Төсөв нэмсэн компаниудыг АТГ-т шалгуулах үүрэг өгөв
Чуулганы үдээс хойшхи хуралдаан Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-үүд урсгалаараа явж байсан эдийн засагт сөрөг нөлөөлж, эсрэгээрээ үнийн өсөлтийг хурдасгалаа гэж шүүмжилж, үүнтэй санал нийлж буй эсэхийг Ерөнхий сайдаас асуусан юм. Харин Ерөнхий сайд үүнд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” буруу байгаагүй, харин үнийн өсөлтөд авлига гол нөлөөг үзүүлж байна гэж хариулав.
Үүний дараа С.Дэмбэрэл гишүүн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон концессийн хэлбэрээр хэрэгжсэн нийт хөрөнгө оруулалт хэр байгааг тодруулж, цааш цаашдаа үүнийг тооцож, статистик тоог нь гаргаж байх хэрэгтэй гэв. Мөн Тендерийн тухай хууль, Монгол Улсын санхүүгийн жилийг өөрчлөх тухай хуулийг хэзээ чуулганд өргөн барих, үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгааг лавлав. Үүнд Ерөнхий сайд “Тендерийн тухай хуульд олон улсын тогтолцоог тусгах, мөн Гэрээний тухай хуулийг тусад нь бий болгохоор ажиллаж байгааг хэлээд, ингэснээр хариуцлага тооцох бүрэн боломжтой болно гэлээ. Харин Санхүүгийн жилийг өөрчлөх тухай асуудлаар ажиллаж буй Ажлын хэсгийн судалгаагаар хэрэгжүүлэх боломжгүй гэсэн чиг гарч байгааг хэллээ.
Ерөнхий сайд хэлэлцүүлгийн үеэр нэг зүйл онцолсон нь өмнө төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгааг хэлсэн юм. Тухайлбал 3 тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 тэрбум төгрөг болсон, 500 сая төгрөгөөр барина гэж төсөвлөсөн барилга 5 тэрбум болж өссөн байгааг тодотгон хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд “авлигатай” төсөв оруулж ирсэн бүх компаниудыг нэгтгэн гаргаж, баримтуудтай нь маргаашийн дотор 76 гишүүнд болон Авлигатай тэмцэх газар өг гэсэн үүрэг даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгөв. Өөрөөр хэлбэл анхны төсөвт өртөгөө тодорхой шалтгаангүйгээр нэмж оруулж ирж байгаа бүх компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах болж байна.
Гишүүд мөн төсвийг хэтрүүлсэн, тодотгол хийх шаардлагатай нөхцөлд хүргэсэн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагатай гэсэнд санал нэгдэж байв. Үдээс өмнөх хуралдаанд Р.Амаржаргал гишүүн буруутай хэн ч байсан хариуцлагаа хүлээ, би ч гэсэн буруутай байсан бол албан тушаалаа өгөхөд бэлэн байна гэж байсан бол мөн энэ үгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлсэн юм.
Ингээд асуулт хариулт дуусч, санал хэлж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “авлигатай” гэж нэрлэгдэж байгаа төсвийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байвал Ажлын хэсэг гаргаж шалгуулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байв. Мөн тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг хэвээр авч үлдье гэж 26 гишүүн гарын үсэг зураад хэлэлцүүлэх гэхэд одоог хүртэл огт хэлэлцэхгүй байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг яаралтай солих хэрэгтэй гэж байлаа.
Энэ мэтчилэн Төсвийн тодотголын илтгэлтэй холбогдуулан гишүүд үргэлжлүүлэн саналаа хэлж байна.
Н.Гантуяа
МОНЦАМЭ
URL: