Мухар сүсэгт хэт их итгэх нь зөв үү?
Манай улсад 1990 оноос хойш аль ч шашны зан үйлийг шүтэх, нэвтрүүлэх эрх чөлөө нээлттэй болсон ч үүний зэрэгцээ мухар сүсэг дэлгэрэх болжээ.
Хэт муйхарлаж мухар сүсэгт итгэвэл тухайн улс орны зан заншил гажуудах эрсдэлтэй байдаг байна. Тухайлбал пүрэв гаригт хумсаа авбал мөнгөтэй болно, муу ёр модонд гэж мод тогших, цагаан будаа, давс зэргийг асгавал зовно, эсвэл хоосорно, унтсан хөнжлөө хураахдаа толгой хэсгээс нь хураавал ээж нь нас барна, ус самарвал өвчин орооно гэхчилэнгээр хэт их муйхарладаг байна.
Тэгвэл иргэд мухар сүсгийн тухай төдийлөн ойлголт байхгүй хэрнээ хэн нэгний хийж, ярьж байгаа үйлдлийг автоматаар ямар ч дүгнэлтгүйгээр дуурайж өөртөө хэвшил болгодог байна. Зарим иргэд хэт их мухар сүсэгт итгэж түүнээс хамааралтай болсноор өөрийн оюун ухаан, сүсэг бишрэлдээ хаалт үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийн үнэн мөнийг ялгаж, сурч, мэдэлгүйгээр даган дуурайдаг гэж шашны төлөөллүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.
Иргэд ингэж болдог, болдоггүй гэхчилэн ямар ч эх сурвалжгүй , шинжлэх ухааны нотолгоогүйгээр амнаас ам дамжуулан цуу яриагаар мухар сүсэг гаргадаг байна. Харин мухар сүсэг хэтрэхээрээ тухайн улс орны зан заншлыг гажуудуулах эрсдэл дагуулна гэдгийг эх сурвалж хэллээ.
Нөгөө талаасаа мухар сүсэг нь зан заншил, зурхайгаас үүдэлтэй бөгөөд хамгийн гол нь иргэд дүгнэлт хийж өөрт хэрэгтэй бодит зүйлийг өөртөө хэвшил болгох нь чухал гэж байгаа юм. Ялангуяа манай улсын иргэд гадны улс орны олон төрлийн шашин шүтдэг бөгөөд зарим талаараа үүнээс үүдэн өөрсдийн зан заншил, өв соёлоо мухар сүсгийн уршгаар устгаж ч болзошгүй гэж байна.
URL: