Иргэдийн оролцоотой хийсэн зураглалыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй уялдуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба, хорооны Засаг дарга нарыг хамруулан гэр хорооллын 87 хороонд иргэдийн оролцоотой судалгаа хийж, газрын зураглалыг гаргажээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний үндсэн мэдээлэл дээр тулгуурлан Улаанбаатар хот анх удаа гэр хорооллын газрын зураглалыг хийсэн бөгөөд нийтийн тээвэр, усны хүртээмж, боловсрол, хогийн цэг, аюултай бүс гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр гэр хорооллын нутаг дэвсгэр дэх дэлгэрэнгүй зураглалыг гаргасан юм. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны аль хэсэгт нь цэцэрлэг, сургууль, автобусны буудал байгааг тодорхой болгосон гэсэн үг.
Энэ асуудлыг таницуулсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Гэр хорооллын газрын зураглалыг гаргаснаараа хорооны аль хэсэгт юу хийвэл иргэдэд илүү хүртээмжтэй байхыг тодорхой болгож өгч байгаа юм. Мөн иргэд өөрсдөө амьдарч буй орчноо мэдрэх, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, өөртөө болон хороондоо дутагдалтай зүйлээ тодорхойлоход хялбар болж байна.
Цаашид иргэдийн тусламжтайгаар зураглалаа тогтмол сайжруулж, шинэчлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураглал “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй хэр уялдсан, Гэр хорооллыг барилгажуулахад төлөвлөсөн автобусны буудал, эмнэлэг, сургууль зураглал дээр шаардлагатай гэсэн байгаа автобусны буудлын тоотой уялдан гарсан тоо мөн эсэх”-ийг тодрууллаа.
Хотын ерөнхий менежер Б.Бадрал “Энэ удаагийн гаргасан зураглал бол яг одоо байгаа байдлаар нь гаргасан байгаа. Зураглалыг цааш нь сайжруулахдаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөлтэй уялдуулан шинэчлэх юм” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө бидэнд нарийвчлалтайгаар ажиллах боломж олгосон АНУ-ын Азийн сан, Захирагчийн ажлын албаныханд талархал илэрхийлье. Одоо харин хаана юу хэрэгтэй вэ гэдгээ сайн тодорхойл, бид хийх болно. Энэ зураглал Улаанбаатар хотод их үнэ, цэнэтэй мэдээлэл, зураглал боллоо” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү зураглалтай холбогдуулж, байрзүйн өөрчлөлтийн мониторинг хийх журам боловсруулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо
URL: