МАН-ын мөнгө тараасан нөхдүүдийг 4-5 сар хорихоор болжээ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, иргэдэд мөнгө тарааж, санал худалдаж аван төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Бугасүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хурлаас МАН-аас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Бугасүрэн болон түүний менежерээр ажилласан Ч.Батмагнай нарыг таван сар хорих ялаар шийтгэжээ. Мөн МАХН-аас нэр дэвшиж мөнгө тараасан гэх Н.Хишигсүрэнд дөрвөн сарын хорих ял оногдуулсан бол мөнгө тараах ажлыг гардан гүйцэтгэсэн Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нарыг гурван сар 10 хоног баривчлахаар болжээ.
Харин гэм буруутай нь тогтоогдсон Ц.Бугасүрэнгийн оронд АН-аас нэр дэвшсэн Т.Ганболдыг төлөөлөгчөөр сонгох шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ.
Хэргийг эргэн сануулахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд сонгогчдын ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар дахин санал хураалт явуулахад буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд санал хураах байтал МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг санал хураахаас нэг хоногийн өмнө тарааж, АН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон юм. Ийнхүү сонгогчдод мөнгө тарааж ял авсан үйлдэл дахин давтагдлаа. Өмнө нь УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахууд мөнгө тараасан хэргээр ял сонссон билээ. Ийн МАН-ынхан бүх шатны сонгуульд мөнгө тараасан нь илэрхий болж, тэдний золиосонд олон хүн “аав”-ын хаалга татсаар байх нь.
URL: