Н.Отгонмөнхийг зодсон дарга нар нь хэргээс мултрахаар ажиллаж эхэлжээ

Н.Отгонмөнхийг зодсон дарга нар нь хэргээс мултрахаар ажиллаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтан Н.Отгонмөнхийг тус хэлтэсийн дэд дарга нар нийлж зодсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм.

Цагдаагийн байгууллагын холбогдох хүмүүс ийм хэрэг болоогүй, бэлтгэл сургуулилтын үеэр гэмтэл авсан хэмээн хоёр хоногийн өмнө нууцалж байсан.

Гэвч хохирогч дарга нартаа зодуулснаас тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-ийн Гавал, тархи нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт шилжээд байгаа юм.

Нууцалж байсан мэдээлэл нэгэнт ил болсон тул цагдаагийнхан энэ хэргийг санамсаргүй зүйл болсон мэтээр тайлбарлаж эхлээд байна.

ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтан “Хэд хоногийн өмнө Тусгай хэлтсийнхний дунд бэлтгэл сургуулилтын тэмцээн зохион байгуулсан юм билээ. Тэр үед Н.Отгонмөнх нь гэмтэл авч, нүүр нь хөхөрч гэмтсэн гэсэн. Түүний дараа хоорондоо маргах үед дарга нь араас нь татахад өөрөө арагшаа унаж толгойдоо хүнд гэмтэл авсан юм билээ. Цагдаа нар маргаж, хоорондоо муудалцсан нь үнэн. Гэхдээ дарга нь албан тушаалтнаа дарамталж зодсон зүйл болоогүй” гэдэг итгэхэд бэрх тайлбарыг хийж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Тусгайгийн дарга нарын ажилтнаа зодсон хэргийг цагдаагийн байгууллага дотооддоо хэлэлцэж, хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна.

Гэвч шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэрэгт оролцсон тохиолдолд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг хуультай. Энэ дагуу Мөрдөн байцаах алба эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Дээрх хэргийг хуулийнхан нууцалсан, дотооддоо хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд чимээгүй өнгөрөөх сонирхол байсан гэдгээс үзэхэд цагдаагийн байгууллагын удирдлагууд Тусгай хэлтсийн ажилтныхаа эрүүл мэнд, эрхийг нь хамгаалах бус дарга нарынхаа талд орж байна гэдэг харыг төрүүлж буй юм.

Хохирогчийн хувьд өөрөө энэ талаар хамт эмчлүүлж байсан өвчтөнд хэлсэн байдаг. “Танил тал ихтэй хүмүүс цаагуураа хөөцөлдөөд, дараад өнгөрөөх биз” гэсэн нь бий.

ЦЕГ-ын Тусгай хэлтсийн удирдлагуудаас өөрсдөөс нь тодруулах гэсэн ч “Хуралтай байна” гэдэг хариултыг өглөө.

Тус хэлтсийн дарга Н.Алтанбагана гадаадад томилолтоор явсан аж. Тус хэлтэсийн дэд дарга Батцагаан, Энхцог нарыг дээрх хэрэгт буруутгаж буй юм.

Цагдаагийн байгууллага энэ мэт ажилтнуудтайгаа холбоотой мэдээллийг нууцалсан тохиолдол үүгээр дуусахгүй. Өмнө нь Замын цагдаагийн ажилтан автомашины осол гаргаж хүний аминд хүрсэн, цагдаагийн офицер зэвсэг хэрэглэж дээрэм хийсэн зэрэг хэрэг үйлдэгдэж байв. Энэ хэргүүдийг ч хуулийн байгууллага ихээхэн нууцалж байсан юм.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих