“НОМИН”-гийн луйврыг хэрэглэгч нь илчиллээ

10-23-1tНомин” супермаркет үнэ, үйлчилгээгээрээ нэр шигээ супер байж чадаж байгаа эсэхэд хэрэглэгчид сэтгэл дундуур байх болоод удаж байна. Тэдний төлөөлөл болсон зарим хүн ШӨХТГ-т гомдол гаргаснаар III, IV дүгээр хороолол дахь “Номин” супермаркет, “Номин” их дэлгүүрийг албаны хүмүүс уржигдар шалгасан юм.

ДЭЭРЭЛХҮҮ ХУДАЛДАГЧ БАЙЦААГЧИД БӨХӨЛЗӨВ

Арав хоногийн өмнө “Номин” их дэлгүүрээс өмд худалдаж авсан хэрэглэгч ШӨХТГ-т гомдол мэдүүлжээ. Иргэн Э тус дэлгүүрийн бэлэн хувцасны лангуунаас 29 мянга 999 төгрөгийн үнэтэй өмд сонгожээ. Гэвч энэ үнэ кассанд 32 мянга 999 болж бичигдсэн байна. Лангуу, касс хоёрынх нь үнэ зөрж үйлчлүүлэгчдээ бухимдуулсан  “Номин”-гийнх энэ удаад алдаагаа давтаж буйг иргэн Э сануулжээ. Үүнийхээ хариуд тэрээр дэлгүүрийн зохион байгуулагчаас “Сүртэй юм бэ. Ганц удаа л ингэж үнэ зөрж байна” гэсэн дээрэнгүй тайлбарынх нь бай болсон байна. Энэ мэтчилэн “Номин”-д хэчнээн хүн, хэр их мөнгөө хулхидуулсан бол доо гэх бодолдоо бухимдсан тэрээр “Танай дэлгүүрийг шалгуулна. Та нар биднийг энэ мэтээр байнга луйварддаг” гэжээ. Зохион байгуулагч хариуд нь “Явдаг газраараа яв” хэмээн аархасныг тэрээр хэллээ. ШӨХТГ-ынхан иргэн Э-гийн энэ мэдээллийн дагуу хороолол дахь “Номин” их дэлгүүр, “Номин” супермаркетад шалгалт хийсэн юм. Тус газрын байцаагчид үнэ зөрсөн лангуунаас хэд хэдэн бараа сонгож кассанд бичүүллээ. Ингэхэд лангууны үнээс кассан дээр хямдарч бичигдэв. Энэ ялгаагүй зөрчил гэдгийг улсын байцаагч анхааруулж, “Номин” их дэлгүүрт зөрчил гарсныг Зөрчлийн тухай хуудаст бичиж үлдээлээ.

Дараа нь ШӨХТГ-ынхан “Номин”-гийнхноос лангуун дээрх барааны үнэ, кассанд зөрсөн байтал яагаад үйлчлэгч рүүгээ давшилсныг лавласан юм. Тэд “Менежер шинэ барааны үнийг явуулаагүй байсан юм. Олон барааны үнийг кассын сүлжээнд оруулахад хугацаа алддаг. Энэ хооронд тэр үйлчлүүлэгч шинэ үнэ нь бичигдээгүй бараа сонгож таарсан. Үүнд бид буруугаа хүлээж байна” гэв. Ингээд ШӨХТГ-ынхан удаа дараа ийм зөрчил илэрч, энэ шалтгаанаар танайд хаягласан иргэдийн гомдол тасрахгүй байгааг хатуу сануулав. “Номин”-г торгох болсноо ч дуулгалаа.

БУТАРХАЙ МӨНГӨӨР ХӨЛЖИХ БИЗНЕС

“Номин” плазагийн хоёр давхар дахь “Номин” их дэлгүүрээс гарсан зөрчил нэгдүгээр давхрын “Номин” супермаркетад үргэлжиллээ. Бараа, бүтээгдэхүүнээ 99, 96-аар төгссөн тоогоор үнэлдэг “Номин”-гийнх нэг, дөрөв, таван төгрөгийн хариултыг хэрэглэгчиддээ өгөхгүй байгаатай бид таарлаа. Тэдний касс бүрт бутархай мөнгөний хариултаа аваагүй гэх хүмүүс зогсоно. Кассын нягтлан шалгалтын сургаар энд тэндээс нэг, тавтын дэвсгэр цуглуулах эрэлд гарав. Тэд  хормын дараа ирж “Үлдсэн хариултаа” аваарай хэмээнэ. Дараагийн касс мөн л нягтлан нь бутархай мөнгө авахаар явсан шалтгаанаар эзгүй байв. Үүнийг хэрэглэгчийн эрхийг зөрчсөн хэрэг гэж ШӨХТГ-ын байцаагч нар үзэж удирдах албаны хүмүүстэй уулзлаа. “Номин” плаза дахь салбарын эрхлэгч Ш.Энхээ “Өнгөрсөн сард бутархай мөнгө хомс байсан. Одоо Монголбанк нэг, тав, аравтын дэвсгэртийг хангалттай нийлүүлж байгаа. Манай кассанд бутархай мөнгө бий. Яагаад хүмүүсийн хариултыг бутархай мөнгө байсаар байхад өгөхгүй байгааг ерөнхий нягтлан болон кассын нягтлангуудаас лавлая” гэлээ. “Номин”-гийн энэ салбараар өдөрт 2300-2500, амралтын өдрүүдээр 2700 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Тэгэхээр өдөр бүр 2000 гаруй хүнээс тав, гурван төгрөг авч хоцроод байвал чамгүй тоо гарах нь. Бусад салбарын үйлчлүүлэгчдийн бутархай мөнгөний хариултыг үүн дээр нэмбэл нэлээд урт дүн гарч таарах нь.

Бид тус супер­маркетаар үйлчлүүлж байсан зарим хүний байр суурийг сонслоо.

 

Баянгол дүүргийн иргэн Б.Өсөх-Эрдэнэ:

Манайх энд ойрхон арын байранд байдаг. Би байнга эндээс ээжийн захисан зүйлсийг авдаг. Бутархай төгрөг авч байгаагүй.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Цэнгэл:

Өмнө нь лангуун дээрх үнэ кассан дээр зөрөх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Сүүлийн үед үнэ нь зөрөх нь арай гайгүй болсон. Гэхдээ бутархай мөнгөний хариулт ерөөсөө өгөхгүй юм. Сая ч гэсэн дөрвөн төгрөг өгөөгүй.

 

Баянгол дүүргийн иргэн н.Тэрбиш:

Бутархай мөнгөний хариултыг албаны хүмүүсийн шаардлагаар өгөх шиг боллоо. Өмнө нь хэд хэдэн удаа тав, долоон төгрөгийн хариулт өгөөгүй.

 

СОЁЛТОЙ ЛУЙВАР

Энэ супер захад “Хямд үнэтэй бүтээгдэхүүн авъя гэвэл олныг ав. Урамшууллын бараанаас сонговол илүү үнийг төл. Уучлаарай кассанд бутархай мөнгө байхгүй тул 10-аас дооших төгрөгийг хариулж чадахгүй нь. Барааг кассанд бичүүлсэн л бол ямар ч тайлбаргүйгээр та үнийг нь төл” гэсэн соёлтой луйвар үйлчлэх аж. Энэ үйлчилгээ, үгсэд бухимдсан зарим үйлчлүүлэгч энэ талаар гомдоллоход худалдагч, зохион байгуулагч нь “Явах газраараа яв” хэмээн томордог жишиг тогтоод уджээ. Ийм гомдол ШӨХТГ-т байсхийгээд ирдэг тул энэ удаад торгохоос өөр аргагүй болсныг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн байцаагч К.Жархынбек онцоллоо.

Үргэлжлэл бий.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих