Д.Өлзий-Орших: Би уянгын аялгуунд дуртай, яг түүн шиг дотоод ертөнцтэй

11714_464Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, гитарчин, ая зохиолч Д.Өлзий-Оршихыг энэ удаагийн зочноор урилаа. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Чи минь”, Б.Сарантуяагийн “Хайрын бурхан”, “Номин талст” хамтлагийн “Дурлаж бичсэн захидал” гээд түүний нэрийн хуудас болсон хит уран бүтээл олон. Түүнтэй уулзахаар “New star” студид очсон юм. Тэрээр “Би жаахан завгүй байгаа. Асуултууд тань бэлэн үү. Би хурдан яриад явчихдаг онгироо талдаа хүн шүү дээ” хэмээн угтав.

-Олон дуу тань хит болж хүмүүсийн сэтгэл зүрхийг уярааж чадсан. Гэсэн ч “Минийх” гээд яриад явдаггүй болохоор тань даруухан гэж дүгнэж байлаа?

-Буруу л дүгнэлт байна. Би тайзан дээр уран бүтээлдээ даруухан хандаж чадна. Харин амьдрал дээр эсрэгээрээ. Онгироо, мэдрэл муутай ч юм шиг хүн. Рок попынхон маань ч тэгж л хэлнэ.

-Таны тоглолтын сураг гарсан. Хүлээж байсан хүн олон шүү?

-Ирэх сарын 1,2-нд “Best of Өөжгий” нэртэй амьд хөгжмийн тоглолт хийхээр болсон. Рок, попынхон  оролцож, миний зохиосон болон тоглосон уран бүтээлүүдийг дуулж үдшийг хамтдаа өнгөрөөх юм. 2002 онд “Хайранд уярсан үдэш” нэртэйгээр тоглож байсан. Энэ миний хоёр дахь бие даасан тоглолт. 11 жилийн дараа  үзэгчидтэйгээ уулзах болсондоо бага зэрэг догдолж сууна.

-Уран бүтээлчид ойр ойрхон тоглолт хийдэг. Таны тоглолт жаахан холдоод байх шиг?

-Би 1992 оноос нэлээд хэдэн дуу зохиолоо. Хит болсон ч бий. Замхраад алга болсон ч байна. Уран бүтээлчийн явах ёстой тэр л жамаар явж ирлээ.  Дуу үйлдвэрлэгч байхыг хүсдэггүй.  Найз нөхдийнхөө хүсэлтийн дагуу л уран бүтээл хийдэг. Өөрийгөө хүчлээд жилд олон дуу зохиогоод түүгээрээ тоглолт хийж болно. Гэхдээ тийм сонирхол надад алга. Ямар хүсэлт ирнэ түүний дагуу л дуугаа хийнэ. Түүнээс “Би ийм дуу зохиолоо. Дуулаад өгөөч” гээд явсан түүх байхгүй.

-11 жилийн дараа сонсогчидтойгоо уулзах гэж байна. Өөжгий хэр өөрчлөгдсөн бэ?

-Жаахан хөгширсөн. Түүнээс өөрчлөгдсөн зүйл алга. Хорвоод хүн ганцхан хувь төрдөг. Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, сэтгэл хөдлөл хувь тавилантай. Тэр минь хэвээрээ. Урлагт олон жил боллоо “Би лаг шүү” гээд хөөрөөд байх ухамсар алга. Хийж байгаа дуунаас маань миний зан, араншин харагддаг гэж боддог. Надад доргио хөнгөн дуу байхгүй, зөөлөн уянгын аялгуунд дуртай. Би яг түүн шиг л дотоод ертөнцтэй.

-Хүмүүсийн захиалгаар уран бүтээл хийдэг гэж ярьсан. Өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаар дуу хийх нь арай илүү сайхан юм биш үү?

-Би сэтгэлийнхээ дуудлага, эмзэглэлээр дуу хийж болно. Гэхдээ энэ нийгэмд дуу төрнө гэдэг маш их зардалтай болжээ. Жишээлбэл, өнгөрсөн өвөл “Хурд” хамтлаг “Ану хатан” киноны дууг дуулсан. Энэ миний дуу байсан. Тэр дууг дөрвөн студиэр дамжиж бичүүллээ.  Зөвхөн бичлэгийн зардал 2.5 клип хийлгэхэд  доод тал нь 10 сая төгрөг гээд хөдлөхөд л мөнгө. Тэгэхээр над шиг хүн тэр зардлыг гаргаад уран бүтээл хийнэ гэдэг үлгэр юм даа.

-Гэхдээ та бүхэн л зориглож сэтгэлийн уран бүтээл хийхгүй бол урлагийн хөгжил, чанар чансаанаас эхлээд хэцүү биш үү?

-Монголын урлагийн хөгжил надаар дутна гэж юу байх вэ. Харин дуу байнга “үйлдвэрлээд” байдаггүй болохоор удаж удаж гарсан уран бүтээл маань хүмүүсийн сэтгэлд хүрээд байдаг. Ингэж өөрийгөө жаахан ч гэсэн дөвийлгөж явна. Миний  зохиосон “Хайрын бурхан” дуу одоо ч хүний зүрх сэтгэлд амьдарч чадаж байна. Би тэр дуугаа зохиосны дараа нэг хэсэгтээ л сэтгэлээ чагнаж чимээгүй явсан. Тэгээд 1998 онд Б.Сарантуяагийн “Хайрласан сэтгэл” дууг зохиосон. Түүнээс олон жилийн дараа Т.Ариунаагийн “Чи минь” дуу төрсөн. Энэ мэтчилэн надад нэг жилд 7-8 дуу зохиосон түүх байхгүй.  Би нэг дуу зохиохдоо зовдог, шаналдаг. Түүнээс биш нэг суугаад л дуу зохиочихдог юм биш.

-Намар болохоор уран бүтээлчдийн онгод хөглөгдөх нь бий. Танд онгод гэж байдаг уу. Энэ ойлголтын тухайд юу хэлэх вэ?

-Би онгодын тухай сайн мэдэхгүй юм. Мэдрэмж л гэж байдаг болов уу. Анзаараад байхад би дуугаа ихэвчлэн шөнө хийсэн байдаг. Яагаад гэхээр хэн ч надад саад боддоггүй. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж, дууныхаа аялгуунд орж чаддаг. Түүнээс биш цас орж, бороо шиврэхээр гуниглаж, догдлох ч юм уу тийм сэтгэлийн хөдөлгөөн байдаггүй юм. Намар намраараа л байна.

-Урлагийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байв. Энэ талаар та ер нь ярьдаггүй юм билээ?

-Би 1984 онд “Солонго” хамт­лагтай Пионерийн ордны тайзан дээр гитар бариад гарч байлаа. Түүнээс хойш 29 жил болчихож. Урлагаас авч байгаа таашаалыг бусадтай зүйрлүүлэх аргагүй. Хийсэн уран бүтээл нь хүнд хүрээд хэдэн мянган хүн дагаад дуулж байхыг сонсох шиг сайхан зүйл байхгүй дээ. Тэр бол урлагийн хүний хамгийн дээд зэргийн сэтгэл ханамж.

-Та тэр жаргалыг мэдэрч амжсан уу?

-Тийм ээ. Би “Номин талст” хамтлагт “Дурлаж бичсэн захидал” дууг зохиож өгсөн. 2003 онд санагдаж байна.  Төв цэнгэлдэхэд тэднийх тоглолтоо хийж байсан. Тэгэхэд “Дурлаж бичсэн захидал” дууг төв цэнгэлдэх дүүрэн хүн бүгдээрээ дуулж байлаа. Тийм зүйлийг “Шинэ машин авч, шинэ байр авах” үеийн сэтгэл хөдлөлтэй зүйрлэх аргагүй юм билээ. Үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байсан.

-29 жил урлагийн тогоонд амьдарна гэдэг бас л чамгүй хугацаа. Танд үлдсэн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу байна вэ?

-Би энэ талаар өмнө нь бодож байгаагүй. Гэхдээ мэдээж он жилүүдийг туулж, надтай хамт элэгдэж, хуучирч, амьдарч ирсэн бүтээлүүд минь юм. Багаасаа л поп хөгжимд хайртай байсан. 1979 онд аав минь надад радио авч өгсөн. Түүнтэй нэг хэсэгтэй амьдарч байлаа.

-Дандаа л хайрын сэдэвтэй уран бүтээл хийдэг. Таны хувийн амьдралтай холбоотой юу. Хайрлаж дурласан өөрийнхөө сэтгэлийг дуугаараа илэрхийлж байв уу?

-Би дурласан бол түүнийхээ тухай дуу зохиогоод байна гэж юу байх вэ. Тэгвэл миний уран бүтээл биш миний намтар болж хувирна. Энэ бол урлагийн үндсэн мөн чанар байж чадахгүй. Би амьдралыг л дуулдаг, зохиодог. Гэхдээ би сайн дуучинд л дуугаа өгдөг. Надаас төрж байгаа уран бүтээл бүхэн миний үр хүүхэд. Хэн ч хүүхдээ муу яваасай гэж бодохгүй.

-Одоо танаас анхны хайрын тухай дуу “нэхвэл” зохиох уу?

-Мэдээж чадна. Яагаад гэвэл хүн бүхэнд анхны хайр байсан. Тэр үеийн мэдрэмж миний зүрхэнд байгаа учраас түүнийгээ бодоод л зохиочихно. Гэхдээ анхны хайрын тухай дууны захиалга ирж байсангүй.   Би 40 гарлаа ухаан суулаа насандаа байя гээд хөгшин аястай дуу  зохионо гэж байдаггүй.

-Хүмүүс таныг Монголын номер нэг гитарчин гэдэг.  Та үүнтэй санал нийлж байна уу?

-Гитар тоглох гэдэг уралдаан тэмцээн биш. Биднийг хооронд нь уралдуулаад ч юм уу нэг номерийн гэдэг нэр өгч болохгүй. Урлаг бол алга ташилт. Хэн хүний сэтгэлийг баясгаж, алга ташуулж чадаж байна түүгээрээ л хэмжигддэг зүйл.

-Та facebook хаягаараа ам барьж дуулдаг уран бүтээлчдийг нэлээд хүчтэй шүүмжилсэн байсан. Тэр их зөв санаа байсан шүү?

-Би бардам хэлье. Миний тоглолт 100 хувь амьд болно. Надад хүмүүсийг хуурч мэхлэх хүмүүжил байдаггүй.  Урлагийнхан гэхээрээ яагаад үнэнчээр хөдөлмөрлөж болдоггүй юм бэ. Наймаачин хүн юмаа зарах гэж, уурхайчин хүн хийж бүтээх гэж хөдөлмөрлөж байна. Тэд зовж олсон мөнгөө бидэнд өгч сэтгэлийн цэнгэл эдлэхийг хүсдэг. Гэтэл урдаас нь хөгжим тавиад амаа хөдөлгөөд зогсож байвал хамгийн муухай доромжлол юм.  Би үүнтэй хэзээ ч санал нийлдэггүй.

Т.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих