Иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-нд Франкфурт Майн хотноо германы “Люфтханза Консалтинг” компанийн удирдлагатай уулзаж, тус компанитай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, зөвлөх Ц.Батмөнх, МИАТ ХК-ийн Берлины салбарын ахлагч Д.Дорждэрэм нар оролцлоо.
Энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт ХБНГУ-ын агаарын тээврийн хөгжлийн туршлага, орчин үеийн ололтоос суралцах, түүний менежментийг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд “Люфтханза Консалтинг” компани нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн оновчтой бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд нь Зам, тээврийн яаманд дэмжлэг үзүүлэх ба агаарын тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдалд шинжилгээ, дүгнэлт хийж, цаашид хэрхэн хөгжүүлэх, удирдан зохион байгуулах, ашиглах, мөн түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгч
“МИАТ” ТӨХК-ийн олон улсын зах зээлд эзлэх байр суурийг сайжруулан нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. “Люфтханза Консалтинг” компани нь агаарын тээврийн салбарын дэлхийд тэргүүлэгч зөвлөх компаниудын нэг бөгөөд олон улсын түвшинд агаарын тээврийн олон компани, байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний үйл ажиллагааг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулж байгаа юм.
Тус компани ялангуяа гадаад орнуудын агаарын тээврийн компанийн бүтцийн өөрчлөлт, хувьчлал, шинэ компанийн үйл ажиллагааны гараа, агаарын хөдөлгөөний стратегийг тодорхойлох, нисэх буудлыг хувьчлах, агаарын тээврийн дэд бүтцийн баталгаажуулах зэрэг чиглэлээр мэргэжлийн өндөр түвшин зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг юм.
URL: