М.Пүрэвцогт: Мөнгө хадгалъя гэвэл орлого, зарлагаа бүртгээрэй
Эдийн засагч М.Пүрэвцогттой өрхийн төсвөө хэрхэн хөтлөх, орлого, зарлагаа яаж хянах талаар ярилцлаа.
-Хувь хүмүүс төсөв хөтөлнө гэхээр нүсэр ажил гэж ойлгох нь их байх шиг?
-Хувь хүн төсөв хөтлөхгүй байна гэдэг нь төлөвлөлтгүй амьдарч байна гэсэн үг л дээ. Ингэлээ гээд гарах эрсдэл, алдагдал нь аж ахуйн нэгж, улс орныхтой харьцуулахад харьцангуй бага. Тэгээд ч орлого, зарлага энгийн хүний ой тойнд багтаж байгаа болохоор илүү хялбар.
Гэхдээ зорилго, боломжоосоо хамаараад өөртөө ойлгомжтой хүснэгтэд орлого, зарлагаа тухай бүрт нь тэмдэглээд явах нь илүү боломж, хяналтыг хувь хүнд бий болгодог. Ингэснээр таны орлогын их, багаас үл хамааран сарын тогтвортой орлого, зарлагын харьцаа бий болно.
Бас хуримтлалтай болох ач тустай. Энэ нь түр зуурын биш, харин ч амьдралын тань дадал зуршил болж чадвал санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах өргөн боломж. Ингэж л байж та сард чухам хэдийг олоод хэдийг үрээд байгаагаа мэднэ.
- Гэхдээ хүмүүс хүссэн ч цалин, орлого нь хүрэлгүй “ширгэчихдэг” гэж гомдоллодог шүү дээ?
-Америк, Европын холбооны дундаж давхаргын айлын орлого, зарлагыг үзэхэд сарынхаа тогтмол зардлыг нөхөөд, цаана нь хуримтлалтай үлдэж байна. Харин манай улсад парадокс буюу харилцан тэнцвэргүй гаж хэлбэр үйлчилж байна. Америк, Монгол хоёрын өргөн хэрэглээний барааны үнэ ижил хэрнээ орлогын хэмжээ нь 5:1- ийн харьцаатай байна. Өөрөөр хэлбэл, Америкт нэг кг мах гурван ам.доллар байхад сарын орлого доод тал нь 3000 “ногоон”. Харин бид махаа таван ам.доллараар авч идэнгээ 5 0 0 ам.долларын цалинтай байна.
Тэгэхээр манайханд гарын салаагаар урсгаад байх их орлого байхгүй л гэсэн үг. Мэдлэг, оюун ухаан нь одоогийн тогтмол бага орлогоосоо хэд дахин илүү хурдтай хөгжиж байгаа дундаж иргэдийн хувьд зардал нь орлогоо хэд дахин давах үнэхээр хорлонтой шүү дээ. Улс орон хөгжиж, шударга хуваарилалттай болох хүртэл яах аргагүй бид цаасан дээр төлөвлөж, дүн шинжилгээ хийж байж л санхүүгийн асуудлаа шийдэж чадахаар байна.
-Өрхийн орлого, иргэдийн цалин өссөн гэсэн статистик мэдээлэл сар бүр л гарах юм. Бодит байдал дээр цалин бахь байдагтаа, зарлага өссөн хэвээрээ байна?
-Би Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй тоонд дурамжхан ханддаг. Улс орны тоон үзүүлэлт, өсөлт хөгжлийг нийтээр нь харуулахын тулд ашигладаг (ДНБ, Хүн амын дундаж орлого зарлага гэх мэт) тоон утгыг нийт хүн амын амьдралын чанартай холбож ойлгуулж байгаад гол асуудал байна.
Үнэндээ 20 хувийн чинээлэг давхаргынхан нийгмийн баялгийн 80 хувийг эзэмшиж байгаатай хүн амын ихэнх хэсэг буюу 80 хувийг харьцуулаад дундажлана гэдэг утгагүй, хуурсан тоонууд. Манай нийт хүн амын дундаж орлого 950 мянган гаруй төгрөг боллоо гэдэг тоо ямар олон хүнийг хэлмэгдүүлж байгааг мэдэрмээр. Тэгснээ зарлага нь улсын дунджаар 800 гаруй мянга. Ийм харьцуулалт гарсан ч өөрийгөө ялж, энэ нөлөөллөөс ангид амжилтанд хүрсэн хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Бидний аав ээж, эмээ өвөө үр хүүхдийнхээ төлөө өмсөх зүүх, идэж уухаа хасан байж сарынхаа хэрэгцээг нарийн удирдаж байгаа жишээ Монголоор нэг байна.
-Тухайлбал, би цалин буухын өмнө хэрэгцээний зардлаа тооцоолж бичдэг юм. Гэтэл цалин гар дээр ирэхээр нэг л мэдэхэд дуусчихдаг. Хэрэгцээний зүйлээ авч амжаагүй байдаг. Энэ асуудлаа хэрхэн хянах вэ?
-Нэгдүгээрт энэ таны цалин, бас таны зардал юм. Мөнгө өөрөө дуусна гэж байхгүй. Та орлогын эх үүсвэрээ нэмэх, зардлаа хасах гэсэн наад захын аргуудыг хэрэгжүүлээрэй. Зардлаа хянаж, хэрэгцээгээ зохистой төвшинд байлгаж, төсвөө үнэхээр удирдахыг хүсвэл яах аргагүй цаасны булан дээр ч болтугай одоогийн орлого, зарлагын харьцаагаа бичиж эхлэх нь цаашдын амжилтын эхлэл болно.
Орлогынхоо эх үүсвэрийг тогтмол болон тогтмол бусаар нь ангилж, зардлаа ч хуваарилна. Дараа нь зардлын төрөлд дүн шинжилгээ хийж, чухлаас чухал бус руу, эдийн засгийн өгөөжтэйгээс өгөөжгүй хүртэл, бие сэтгэхүйн хувьд хортойгоос хоргүй хүртэл жагсаах, ангилах, ялгахаас зардлаа удирдах ажил эхэлж байгаа юм. Тэр үед та цээжиндээ тоо бодох, цаасан дээр тоо бодохын ялгааг мэдрэх болов уу гэж найдаж байна. Ер нь аливаа бүх зүйлийг удирдахыг хүсвэл юуны түрүүнд мэдэх хэрэгтэй. Мэдэхийн тулд бичиж бүртгэлжүүлж, улмаар алдаатай цэгүүдийг олж тогтоон дахин давтахгүй байх шүү дээ.
- Ажил эрхэлж байгаа залууст гэр бүлийн гишүүддээ тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж үзүүлэх шаардлага сар бүр гардаг. Тэдэнд мөнгөө өгөх нь зардлаа зөв зохицуулж байгаатай холбоотой юу?
-Голландад залуучууд ээж аавтайгаа хоолонд ороод гарсан тооцоогоо хувааж төлдөг гэдэг үгийг олон хүнээс сонссон байх. Тэнд хүвь хүний санхүүгийн төсөв тооцоолол гэдэг нь нийгмийн хэрэгцээ шаардлага, үүрэг нь байдаг. Тэдний төлөвлөгөөнд маш олон тооны татвар, даатгал, торгуулийн хураамжууд тооцогддог. Нийт орлогынх нь 60 орчим хувь нь зөвхөн татварын зардал байх энүүхэнд.
Нэгэнт нийгмийн хуваарилалтад тэгш орж, бусад боломжоо жирийн иргэн ашиглах боломж муутай манай нийгэмд бусаддаа дэм болох нь буруу биш. Гэвч урт хугацаандаа тэдгээр хүмүүсийг бие даасан хараат бус орлоготой болгох, эрдэм мэдлэгтэй, мэргэжилтэй болгож, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах нь таны нийгмийн хариуцлагын асуудал. Бас хувийн санхүүгийн төлөвлөлтөд хэтдээ сайн нөлөөтэй.
-Тэгвэл төсвөө хянахын тулд сэтгэл зүйгээ бэлтгэж, мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна. Ингэхдээ өөрийгөө яаж бэлтгэх вэ?
- Орлого чинь зардалд чинь хүрэхгүй байна гэсэн бодлоосоо ангижрах хэрэгтэй. Төсөв хөтлөөд маргааш нь хуримтлалтай болчихгүй. Харин зорилготой болоод түүндээ хүрэхийн тулд амьдарч эхэлбэл та аяндаа цаас харандаа шүүрч, орлогоо наад захын зардалдаа хуваарилаад, үлдсэнийг нь хугацаатай дансандаа хийж эхлэх байх. Дүгнээд хэлэхэд бид хэвийн хэрэглээтэй байх хэмжээний орлого олохгүй байгаа нь үнэн.
Орлого өссөн ч инфляц өндөр байгаа нь энэ нөхцлөө удаан хадгалах эрсдэл бас их. Иймд та, бидэнд санхүүгийн сахилга баттай аж төрөхөөс өөр сонголт даан ч байхгүй. Хүсвэл та интернэтээс өрхийн төсвийн хүснэгт хайвал монгол хэл дээр хийсэн боловсронгуй программ ч гараад ирнэ. Амжилт хүсье.
Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: