110 тэрбумаар хэн хэн ”найрлах” вэ?

УИХ, Засгийн газар томоо­хон компаниудын ТУЗ-аас бүрд­чихээгүй байлтай. Ерөнхий сайд ноолуурын үйлдвэртээ хам­гийн бага хүүтэй зээл олгуу­лахаар тууж явна. УИХ-ын гишүүд ч гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээс гадна Монголдоо томд тооцогдох толгой хэдхэн үйлдвэрт жилийн долоохон хувийн хүүтэй 110 тэрбум төг­рөгийн олгуулахаар “хулгайч, луйварчингаараа” дуудалцан хэрэл­­­дэж дэмжлээ. Энэ саналыг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар өнгөрсөн баасан гаригт нэгдсэн хуралдаанаар санал хураахад “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг Хууль зүй, дотоод хэр­гийн сайд Ц.Нямдорж мэтийн  36 гишүүн дэмжиж есөн гишүүн эсэргүүцэв. УИХ-ын 44 гишүүн хуралдаанд оролцсоныг хэлэх хэрэгтэй. Ингээд зарим компаниудад дэмжлэг үзүүлэх асуудлыг УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хороогоор хэ­лэл­цэхээр болж, галт тэрэг хө­дөл­лөө. Харамсалтай нь зогсохгүй л болов уу.

110 тэрбум төгрөгөөр хэн хэн найрлана гээч…

“Монгол ноолуур” консер­циумаар дамжуулж, ноолуурын салбарыг дэмжих юм гэнэ. Тэгвэл тэрхүү сөхөрч, доройтсон ноолуурын салбарынхан гээ­чийн ард чухам хэний ашиг сонир­хол оршиж буйг хамтдаа сонир­хоё. УИХ-ын гишүүн Д.Энхбат “Алтай кашмер” нь МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын компани гэж нэр цохон хэлж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бол  Ерөнхий сайд “Алтай холдинг”, “Алтай трейдинг”-ээ л мэдүүлсэн л дээ. Гэхдээ “Алтай кашмер”, Сү.Батболд хоёрыг салгаж ойлгох төвөгтэй. Засгийн газрын зүтгүүлж буй­гаар бол “Алтай кашмер”-т 20 тэрбум төгрөгийг олгоно.  Дараагийнх нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан. Түү­ний “Буян” компанид бас 20 тэрбумыг олгоно гэж бай­гаа. Хэрэв эндүүрээгүй бол дараагийнх нь “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан гэгчийн “Говь” компани. Бас  л 20 тэр­бум төг­рөгийн лимит авахаар зүтгүүлж яваа. Ингээд араас нь “MCS”-ийн охин компани болох “Гоёо” орно. “Гоёо”-гийнхонд 6.5 тэрбум хангалттай гэж үзжээ. Харин “Ээрмэл”-д түүнээс хоёр дахин их буюу 12 тэрбум өгөхөөр тусгаж. Араас нь “Номин”-гийн Ш.Баярсайханы “Эр­дэнэт хивс”-т 3.2 тэрбум, “Монгол нэхмэл”-д 3.2 тэрбум, “Кашмер консмекц”-д гурван тэрбум төгрөг гэх мэт дараалал хөвөрнө. Энэ мэтээр  найман компанид 84,9 тэрбум төгрөгийг нь хувааж өгөх аж. Үлдсэнийг нь бас л энэ мэтээр эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй хүртээнэ. Эх орны хишиг гэж энэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд ноос, ноолуурын салбарынхныг хүлээн авч уул­заад байсан Ерөнхий сайд маань тэдэнд төдийгүй, өөртөө хишиг хүртээхээр цуглуулаад байсан юмсанж.

Гэхдээ энэ мөнгөө бонд гаргаж арилжааны дөрвөөс та­ван банкаар дамжуулан ол­го­но гээд байгаа. Мөнөөх Хөгжлийн банк уг нь ийм л зүйлийг хийх гэж байгуулаагүй бил үү. Үнэхээр энэ төсөл зарим гишүүдийн хэлсэнчлэн хэд­хэн олигархийн Засгийн газарт захиалсан төсөл үү гэж хардах үндэслэлтэй байгаа юм. Уг нь бол Засгийн газрын гишүүдийн хувь оролцоотой компанид энэ зээлийг олгохгүй гэдэг гоё тодотголыг төсөл танил­цуулагчид хэлж байсан. Хэрэг­жих эсэхийг нь харж л сууя.

Ноолуур боловсруулах үйлд­­вэрүү­дийг ийм байдлаар дэмжсэнээр 1750 ажлын байр нэмэгдэж, 250 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бү­тээг­дэхүүнийхээ 80 хувийг экс­пор­тод гаргах боломжтой гэх тоо­цоог холбогдох албаныхан хийсэн байх юм. Ингэснээр өм­нөд хөршийн монополь байд­лыг таслан зогсоож чадна гэж тэд ярьж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь сайхан хэрэг л дээ. Гэхдээ л энэ утгагүй сонсогдоод байна. Монголд баячуудыг дэмждэг, жижиг үйлдвэрийг нугачдаг бод­логын тод жишээ болж харагдаад байна.

Монголд жижиг, дунд үйлд­вэрт хамаарах нь 35 мянга 789 аж ахуйн нэгж бий гэх. Эдгээрээс тогтмол татвар төлдөг ЖДҮ 12 мянга 556 байна. Гэтэл 12,5 мянган аж ахуйн нэгжид 60 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэг компанид хэдэн сая төгрөг ноогдохыг өөрсдөө бодоод олчихно биз. Хамгийн гол нь тэ­дэнд яагаад ижил нөхцөл санал болгож болдоггүй хорвоо вэ.

Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэв­шилд тоо хэмжээгээрээ давам­гайлж байгаа боловч татвар төлөгчдийн тооноос харахад сан­хүүгийн байдал хүндхэн байгааг илтгэж байгаа биз. Тэдэнд ажиллагсдынхаа ца­лин, байнга дарамтлах байцаагч нарт өгөх авлигын мөнгө, янз бүрийн татвараас цааш хэтэрч, өрсөлдөх чадвартай болж өн­дийх боломж үнэндээ алга.

Хэрэв 110 тэрбум төгрөгийг энэ салбар руу өгвөл 1750 ажлын байрыг хэдэн арваар нь нугалсан тоо гарна. Яагаад гэвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй 29879 аж ахуйн нэгжийн ихэнх нь 1-9 ажилчинтай. Хэрэв эдгээр компаниудад жилд 7 хувийн хүүтэй зээл олговол тэд ажлын байрыг бидний тоо­цоолоогүйгээр нэмэгдүүлж чад­на. Харамсалтай нь, хамгийн бага хүүтэй гээд буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төс­лийн хүрээнд жилийн 12 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.

Үндэсний хэмжээний то­моо­­хон дээрх компаниудад ол­гох гээд буй урт хугацааны зээлийн хүүгээс 5 хувиар их ч гэлээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид боломжийн санал гэж үзэн төсөл бичиж өөр хоорондоо өрсөлдөж буй. Харамсалтай нь, 30 сая төгрөгийн зээл авахын тулд 60-70 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байх болзолтой. Мэдээж жижиг үйлдвэрлэл эрхлэгчид 60 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байна гэж үү. Дөнгөж хөлд орсон хүүхдэд чихэр сарвайгаад алгаа тосоод тэнтэр тунтар ойртохоор нь сунгасан гараа татаж байгаатай яг ижил бодлого. Аавын хүүхдүүдийг ингэж алаг үзэхээ болиосой.

Хэн нь арилжааны банкнаас арай гэж өндөр хүүтэй зээл авч байхад хэн нь УИХ-ыг лоббидож, хүүгүй шахам урт хугацаатай зээл авдаг байна аа. Наад зах нь энэ мөнгийг аваад огт бизнес эрхлэлгүй арилжааны банкинд хадгалуулахад хоёр дахин нугалсантай тэнцэх хэм­жээний ашиг олно гэдгийг за­хын “дурак” ч хэлнэ. Энэ удаад ноолуур, ирэх удаад нь ноос, мах, сүү гурил, газар тариаланг дэмжих нэрийдлээр тэрбум, тэрбумаар нь ээлж дараалан найрлаж мэдэх нь, энэ 76.  Ер нь тэгээд Засгийн газар, УИХ-д суух гэж үхэн хатан зүтгээд байдгийн учир шалтгаан нь энэ ч байж мэднэ. Төрийн толгой дээр сандайлсан хэдхэн нөхөр бүхнийг базаж,  бизнес нь өдөр ирэх тусам төрийн оролцоотойгоор цэцэглэж, нийт иргэдэд харин урвуу тогтолцоо үйлчилнэ гэсэн үг. Аавын хүүх­дүүдийг алаг үзсээр л байх уу…

Л.НАРАНТӨГС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих