэй” гэж тагласаар иржээ.
Тэр зүгээр нэг алиа салбадай биш аж. Уг нь би түүний зарим үйлдэлд дургүй. Гэвч модернистуудын уран зургаас авахуулаад Бертольд Брехтийн уран бүтээлийг шаггүй сайн мэддэгийг нь уншаад гайхширч, бүр хүндлэх болсноо нуух юун. Ингэхэд, эпик театрын онолыг үндэслэгч, Германы суут жүжгийн зохиолч Бертольд Брехтийн тухай гадныхныг гаднаас нь дуурайхдаа гаргууд манай рок-попын “оддын” хэд нь мэдэх бол.
Тайзан дээр үргэлж өмнөх дүр төрхөө эвдэн шинээр амилсаар ирсэн гандан бууршгүй Леди Гагагийн “Тime out”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Удаан хугацааны дараа тайзнаа дахин гарсанд баяр хүргэе. Үнэхээр гайхалтай тоглолт байлаа?
-Маш их баярлалаа. Тайзан дээр дахин хөл тавьсандаа хязгааргүй их баярлаж байна. Одоо л би эргээд би болж, мөрөн дээрээс дарж байсан том ачааг авч хаяж чадлаа. Хэдэн сарын турш фэнүүддээ бэлэг болгон сонсгох гэж хүссэн шинэ дуунуудаа толилуулж, тэд нарыгаа хэрхэн баярлаж буйг хараад сэтгэл маш их хөдөллөө.
-Та “Артпоп” нэртэй шинэ цомогт орсон шинэ дуунуудаа голчлон дууллаа. Энэ цомгийнхоо талаар сонирхуулахгүй юу?
-“Артпоп” бол замдаа элдэв зүйлсээр чимэглэгдсэн миний сэтгэхүйн өнөөг хүртэлх аялал юм даа. Намайг аз жаргалтай болгодог бүхний жагсаалт ч гэж хэлж болно. Мөн сүүлийн жилүүдэд өөрт тохиолдсон бүхнийг, надад нөлөөлсөн бүхнийг, толгойд минь орсон элдэв галзуу санаа бүхнийг бичиглэсэн тэмдэглэлийн дэвтэр гэж ойлгож ч болохоор.
“Артпоп”-ын тухай бэлгэдлийн хэлээр ярьвал би толины өмнө зогсоод хувцсаа тайлж нүүрний багаа хуулаад, “Одоо чи үүнгүйгээр ч гялалзсан хэвээр байж чадахаа нотол” гэсэн утга санаатай. Энэ цомгийг бүтээх нь маш их хүчин чармайлт шаардсан. Учир нь би өөрийн сэтгэлийнхээ гүн рүү өнгийх хэрэгтэй болсон юм.
-Гэхдээ таны сэтгэхүйн аялал дуусах яагаа ч үгүй байх?
-Тэгэлгүй яахав. Би үргэлж дүр төрхөө өөрчилж, элдэв янзын парик өмссөөр ирсэн. Ер нь байнгын өөрчлөлт миний хувь хүний ус агаар л гэсэн үг. Би хэзээ ч өнгөрсөн цаг үедээ нуугддаггүй, үргэлж ирээдүйг бүтээхийг эрмэлздэг. Би шинэ дүрд хувирахдаа өмнө нь бүтээж байсан дүрүүдээ хайрлалгүй устгадаг хүн л дээ. Ер нь би өөр хүний дотор орохдоо сайн юм шиг. Хамгийн сайн чаддаг юм маань л энэ бололтой.
-Дүр төрхөө өөрчлөх аргаар та элдэв хүнд асуудлаас зугтан өөрийгөө хамгаалдаг юм шиг санагддаг?
-Үгүй шүү. Харин ч энэ бол илүү хүчтэй болох арга маань. Би ямар нэг юмнаас нуугдах гэсэндээ ингэдэггүй. Супер бүсгүй, жигүүртэй эмэгтэй болох гэж л байнга өөрчлөгдөхийг хүсдэг. Жүжигчний хувьд би ямар ч дүрд хувирах чадвартай. Тэгээд ч надад өөрийгөө нуух ямар нэг асуудал байхгүй.
Би байгаараа л байгаа нь энэ. Аавын охин байсан түүгээрээ л үлдсэн гэж боддог. Гэхдээ ямар ч дива, шүтээн болж чадна. Та намайг юуны тухай ярьж байгааг ойлгосон гэж найдаж байна. Амьдрал уран бүтээл хоёр хоорондоо холилдож нэгэн дүр зураг гаргадаг гэж хэлэх гэсэн юм.
-Таны хувиралтууд элдэв туйл руу хэт тэмүүлсэн юм шиг санагддаг. Энэ нь сайн поп хөгжмийн гол шалгуур уу?
-Үнэнийг хэлэхэд поп хөгжим гэж яг юуг хэлэхийг би одоо хүртэл мэддэггүй юм.
-Гэхдээ та юм хэрээс хэтрэн хахаж цацах гэж юу болохыг мэдэх байх?
-Мэднэ ээ. Өөрийгөө дөвийлгөсөн, элбэг хангалуун, үрэлгэн амьдрал. Товчдоо бол баячуудын, алдартнуудын амьдрал… Гэхдээ энэ бүхнийг би поп соёлтой холбодоггүй. Нэр алдар бол өөр л дөө. Би бол алдартай хүн биш би уран бүтээлч хүн. Гэрэл зурагчид ямар нэг хүнийг нэр алдартай болохоор нь л зургийг нь дардаг. Намайг харин уран бүтээлч учраас зургийг минь дардаг гэж ойлгодог.
Уран бүтээлчид алдартнуудаас илүү гэж хэлэх гээгүй юм шүү. Би алдартнуудын ангиллын хүн биш гэдгээ л тодотгох гэсэн юм. Намайг тансаглалд дуртай гэж хүмүүс ойлгодог бололтой. Би тансаглал бус моод хөөдөг хүн шүү. Тэгээд ч хүмүүс миний тухай юу гэж бодно надад ер падгүй.
-Элбэг дэлбэг, тансаг байдал зөвхөн мөнгө, баялгийн асуудал бус, юу дуртайгаа хийх эрх чөлөө олгодог юм биш үү?
-Энэ тал дээр өөртэй чинь санал нэгтэй байна. Учир нь би мэдээ орох цагаасаа л уран бүтээлч болж, түүхийн өчүүхэн нэгэн хэсгийг боловч бүтээхийг зорьж ирсэн юм. Аз таарч миний уран бүтээл хүмүүст хүрч, би зорьсондоо хүрч яваа хүн.
-Та олон шүтэн бишрэгчтэй. Гэхдээ тэднээс дутахгүй олон хүн танд дургүй. Хүмүүсийн дургүйцэлтэй яаж тэмцдэг вэ?
-Олон уран бүтээлч бусдын үзэн ядалт, дургүйцлийн дунд амьдарч байсан, одоо ч, ирээдүйд ч ийм л байх болно. Жон Леннон, Энди Уорхол, Дэвид Боуи гээд зөндөө хүнийг нэрлэж болно доо. Поп-одын хувьд би тэмцэгч байж, ямар ч таагүй нөхцөл байдлыг эсэргүүцэх чадвартай байх ёстойг эрт ойлгосон.
Миний дуу, миний гадна төрх хүн бүрт таалагдах албагүй. Үүнд би тайван ханддаг. Харин үзэн ядалтаа ил гаргадаг хүмүүсийг би эмзэг, ганцаардмал, зожиг, уур бухимдлаар сэтгэлээ дүүргэсэн нөхөд гэж боддог. Интернетэд нэрээ нууцлаад бусдыг хараар будах нь тийм хүмүүст кайф өгдөг юм байлгүй дээ. Надад дургүй хүмүүс бий юу гэвэл бий. Гэхдээ би тэд нартай бус намайг дэмждэг, надад сайн хүмүүстэй харьцдаг. Ингэх нь хамаагүй үр дүнтэй. Тийм биш гэж үү.
-Танд дургүй хүмүүс сүүлийн үед ихэд баярлангуй Ледигагаманиа дууссан, Леди Гагагаас дахиж олигтой юм гарах хөг өнгөрсөн гэх болсон?
-Тийм хүмүүст товч бөгөөд тодорхой хариулья. Горьдсоны гарз.
-Фэнүүддээ байнга хүссэнийг нь өгөх амаргүй байх даа?
-Тийм шүү. Фэнүүдийнхээ нүдэн дээр би байнга дуучин Леди Гага байх ёстой. Би гадагш гарах тоолондоо үүнийг санадаг. Амрахдаа би сайтар нуугдахаас өөр арга байдаггүй. Заримдаа дөрвөн ханын дунд цэвэр агаар амьсгалалгүй зөндөө удна шүү дээ.
-Ийм сюрреалист гэмээр амьдралтай Леди Гага хэрхэн стрессээ тайлдаг нь сонин?
-Хөөстэй ваннд оронгоо Эдит Пиафын дуунуудыг сонсон тамхи татахад сайхан байдаг.
URL: