Б.Сувд: ”Үндэснийхээ үнэт зүйлсийг судалсны дараа гадаад гэж шуурах хэрэгтэй”
Монгол үндэсний хувцас загварт томоохон байр эзлэх “Монгол костюмс”-ынхан арван жилийнхээ ойтой золгож буй. Үндэсний хувцсыг дэлхийд сурталчлах зорилгоор тус компанийнхан Франц Улсын нийслэлд байрлах ЮНЕСКО-гийн төв байранд “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг өнгөрсөн онд толилуулсан билээ. Тэгвэл тэд арван жилийнхээ ойг тохиолдуулан тус тоглолтоо Чингис хааны мэндэлсэн өдөр буюу ирэх сарын 4-нд УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ. Үндэсний хувцасны түүх болон тоглолтын талаар “Монгол костюмс”-ын захирал доктор, профессор Б.Сувдтай ярилцлаа.
-Хундага тулган, шагналын хур буулгаж ойн баяраа тэмдэглэлгүй олонд өгөөжтэй ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь танай хийж буй түүхэн, баримтат кино болов уу?
-“Монгол костюмс”, “Сэмүүн” студи байгуулагдсан цагаасаа Монголын түүх, уламжлалыг судалж, сурталчлах түгээх талаар хамтарч ажиллаад өдий хүрлээ. Тийм болохоор 10 жилийнхээ ойг хамтдаа тэмдэглэж байгаа гэсэн үг. Бид ойн баяраа тэмдэглэхдээ хүмүүст хүрсэн, залууст хандсан ажил хийе гэж төлөвлөсөн. Зүгээр нэг хүлээн авалт хийгээд хүмүүсээ шагнахаас арай өөрөөр ойн баяраа тэмдэглэе гэж бодсон л доо. Тиймээс аравдугаар сарын 1-нээс төлөвлөсөн ажлаа эхэлж, түүх соёл өв уламжлалаараа бахархах сарын аян зарласан юм. Энэ аяны хүрээнд “Сэмүүн” студийнхэн “Уяач” баримтат кино бүтээсэн. Үүний дараа “Атилла ба Хүн гүрэн” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан. Хүмүүс яагаад хаа хамаагүй Атилла хааны тухай яриад унав гэж бодож магадгүй. Бид “Хаадын хаан” нэртэй кино хийж байгаа. Уг киноны хувцсыг манай урчууд урлаж байгаа юм. Тиймээс олон улсын судлаачдыг урьж, тэдний санал бодлыг сонссон. Киноны зураг авалтыг Герман, Итали, Франц, Орос, Хятад зэрэг долоон оронд хийсэн.
-Олон улсын хуралд ирсэн судлаачдыг танилцуулбал?
-ОХУ, Якут, Унгар, Хятад Улсын болон манай орны залуу судлаачид санал бодлоо солилцсон. Энэ үеэр ОХУ, Тувагийн эрдэмтэн Антонина Донгак Тува дахь Хүн нарын олдворын талаар сонирхолтой мэдээлэл хийсэн. Мөн Якутаас хүрэлцэн ирсэн Леня Федорова Хүн нарын Саха Якут дахь бэлэгдэл, тамга тэмдгийн талаар илтгэл тавьсан. Унгарын монголч эрдэмтэн Обрусански Борбала “Европ дахь Хүн нар ба Атилла” гэсэн сонирхолтой илтгэл тавьж бидэнд шинэ мэдээлэл өгсөн.
-Нэрнээсээ эхлээд олны анхаарал татсан “Рашаан хад” баримтат киноны талаар сонирхуулаач?
-Рашаан хадны дурсгал гэж Хэнтий аймгийн Батширээт суманд орших 40 мянган жилийн өмнөх бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан тамгануудыг хэлээд байгаа юм. Тэр тамганаас бичиг үсэг үүссэн байх жишээтэй. Энэ утгаараа кино бүтээхэд гаднын эрдэмтэд оролцсон, сонирхолтой шинжлэх ухааны баримтат кино. Мөн Монголын Барлас аймгийн Тарлагайн хүү Гүр Эмир Төмөрийн удмын Могулын хаад, тэдний Энэтхэгт хийсэн их үйлсийн тухай “Сэмүүн” студи, “Монгол Костюмс”-ын 10 жилийн ойн хүрээнд “Төмөр ба Их Могулын эзэнт гүрэн” дугуй ширээний ярилцлага, тоглолт маргааш 11:00 цагт манай төв дээр болно. Энэтхэгт могул гээд яриад байгаа. Манайхан могул гэхээр компьютер, зурагт л гэсэн ойлголттой байна. Гэтэл Могулын эзэнт гүрэн гэдэг нь Монголын хаад 10-аад үеэрээ Энэтхэгт сууж тус улсын гар урлал, түүх соёл гээд олон зүйлд эерэгээр нөлөөлж байсан байгаа юм. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн тухайн үедээ маш их хүчирхэг байж өөрийн соёлоо түгээсэн. Би яагаад үндэсний хувцасныхаа талаар ярихгүй байгаа юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ хувцас гэдэг өөрөө түүх өгүүлдэг. Залуус түүх яриад байх юм өнгөрснөөр яах юм бэ гэж хэлдэг. Энэ маш буруу ойлголт.
-Тийм учраас “Монгол хувцасны нууц товчоо” номыг бүтээсэн байх?
-Монгол үндэсний хувцасны түүхийг таниулахын тулд “Монгол хувцасны нууц товчоо” ном гаргасан. Дэлгүүрээр явж байхад олон сайхан үндэсний хувцасны тухай ном таардаг. Би тийм ном цуглуулах дуртай. Тэдгээр номд дэлхийн загвар, ардын хувцасны уламжлалт түүхийн талаар бичсэн байдаг. Гэтэл тэнд монгол гэсэн ганц үг байдаггүй. Гэтэл монгол хувцас түүхэндээ дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлж ирсэн байгаа юм. Хүнд цагаан атаархал гэж байдаг. Энэ номнуудыг хараад миний атаархах сэтгэл төрдөг. Энэ утгаараа үндэсний хувцасны түүхийг өгүүлсэн ном гаргасан. Ер нь “Монгол хувцасны нууц товчоо” таван боть гарна. Үүнээс гадна бид цэргийн хувцасны тухай ном гаргахаар төлөвлөж байгаа. Тав дахь ботид үндэсний хувцсыг гар урлал талаас нь илүү гаргаж өгөх юм. Мөн нэр томъёоны асуудлыг цэгцэлье гэж бодож байна.
-Үндэсний хувцасны тоглолт гэхээр үнэндээ ердийн үед өмсч боломгүй хэт нүсэр загваруудыг үзүүлдэг. Танай энэ удаагийн тоглолт үүнийг эвдэж чадах уу?
-Тоглолтод монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн монгол хувцасны чиг хандлагыг илэрхийлэх загваруудыг толилуулна. Үүнээс гадна уртын дуу, уран нугаралт, морин хуур гээд үндэсний бахархал болсон урлагийн тоглолтоос сонирхуулахаар бэлтгэж байгаа. Тоглолтын хоёрдугаар хэсэгт үндэснийхээ хувцсыг өдөр тутамдаа хэрэглэж болохыг харуулна. Дэлхийн загварын хандлагад дийлэнх зохион бүтээгчид этно загвараар олон нийтэд танигддаг. Бид монгол хувцас загварыг дэлхийд таниулахын тулд уламжлалаас гадна этно загвараар танигдаж болно. Дэлхийн алдартай зохион бүтээгчид монгол хувцсанд тулгуурлан гарч ирсэн тохиолдол их байдаг. Үүний нэгэн адил Монгол дизайнерууд яагаад язгуур соёлоороо дэлхийд танигдаж болохгүй гэж. Яагаад манай хувцсанд тулгуурлан гарсан загвар дорнын буюу хятадын гэсэн нэр зүүж явах ёстой юм бэ. Тиймээс бид хэтийн зорилгоо энэ тал уруугаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ бид зүгээр байгаагүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зах зухаас нь судалсан. Одоо түүнийгээ улам боловсруулах хэрэгтэй байна.
-Саяхан гадаадын загвар зохион бүтээгч Монголын маркийг ашиглан гайхалтай загваруудыг зохион бүтээсэн. Бидний дэргэд шахуу байсан энэ шинэлэг санааг биднээс хол байгаа хүн хараад ажил болгочихсон болохоор атаархмаар бас харамсалтай санагдаад байх юм?
-Шанель “Хувцас загвар хаа сайгүй байдаг. Чиний ууж байгаа аяга, амьсгалж буй агаар гээд хаа сайгүй загвар бий” гэж хэлсэн. Дизайнер хүн бүтээлч, эрэлч хайгуулч байх ёстой. Түүнээс гадна аливаа зүйлийг олон талын өнцгөөс хардаг байх хэрэгтэй. Энэ нь уран бүтээлч хүнд чухал. Тийм болохоор хэн сэтгэж чадна, тэр хүн хожно шүү дээ. Манай хэрэглэгчид ч гэсэн гаднын зүйлийг шүтэж дотоодынхыгоо тоодоггүй. Бид өөрсдийнхөө үнэт зүйлийг судалж байж дараа нь гадаадын зүйл рүү шуурах хэрэгтэй.
-Тэгвэл таны бодлоор таны дурдсан шаардлагыг хангаж чадсан дизайнер манайд байна уу?
-Бий, бий. Уран бүтээлдээ монгол элемент тусгасан гэхээр заавал ил байх шаардлагагүй. Зөвхөн салхи татуулан “үнэртэж” байвал болно доо.
URL: