“Техникийн даалгавар”-аас Японы компаниуд шалгарах магадлал өндөр гэнэ

“Техникийн даалгавар”-аас Японы компаниуд шалгарах магадлал өндөр гэнэ

Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барих стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад таван компани үлджээ.

Тодруулбал, Японы “Marubeni” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл тунаж үлдээд буй. Энэ талаар төслийн цахим хуудаснаа мэдээлэв.

Гэхдээ эцсийн шалгаруулалтын дүн хэзээ гарах нь тодорхойгүй байгаа аж. Шалгарсан компаниудад “Техникийн даалгавар” өгчээ. “Техникийн даалгаварт”-т байгаль орчин, эрүүл ахуйн European Union Directives 2010/75/EU гэх стандарт, мөн турбин-зуухны ASME TDP-1 стандартыг зааж өгсөн байна. Ингэснээр тус цахилгаан станцыг байгаль орчинд ээлтэй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан технологиор барих гэнэ.

ASME буюу “Механик инженерүүдийн Америкийн нийгэмлэг” цахилгаан станцын зуух, цөмийн эрчим хүч, цахилгаан шат, дамжуулах хоолой, өргөгч кран зэрэг 600 гаруй технологийн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулсан байдаг.

Тиймээс ASME  стандартыг дэлхийн 100 гаруй оронд дагаж мөрддөг төдийгүй дэлхий даяар 130 мянга гаруй инженер, гишүүдтэй нийгэмлэг аж.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 50 МВТ-ЫН БЛОКЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛЖЭЭ

Нийт 450 мВт-ын хүчин чадалтай, нэг тэрбум ам.долларын өртөгтэй тус цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгой компанийг дотоодоосоо цахилгаанаар бүрэн хангах юм. Уг нь хамтарсан гэрээнд “Оюутолгой” компанийн үйлдвэрлэл эхэлснээс хойших дөрвөн жилд багтан дотоодын эрчим хүч ашиглах ёстой” гэх заалт ч бий. Харин одоо энэ үүргийг Тавантолгойн ордод түшиглэн барих цахилгаан станцаас хангахаар болж байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Оюутолгой, Тавантолгойн чухам алинд нь цахилгаан станц барих вэ гэх асуулт хөвөрч байсан ч хожим цаг хугацаа Тавантолгойн коксжсон нүүрсний ордод түшиглэхээр боллоо. Дашрамд дурьдахад дээрх станцын 50 мВт бүхий эхний блокыг ирэх 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм байна.

Түүнчлэн 80, 129 тоот тогтоолыг Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталжээ. Хэвлэл мэдээллээр төдийлөн их гараагүй эл тогтоолд дурьдсанаар “Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих, эхний ээлжинд шаардах 50 сая ам.долларыг шийдвэрлэх, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад хөрөнгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар босгох, тусгай зориулалтын компани байгуулах, холбогдох зөвшөөрлүүдийг олгох” зэрэг шийдвэрүүдийг тусгасан байдаг. Ямартай ч эл тогтоолын заалтууд өнөөдөр биеллээ олж байна гэдгийг ч учир мэдэх нь хэлэх болов.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр Монголын эдийн засагт асар том нөлөө үзүүлнэ гээд буй. Түүнээс гадна говийн бүсийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэр бүрдэхийг төсөв боловсруулагчид хэлж байгаа. Мөн эрчим хүчний нүүрс, кокс болон угаасан нүүрснээс үлдэх хаягдлыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, цахилгаан эрчим хүч экспортолно, бизнесийн бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдүүлнэ гэх зорилтуудыг тавьжээ.

Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойн уурхай хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ын ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Эрчим хүчний судалгаа, тооцооллын “Энержи интернешнл” ХХК тус ажлыг  хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэх гэнэ. ЦДАШ-ын нэвтрүүлэх чадлын тооцоо хийх, шугамын нэвтрүүлэх  чадварыг дээшлүүлэх, техникийн арга хэмжээг төлөвлөх, үндсэн эд ангийн (шугамын утас, тулгуур, суурь) сонголт хийж, тооцоо боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж буй юм байна.

АЛЬ НЬ ЯЛАХ БОЛ

Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих эл цахилгаан станцад стратегийн хөрөнгө оруулагчаар хөрөнгө, туршлага сайтай дээрх компаниудын чухам аль нь ялах бол гэх асуулт анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголд өмнө нь олон тендерт оролцож, ялж байсан бас хөрөнгө, туршлагын хувьд ч нэлээд сайн Японы хоёр ч компанийн нэр бий. Үүнээс тус улсын “Мирубени” корпораци бүр 2007, 2009 оноос эхэлж манай улсын уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт хөрөнгө оруулах, бүтээн байгуулалт хийх талаар Засгийн газар руу санал, хүсэлтээ ирүүлж байсан гэдэг. Жишээлбэл, Чойбалсан хотоос Оросын төмөр замтай холбох 1.004 кмилометр төмөр зам байгуулах урьдчилсан саналыг өнгөрсөн 2011 оны гуравдугаар сарын 7-нд манай улсын Засгийн газарт ирүүлж байсан компаниудын нэг.

Түүнчлэн нийслэлд барихаар олон жил хэл ам дагуулсан тавдугаар цахилгаан станцыг барих төслийн тендерт хамгийн хүчтэй оролцогч компани гэгдээд байсан  нь бас л “Marubeni” корпораци юм. Тиймээс хөрөнгө чинээтэй, Монголд танил талтайгаараа тендерт ялах хамгийн өндөр магадлалтай компани гэнэ.

Тэгвэл өнгөрсөн онд эл компанийн цэвэр ашиг нь 21.6 хувиар өсч 172 тэрбум иен буюу 2.15 тэрбум ам.доллар болж байв. Түүний өмнөх жил  санхүүгийн цэвэр ашиг нь 136.5 тэрбум иен болж байсан байна. Цэвэр ашиг нэмэгдсэн гол шалтгаан нь БНХАУ дахь ган төмөр, зэс, нүүрсний эрэлт ихэссэнээс болсон байдаг. Харин энэ онд цэвэр ашиг нь 170 тэрбум иенд хүрч магадгүй гэх тоон судалгаа ч бий. Мөн компанийн нийт хөрөнгө нь 10 гаруй их наяд иен гэх. Түүнчлэн АНУ-т улаан буудай борлуулалтаараа гуравдугаар байранд ордог Gavilon Group-ыг 3.6 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцсон тухай өнгөрсөн хавар цахим хуудаснаа мэдээлэл гарч байсан.

Нөгөөтэйгүүр урьдчилан шалгарсан дөрвөн хөрөнгө оруулагчийн нэг болох “Kansai electric power” компани Японы эрчим хүч үйлдвэрийн хамгийн том компани гэгддэг. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Тавантолгойн цахилгаан станцын Төслийн нэгжийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан энэ компанийн хамтын ажиллагааны салбарын менежер Осаму Мизусава, Го Сузуки, Тошиюуки Хаяаши нартай уулзаж төслийн талаар санал солилцсон байна. Тэгэхээр уулзалтын учиг нь цаанаа олон учрыг агуулж буй.

Өмнөд Солонгосын  “Daewoo Engineering & Construction” компани мөн л том өрсөлдөгчийн нэг. Тэд саяхан Иракын баруун хэсэг дэх 708 сая ам.долларын өртөгтэй хийн төсөлд ялсан тухай тус улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногийн ням гарагт мэдээлсэн аж.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих