Морьтой Монгол Метротой Монгол болно

6775465e8c41807bbigМетротой Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе хэмээн хотын мээр Үндэсний их баяр наадмын өмнөхөн уриалсан. Хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Нэг нь эргэлзэж, нөгөө нь тунгааж байна. Энэ онд нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлууд, хотын тохижилт, гудамж, замын шинэчлэлүүдийг нүдээр харж, биеэр мэдэрсэн олонхи нь итгэлтэйгээр толгой дохиж эхлэв.

Шав тавилаа, тууз хайчлах нь хэзээ вэ гэж хүлээх бус хамтдаа бүтээхсэн, харийнханд харуулахсан гэх эх оронч  сэтгэлгээгээр хандаж байгаа нь сүүлийн үед эрс мэдэгдэх. Орчин үеийн дэлхийн интернэт, цахим ертөнцийн өвөг болох морин өртөөг XIII зуунд цогцлоон байгуулж дэлхийн хөгжлийн хурдасгуурын үндэс суурийг тавьсан монголчууд эдүгээ төрөлх нийслэл хотдоо метрог байгуулж яагаад дөнгөхгүй гэж. Ийм итгэл, зориг хаврын урь орох шиг сэтгэлд сэвэлзэхгүй байна гэж үү. Иргэд маань хөгжлийг, бүтээн байгуулалтыг өөрөөр хардаг, үнэлдэг болж байна. Метро нь дарга нарт бус иргэдэд, тансаглахад бус хөгжихөд зориулагдсан юм гэдгийг Алтайн нурууны адуучин, Дорнодын талын уурхайчин ч мэдэж байгаа. Дэлхийн мегаполисуудыг бүтээгчид ингэж зүрх алдалгүй зүтгэцгээсэн нь хөгжил цэцэглэлтийн үрийг эх орондоо авчирчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге манай улсад айлчилсан. 2040 онд Монгол улсад олимпийн наадам зохион байгуулах тухай ёслолын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Хөгжил дэвшил дагуулж, ирээдүйгээ итгэлтэйеэ харсан уг үйл явдлыг зарим сурталчид “мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ” гэцгээж байсан. Олимпийн аваргуудтай улс орон олимпийн наадам зохион байгуулж дөнгөлгүй яах вэ дээ. Олимпийн наадам зохион байгуулах чадавхитай орон болно гэдэг Улаанбаатар маань дэлхийн хотуудтай зиндаархан алхахыг хэлээд байна. Мөрөөдөл биш. Жилдээ таван сая жуулчин хүлээн авдаг, хүүхэд, залуус, ахмадууддаа ээлтэй, хүн бүр амар амгалан амьдрах орчин бүрдсэн, найрсаг хот болгох зорилт л бидний өмнө үлдлээ. Үүнд “Улаанбаатар метро” хосгүй үүрэг гүйцэтгэж таарна. Зөвхөн нийслэлд ч бус монгол даяар хөгжил авчрах хэрэг.
Метро барих нь ач холбогдол, үр нөлөөгөөрөө 1934 оны Аж үйлдвэрийн комбинат, 1949 оны Улаанбаатар төмөр зам, 1978 оны “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалттай дүйцэхүйц түүхэн үйл явдал болох дүр зураг тод харагдаж байна. Нийслэл хотод метро байгуулах судалгааны ажлыг японы “Жайка” байгууллага хийсэн. Тайланг нь НИТХ-аар хэлэлцэн дэмжсэн. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжиж зөвлөмж гаргасан.  Нийслэлчүүд үүнийг хүссэн. Одоо байгуулах л үлдээд байна. Бидний мэдэх “Нарны зам”, “Нарны гүүр”-ийг халуун сэтгэлээр байгуулж өгсөн Наран улсын мэргэжилтнүүд үүнийг гүйцэтгэж эхэллээ. Тэд чаддаг хүмүүс шүү дээ.
1970-аад онд Лондон хотод төвийн хорооллуудад ажилдаа өдөр бүр автомашинаар биш нийтийн тээврээр зорчих явдлыг урамшуулж эхэлсэн. Төвийн шинэ барилгуудад зогсоол  барихыг хориглож, хотын төвийн төлбөртэй олон зогсоолыг устгасан байдаг. Үүний үрээр хотын төв дэх тээврийн хэрэгслийг хэсэгчлэн шийдвэрлэж, мегаполисын тээврийн зангилааных нь хувьд дамжин өнгөрөх зорилтыг дэмжиж байгаад давуу тал нь оршиж байв. Хувийн автомашинаас нийтийн тээвэрт шилжүүлэх явдал нь өнөөдөр бидний зайлшгүй хийх хэрэгцээт ажил болчихоод буй. 1960-1970-аад онд дэлхийн олон том хотод метроны шинэ чиглэлүүдийг тавьж байснаар энэ нь илэрч байсан. Ийм томоохон хөтөлбөрийн хамгийн тод жишээ гэвэл Их Парижид үйлчлэх газрын дээрх болон газар доогуурхи төмөр замын хурдны шинэ нэгдсэн сүлжээг байгуулсан явдал юм. Улаанбаатар метрог байгуулахаар шийдвэрлэсэн нь үүнтэй агаар нэг юм. Зам барилгын өртөг, хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах зэрэг их хэмжээний эхний хөрөнгө оруулалт шаардах нь мэдээж. Үйлчилгээний зохих төвшинг хангахтай холбогдсон ашиглалтын өндөр урсгал зардал хэрэгтэй болно. Энэ бүхнийг бид давж л таарна. Улаанбаатар хот метротой болоход нийтдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байгаа. Японы засгийн газраас 600 сая долларыг хөнгөлөлттэй зээлээр метро хийх төсөлд зориулан олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Эдүгээ Ази, Номхон далайн орнуудын олонхи нь метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлжээ. 2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 1.7 саяд хүрнэ.  Үүнийг дагаад зам тээврийн эрэлт, хэрэгцээ 3.1 дахин нэмэгдэх төлөвтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм учраас л 100 жилийн дараах Улаанбаатар хотыг төсөөлж  төлөвлөлт хийх нь чухал гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлэх болов. Иргэд маань ч дэмжиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилтэт хувилбар болох метрог төрөлх хотынхоо нэгэн хэмнэл болгоход долоон жил хангалттай гэдгийг төслийн баг үзсэн. Өөрөөр хэлбэл бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөж авах нь. Дэлхийн эзэнт гүрний төв болж байсан Их Монгол улсын нийслэл Хархорумыг байгуулсны 800 жилийн ой энэ үеэр тохиож буй нь бэлэгшээлтэй хэрэг юм. “Улаанбаатар  метро”-ны бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэх гэж байгаа. Газар зохион байгуулалт, барилгын ажил өрнөнө гэсэн үг. 2018 он гэхэд метроны туршилтын ажил эхэлчихнэ. Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттайгаар газар доогуур болон гүүрэн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийжээ. Тухайлбал Толгойт өртөөнөөс Саппоро өнгөрөх орчимд 6.2 км газар дээгүүр өргөгдсөн зам тавина. Тэндээс кино үйлдвэр хүртэл 6.6 км газар доогуурх зам, кино үйлдвэрээс Амгалан өртөө хүртэл 4.9 км газар дээгүүр өргөгдсөн зам тавих ажээ. Өөрөөр хэлбэл хотын төвөөр газар доогуур, хотын хоёр захаар гүүрэн буюу өргөгдсөн  зам байх юм. 800-1500 метрийн хоорондын зайтай 14 өртөөтэй байхаар төлөвлөсөн юм билээ.  Энэхүү их бүтээн байгуулалтыг эдийн засгийн ач холбогдлоор нь авч үзье. 150 мянган ажлын байр шинээр бий болж, хотын төсвийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой.
Эрс тэс дөрвөн улирлаас үл хамаарах бизнесийн шинэ төрөл, үйлчилгээ олноор бий болох нь дамжиггүй. Ямарваа улс орон шинэ бүтээн байгуулалтаасаа технологийн хөгжил тэвэрч үлддэг. Монгол улсад орчин үеийн технологи, үйлдвэр үйлчилгээний соёлыг нутагшуулах таатай алхам болчихно. Үүнийг дагаад хамгийн сүүлийн үеийн шинэ технологи эзэмшсэн үндэсний инженер, техникийн ажилтан, ажилчдын “арми” бий болно. Нийтийн тээврийн толгойн өвчин болсон олон асуудал ч нааштайгаар шийдэгдэх юм. Тухайлбал нийтийн тээвэрт зорчигчийн зарцуулах цаг гурав дахин багасч, амар амгалан, соёлтой орчин бүрдэх таатай мэдээгээр чихээ мялаах нь байна.
Замын түгжрэл 20, агаарын бохирдол 30 хувиар буурах үзүүлэлт ч гарч байгаа. Автомашинаас ялгарах хорт утааг метро нь “үлээн хийсгэчихэж” байгаа хэрэг. Байнга тохиолддог шахуу зам тээврийн осол, харамсалт явдалд цэг тавьж эхлэнэ гээд өлзийгөө өгсөн олон үр нөлөөг тоочоод баршгүй.
Түүнчлэн хот төлөвлөлтөд шинэ хандлага, шинэ агаар нэвтрүүлэх ч ач холбогдолтой. Бид дээд, дунд, доод тив гэхчилэн бэлгэдэлт сэтгэлгээгээр ярьдаг даа. Газар доорх хот нь Улаанбаатарын амьдралын салшгүй чухал нэгэн хэсэг болохыг төсөөлөхөд сайхан байгаа биз. Энэ бүхнийг дагаад хотын амьдралын хэв маяг, соёл, нийгмийн сэтгэлзүй эерэг дулаанаар өөрчлөгдөнө.  Метро нь өөрөө хөгжлийн хурдасгуур байдаг. Хүмүүсийн уураг тархинд чулуужсан унтаа, идэвхгүй, бөглөрсөн, түгжирсэн сэтгэхүйг арилгана.  Цээжин дэх уур уцаар, бухимдал ч арилж метрогоор үйлчлүүлэхээр бие сэтгэлээрээ яаран тэмүүлдэг, амар амгаланг тэвэрдэг болчихвол танд ямар санагдаж байна. “Морьтой монголчууд метротой монголчууд болов”. Ийм мэдээг дэлхийд цацах мөч айсуй.

Б.Хангарьд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих