Импорт барилгын материалын үнийг өсгөж байна

Импорт барилгын материалын үнийг өсгөж байна

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран өнгөрсөн баасан гаригт “Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

“Construction Mongolia-2013” хуралд 800 гаруй компанийн төлөөлөл ирсэн бол үзэсгэлэнд нь 100 гаруй компани оролцжээ.

“Буянт-Ухаа” спорт цогцолборт төвлөрсөн энэ үзэсгэлэнд оролцогчид хамтран ажиллах шинэ түншээ сонгох, шинэ дэвшилтэт технологитой танилцах, барилгын салбарын сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг авах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанитай түншлэх боломжийг нээлээ.

Мөн төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй компаниудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах саналаа солилцох боломж бүрджээ.

БАРИЛГЫН САЛБАРЫН ӨСӨЛТ 37 ХУВИАС 154 БОЛОВ

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 70 орчим мянган хүн ажиллаж байгаа аж. 2010 онд 9800 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол 2012 онд энэ тоо 11 мянгад хүрч, харин энэ жил 14 мянган айлын орон сууц ашиглалтад орох юм байна.

Мөн барилгын материалын үйлдвэр гэхэд тус салбарт зөвхөн энэ жил 150 гаруй үйлдвэр үүдээ нээж, 10 орчим мянган хүн зам, барилгын салбарт шинээр ажилд орсон статистик мэдээ байна.

Энэ жил Монголбанкнаас барилгын материалын үйлдвэрлэлд 296.1 тэрбум, орон сууцны нийлүүлэлтийг дэмжихэд 429.5 тэрбум, худалдан авахад зориулж 1.3 их наяд төгрөгийг зарцуулжээ. Иймээс 2012 оны төгсгөлд ДНБ-ийн дөнгөж 37 орчим хувийг эзэлж байсан барилгын салбарын өсөлт энэ онд 154 хувь болжээ.

Төрөөс ийнхүү барилгын салбарыг түлхүү дэмжих болсон шалтгаан нь Улаанбаатарын хэмжээнд гэхэд 495.5 мянган өрх байгаагийн 66 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа аж.

Тэгвэл жил бүр 17 мянган өрх нийслэлд шинээр нэмэгддэг байна. Иймээс энэ хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Өмнө нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө ипотекийн зээл ДНБ-ийн зургаан хувийг эзэлж байсан. Энэ нь Хятад улсаас гурав дахин, Японоос долоо дахин, хөгжингүй орнуудтай харьцуулахад 10-15 дахин бага үзүүлэлт аж.

Үзэсгэлэнд оролцсон зарим барилгын компаниас орон сууцны үнэ буух боломж хэр байгааг сураглалаа.

“Бэрэн” группын төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр: НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙЖ ҮНЭ БУУРНА

-“Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Барилгын салбарынхантайгаа төр нэг ширээнд суугаад ярилцаж байгаа нь таатай байна. Үзэсгэлэнгээр гадны туршлагатай компаниудтай танилцаж, түншүүдээ олж авах боломж бүрдэж байна.

-Төрөөс олгож буй зээл хөтөлбөр та нарт хэр хүрэлцэж байна?
-Барилгын салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болон хөгжиж буй тул үүндээ хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Гэхдээ хамгийн түрүүнд барилгын үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж импортыг хязгаарлах, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл.

-Орон сууцны үнэ буурах боломж бий юу?

-Энэ нь нийлүүлэлт нь эрэлтэндээ хүрэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр барилгын салбарын нийлүүлэлт нэмэгдэж байж үнэ нь буурна.

“Дөрвөн Очирт” компанийн захирал Б.Гантөмөр: БАРИЛГЫН АЖИЛДАА ДОТООДЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АВЧ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

-Барилгын материалын үйлдвэрүүдийг төрөөс хэр дэмжиж байна вэ?
-Үйлдвэрүүд 100 хувь дотооддоо цэвэр, бохирын шугамыг үйлдвэрлэж байна. Ингэхдээ улсаас ямар ч татаас авдаггүй. Харин төрөөс үндэсний үйлдвэрлэлээ хангалттай дэмжихгүй байна. Өнгөрсөн хавраас зарим нэг үйлдвэрийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч үр дүн нь одоогоор мэдэгдэхгүй байна.

-Тэгвэл ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ?

-Өнөөдөр барилгын салбар эрчимтэй өсч байгаа. Гэтэл улсаас барьж буй барилгууд дээрээ ядаж үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Энэ мэт жижиг зүйл үгүйлэгдэж байна.

-Барилгын материалын үнийг тогтворжуулахаар төрөөс хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Орон сууцны үнэ буурах боломж байна уу?

-Хэдий хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч бүх материалаа гаднаас нийлүүлдэг болохоор валютын ханшаас болж үнэд нааштай зүйл харагдахгүй л байна. Орон сууцны үнэ буурахад хамгийн ойрхон харагдаж байгаа боломж нийлүүлэлтийг нэмэх байна.

Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих