Банкны луйвар хэрээс хэтэрч, бусдын өмч рүү дайрч эхэллээ
Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр 80 гаруй хүнд хөнгөлөлттэй зээлээр орон сууц өгсөн. Гэвч ердөө л жилийн дараа тараа таниулж, бизнес хийхээр зүтгэж эхэлсэн банкны талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн хохирогч болсон иргэдийн түрүүчээс ярилцлага авч нийтэлсэн билээ.
Гэвч “Капитал” банкны зүгээс энэ бүхнийг үгүйсгэж, мэдэгдэл хүртэл гаргаад байгаа. Асуудал зөвхөн Т.Ганчимэг гэдэг хүнтэй холбоотой, ажлаа хаяж гарсан учир байраа хурааж авах шаардлага тавьсан гэх утгатай мэдэгдэл гаргаж, цахим хуудсаар цацсан. Энэ талаар хөндсөн сэтгүүлчийг хүртэл цагдаагийн байгууллагад өгч, шалгуулсан. Эцсээ хүртэл өөрсдийгөө буруугүй хэмээн зүтгэсээр байгаа.
Гэтэл банкны удирдлагууд энэ мэтээр мэлзэх зуураа түрүүчээсээ хүч хэрэглэж, тус банкны С989 дүгээр салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.Ойдовын гэр рүү дайрч, гэрийнх нь хаалгыг эвдсэн ноцтой хэрэг өнгөрсөн мягмар гарагийн орой гарлаа.
Ингэхдээ банкны удирдлагууд хамгаалалтын ажилчдынхаа хамтаар дайрч, ийн хүч хэрэглэсэн байгаа юм. Тусгай активын албаны мэргэжилтэн Баяраа, төв салбарын захирал Б.Мөнхзул нараар ахлуулсан 5-6 хүн ирж, шууд бусдын өмчид халдсан байгаа юм. Чухам яагаад ингэж байгаа талаар асуухад “Банкны удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар. Цоожны чинь голыг солино. Одоо чи байраа суллаж өг. Наадах чинь банкны зүгээс ажилчиддаа өгсөн орон сууц. Чи ажлаас гарсан учраас одоо авна” хэмээн дайрсан байна.
Энэ үеэр хохирогч цагдаа дуудаж. Цагдаа нар ирээд “Прокурорын зөвшөөрөлгүй бусдын өмчид хууль бусаар халдлаа. Наадахыгаа даруй янзалж өг” гэсэн даалгавар өгч. Тэр зуур хэвлэлийнхэн ч хэргийн газар дээр очсон байна. Гэтэл “Капитал” банкныхан хулгайч аятай зугтаж алга болсон аж. Хэрвээ хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан тэд хэвлэлийнхнээс үргэж дайжаад давхихгүй. Албан ёсоор иргэнд мэдэгдэж, байраа суллаж өгөхийг шаардах ёстой. Тийм байтал хулгайч муур аятай харуй бүрийгээр айлын гэр рүү дайрч, хаалга үүдийг нь эвдэнэ гэдэг яавч хууль ёсны хэрэг биш.
Хэдийгээр тухайн иргэн банкинд ажиллаж байгаад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан ч гэсэн захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийсэн. Тийм учраас байрны гэрчилгээ ч гэсэн иргэний нэр дээр гарах ёстой. Зөвхөн захиалгын гэрээндээ ч байгаа юм биш, мөнгө төгрөгөө хүртэл төлчихсөн шүү дээ. Энэ бүх харилцаа “Шинэ дэлхий” гэх барилгын компани болон иргэн хоёрын хооронд болсон.
Тухайн иргэн төлбөрөө төлөхдөө өөрөөсөө гаргасан байна уу, банкнаас зээлсэн байна уу гэдэг гол биш. Барилгын компанид төлбөрөө төлсөн, тийм учраас иргэний л өмч. Харин банк иргэн хоёрын дунд зөвхөн зээлдэгчийн л харилцаа байгаа юм. Яах вэ, ажилчиддаа хөнгөлөлттэй зээл өгсөн гэдэг утгаараа зарим нэг гэрээ байгуулсан байх. Гэсэн хэдий ч банк дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрхтэй гэсэн үг биш шүү дээ.
Асуудал хаанаас эхлэв
“Капитал” банкнаас өнгөрсөн жил ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 80 гаруй хүнд орон сууцны зээл өгсөн. Тэр үед ажилчид “Шинэ дэлхий”, “Катринг”, “Би Энд Си” гэсэн гурван компанитай захиалгын гэрээ хийсэн аж. Тэгэхдээ ам.метрийг сая 350 мянган төгрөгөөр тооцсон байгаа юм.
Үндсэндээ барилгын компани, иргэн хоёрын дунд явагдсан процесс шүү дээ. Банк бол зөвхөн зээлээ л өгсөн. Гэтэл жилийн дараа “Капитал” банкны удирдлагууд ажилчдынхаа барилгын компанитай байгуулсан гэрээг дур мэдэн цуцалж, орон сууцаа ам.метрийг нь 1.8 сая төгрөгөөр бодож худалдаж ав гэж шахаа хийжээ.
Яаж ч бодсон банкинд ийм эрх байхгүй. Нөхдүүд ингэж дураараа аашилсныхаа учрыг “Банк их хэмжээний зээл олгосон байна. Их хэмжээний зээл олгохдоо компанийн тухай хуульд заасан ТУЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл аваагүй учраас гэрээг хүчингүй болгосон. Тэгээд ч тэр үед ажилласан жил нь хүрээгүй хүмүүс олон байсан. Тийм учраас буцааж авч байгаа юм” гэсэн тайлбар хийсэн байгаа юм.
Үнэндээ 80 гаруй хүнд зээл олгохдоо маш хурдан шийдэж, ажилд ороод 2-3 сар болж байгаа хүнийг хүртэл энэ хавтгайруулалтад хамруулсан юм билээ.
Тэгэхээр банк яагаад тийм хурдан зээл өгөх болов, ТУЗ-дөө яагаад хэлсэнгүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дээрээс нь банк хувь хүний худалдаж авсан орон сууцны үнийг жилийн дараа дур мэдэн нэмэх эрх ч байхгүй. Энэ бүх үйлдлийг нь цөөнгүй ажилтан нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Аргагүй шүү дээ, хэн ч гэсэн хууль бус үйлдэл гаргаж байгаа нөхдүүдэд зүгээр мөнгө өгчихийг хүсэхгүй. Ингээд л асуудал үүсч, Т.Ганчимэг, Г.Ойдов тэргүүтэй хүмүүс тэмцэж эхэлсэн байгаа юм. Гэтэл Г.Ойдовыг банкны эсрэг мэдээлэл өгсөн, элдэв юм ярьсан гээд ажлаас нь халсан. Улмаар байраа суллаж өг гэж шаардаж байсан ч энэ удаад хүч хэрэглэн дайрч, хаалга үүдийг нь эвдлээ. Тэгсэн мөртлөө “Чи ажлаасаа гарсан учраас байраа авмаар байна” хэмээн дайрах нь юуны учир вэ.
Ажилчдын байр “шавар”-аас гарах олс байсан уу
“Капитал” банкны удирдлагууд өнгөрсөн жилийн хавар гэнэтхэн бужигнаж, баахан хүнд орон сууцны зээл хавтгайруулан олгосон нь цаанаа нарийн учиртай байсныг тухайн үед салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.Ойдов тун тодорхой ярьсан байгаа. Учир чухам юунд байсан бэ гэдгийг дахиад нэг хөндөх хэрэгтэй байна.
2011, 2012 онд “Капитал” банк “Шинэ дэлхий, “Би Энд Си”, “Катринг” гэсэн гурван компанид барилгын санхүүжилтийн зээл олгосон байдаг аж. Тухайн үед барилгын компаниуд нь зээлээ аваад, барилгаа бариад явж байсан ч санхүүжилт нь ерөнхийдөө багассан байгаа юм.
Улмаар зээлээ эргэж төлж чадахгүй, хугацаа хэтрээд, чанаргүй болоод ирсэн аж. Яг тэр үеэр нь Монгол банкнаас “Капитал” банкинд шалгалт хийхээр болсон байгаа юм. Гурвын гурван барилгын компанид өгсөн зээл гэдэг мэдээж тэрбум тэрбумаар яригдах мөнгө байж таарна.
Тиймээс их хэмжээний зээл чанаргүйдээд ирэхээр банкны зохистой харилцаа алдагдана шүү дээ. Яг энэ үед нь Монголбанкнаас шалгалт орохоор янз бүрийн асуудал үүсч таарна гэдгийг тэд тооцоолжээ. Ингээд л асуудлыг аргалахын тулд ажилчдаараа бамбай хийж, орон сууцны зээл болгож хувиргах арга зохиосон гэнэ.
Тиймдээ ч байрны зээл авах сонирхолтой бүх хүнийг хамруулж, тэр ч битгий хэл дөнгөж ажилд ороод 2-3 сар болсон хүнд хүртэл боломж олгосон нь ийм учиртай байсан аж. Энэ бүхэн зээл авсан ажилчдын бичиг баримтаа бүрдүүлсэн байдлаас тов тодорхой харагдана гэдгийг хохирчихоод байгаа хүмүүс хэлж байна.
Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон одоо болтол нүдэн балай чихэн дүлий суусаар л байна. Магадгүй “Капитал” банкны удирдлагуудын зүгээс ажилчдаа дарамталж байгаа энэ үйлдэл нь тус байгууллага санхүүгийн чадамжийн хувьд муудсаны нэг илрэл ч байж магадгүй шүү дээ.
Тиймээс одоо ажилчиддаа өгсөн байрыг хурааж аваад дахиж зарах, эсвэл ам.метр тутамд мөнгө нэмж хэдэн төгрөг олох заль зохиож байгаа нь энэ ч юм бил үү, хэн мэдлээ.
Яагаад гэвэл, “Капитал” банк 80 гаруй ажилчдынхаа худалдаж авсан байрын ам метр тутмын үнэ дээр 450 мянган төгрөг нэмээд, түүнийгээ авч чаддаг юм гэхэд 1-2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах гээд байгаа юм. Зүгээр энгийн тооцооллоор бодоход л энэ шүү дээ.
Одоогоор эхнээсээ хэл амгүйхэн байраа өгчихсөн, эсвэл зөрүү мөнгийг нэмээд банкинд тушаачихсан хүмүүс ч байгаа юм билээ. Тухайлбал, Цэвэлмаа гэх эмэгтэйг жирэмсэн боллоо гэж ажлаас нь халсан төдийгүй байрыг хурааж авсан гэж байгаа.
Энэ мэт жишээ олон байна. Тиймдээ ч банкны удирдлагууд амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр бусад хүмүүсийг ч гэсэн байрнаас хөөх, эсвэл нэмсэн мөнгөө төлөхийг шаардсаар л байна. Энэ байдалд хууль хяналтынхан, Санхүүгийн зохицуулах хорооноос оролцож эхлэхгүй бол цаашлаад иргэдийн өмчид эзгүй хойгуур халдаж, байр савыг нь хурааж авч, цоожийг сольчихоод хулгайч царайлаад сууж байхыг үгүйсгэх арга алга.
Н.Пунцагболд
URL: