Монгол ба Тvрэг хэлний тухайд
1. Монгол, Түрэг хэлний холбоо.
Хэл судлаач эрдэмтэд Монгол, Түрэг, Манж хэлнүүдийг гарал нэгтэй болохыг нь баталж Алтай хэл гэсэн нэгдмэл нэрийн дoр авч үзэх болжээ. Алтай хэлний онолыг анх Финландийн нэрт эрдэмтэн Ramstedt жинхэнэ шинжлэх ухааны төвшинд гаргаж ирсэн. Ramstedt мөн Алтай хэлэнд Солонгос хэлийг багтаах санал гаргаж олон зүйлээр баталсан нь бий.
1950-иад оны уеэс Японий зарим судлаачид Япон хэлийг мөн Алтай хэлнээс гаралтай хэмээн үзсэн байдаг. Харин сүүлийн үед Алтай хэлний эсрэг онол гэгч гарч Монгол, Түрэг, Манж хэлний төстэй байдлыг гарлын нэгдлээр нь бус зөвхөн харилцан нөлөөллийн дүн гэж үзэж байна. Энэ бол одоо болтол маргаантай байгаа асуудал.
2. Монгол Түрэг хэлний аль нь алиндаа илүү нөлөөлсөн бэ?
Монгол Түрэг хэлэнд дундын үгс маш олон. Жишээ нь: а. хар өнгө – кара, шар өнгө – сари, жирукэ бую зүрх – юрэк, сурах (асуух гэдэг утгаар) – сормак. Язгуур нь адил сур-сор б. дэвтэр-дэфтэр, сандал-сандале гэх мэт.
Яагаад а, б хэмээн 2 хэсэгт авч үзэв ээ гэхээр б хэсгийн үгс бол хэлний гарлын тухай ярихад маш найдваргүй үгс болно. Учир нь дэвтэр, сандал зэрэг юмсыг улс үндэстэн нэгнээсээ авч хэрэглэж болох ба үүнийг дагаад үгсийг нь бас зээлдэг. Харин а хэсэгт бичсэн өнгө, үйл үг, хүний эрхтний нэр зэргийг хэл шинжлэлд уугуул үгс гэдэг ба уугуул үгсийг хэлнүүд нэгнээсээ зээлэх нь нэн ховор. Тиймээс эдгээр үгс нь адил бол үнэхээр гарал нэгтэй байжээ хэмээн үзэж болно. Иймээс Монгол-Түрэг хэлний адил үгсийг
1. Нийт Алтай хэлний буюу дундын үгс,
2. Монголоос Түрэг зээлсэн үгс
3. Түрэгээс Монгол зээлсэн үгс гэж 3 ангилж болно. Сонирхолтой нь бидний түрэгүүдэд өгсөн биш авсан үгс илүү олон байдаг юм. Зарим монгол үгийн гарлыг түрэг хэлнээс хайхад олдох нь бий. Жишээ нь ТЭВНЭ гэж том зүүг хэлдэг. Энэ нь Тэмээн зүү гэсэн түрэг үг юм. Түрэгээр тэмээг ТЭВЭ бую ДЭВЭ гэдэг. Зүү харин ИГНЭ. Ингээд ТЭВЭ+ИГНЭ=ТЭВНЭ. Монгол хэлнээс түрэгүүд болон Оросууд авсан үгсийн жишээ гэвэл КАРАУЛ буюу Харуул гэх мэтээр бий.
3. Түрэг-Түрк гэдэг 2 үгний тухай.
Энэ бол маш ялгаатай нэр томиё. Түрэг хэлтнүүд гэдэг нь одоогийн Анкара нийслэлтэй Туркүүдээс гадна Азэрбайжан, Казах, Киргиз, Каракалпак, Тува, Башкир, Узбэк гэх мэт 35 гаруй амьд хэлээр хэлэлцэгч 150 гаруй саы хүнийг хэлж байна. Харин Турк гэдэг нь тэр олон түргүүдйин зөвхөн нэг мөчир нь болох өнөөгийн Турк улс юм. 1923 оныг хүртэл Османли гэдэг нэртэй байсан. Орос хэлээр ТYРЭГ ХЭЛНYYД гэвэл Түрэцкий язык, Турк хэл гэвэл Туркский язык, Англиар бөл Turkic languages – Turkish language гэж ялган
нэрлэдэг билээ. Тиймээс зөвхөн нэг салаагаар нь нийт бүлэгийг нь орлуулан ойлгох нь ташаа болно. Монгол хэл ч гэсэн, ихэнх хүмүүс зөвхөн Монгол улс дахь хэлийг боддог.
Монгол хэл гэдэг нэрийн доор биднээс гадна бидэнтэй нэлээд ойролцоо БУРИАД, ОЙРАД, ЄВЄРЛЄГЧ аялгуунаас гадна Бао-ани, Шар Уйгур, Монгор, Могол, Дагур гэх мэт маш эрт салж шууд ойлголцохооргүй болсон хэлтнүүдйиг ч авч үзэх хэрэгтэй. Эдгээр хэлтнүүд ихэнх нь Хятадад, харин Моголууд Афганистанд оршин сууж байна. Их Монгол улс бутарсны дараа эргэж ирж чадаагуй Монголчуудын үр сад билээ, тэд.
4. Монгол нутаг дахь Түрэг газар усны нэрс.
Монгол, Түрэг аймгуудын аль аль нь өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээр нүүдэллэн аж төрж байсан нь тодорхой. Тиймээс Түрэг газар усны нэрс Монголд их байдаг. Хүмүүс ихэнх нь КОЛ буюу нуур гэсэн үгийг мэддэг юм байна.
КОК-СУ-КОЛ гэдэг нь Тургээр Хөх уст нуур, Бай-Кол гэдэг нь Баян нуур. Тон-Кол буюу Тонхил гэдэг нь Хөлдуу нуур гэсэн үг. Бас одоогийн туркуудийн уулыг ДАГ гэдэг нь Таг, Тай, Тэй, Тий гэх мэт хэлбэрээр газар усны нэрэнд улдсэн нь бий. Бай-Таг уул тэхээр Баян уул, Су-тай уул Уст уул, Тай-Кор бую Тайхар чулуу нь Уул чулуу болно. Тэр КОР гэдэг үг нь Монгол Түрэгийн дундийн үг бөгөөд олон тоон дээр КОРОС гэдэг нь Монгол хэлнээ хөрс шороо гэсэн үг болоод явж байгаа.
Жамуха ГYР хаан цол авсан нь Чулуун хаан гэсэн үг юм. Газар усны нэрийн гарлыг тогтоох нь ямар хэлтэй аймгууд хаагуур оршиж байсныг тогтоох сайхан боломж олгодог. Жишээ нь СЭЛЭНГЭ мөрөн бол Манж, Хамниган хэлний СЭЛ буюу төмөр гэсэн үгнээс гаралтай. Сэлэм гэдэг бас хамниган гаралтай уг. НГЭ гэдэг дагавар нь манайхаар бол хамтрах тийн ялгал. Төмөртэй гэсэн үг болж байна. Гэтэл Сэлэнгэ мөрний эх хэсэг Дэлгэр мөрөн гэдэг Монгол нэртэй байдаг даа. Тэгэхээр Дэлгэр мөрөн хэмээн нэрлэгдэж буй хэсгээр нь Монголчууд амьдарч тийм нэр өгсөн байхад нөгөө гол маань зүгээр урсаж байснаа гэнэтхэн Сэлэнгэ нэртэй болоод эхлэх нь бас л тийм учиртай.
5. Хүннү Монгол уу, Түрэг vv?
За энэ бол бас л шийдэхэд бэрх асуудлуудын нэг. Хар Дорж (жинхэнэ нэр нь Кара Георгий) гэж Ринчин гуайн хүргэн нэрт Монголч эрдэмтэн бий.
Тэрбээр хуучилсан нь: Миний Туркийн судлаач найзууд Хүннүг Түрэг гэдэг, харин Монгол нөхөд маань Монгол л гэдэг. Харамсалтай нь бидэнд Хүннү хэлний баримт бараг үгүй. гэж байж билээ. Тийм ээ, хамгийн хэцүү асуудал бол Хүннү аймгийн хэдэн хаан буюу шаньюу нарын нэрээс өөр тэдний хэлийг илтгэх баримт огт үгүй. Тэгээд ч тэр нэрнүүд зөвхөн хятад ханз үсгээр байдаг. Эртний ханзыг унших маш олон хувилбартай тул бүүр хэцүү болж байна. Сүүлийн үед барууний эрдэмтэд Хүннү бол Төв Азийн Монгол, Түрэг овог аймгуудийг багтаасан нэгэн том гүрэн байжээ гэсэн дүгнэлт хийгээд байна.
6. Дvгнэлт.
Би Монгол, Түрэг хэлийг адил гаралтай гэдэг Ramstedt-ийн онолд итгэдэг. Гарал нэгтэйн дээр он удаан жил хамт байснаар харилцан нөлөөлсөн зүйл бас маш их. Нэг үндэсээс 2 тийш салан хөгжсөн ард түмнийг нэг нь нөгөөгөөсөө гарсан гэж үзэх утгагүй юм.
Indiana-ийн Их Сургуулийн Евро-Ази судлалын төвийн зочин судлаач М.Саруул-Эрдэнэ PhD
URL: