Төрийн өмчийн газарт зөвшөөрөлгүйгээр халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр олон бүтээн байгуулалт тохижилтын ажил хийдэг ч тодорхой хариуцсан эзэн байхгүй, хамгаалалт арчлалтгүйгээс болж, эвдрэх, устаж үгүй болох зэрэг үргүй зардал гарсаар байсан юм.
Тиймээс нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө, нийслэлийн захиргааны байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн дүнд гадаадын зээл тусламж, хандив, бэлэглэл, төслийн хөрөнгөөр нийслэлийн өмчид шинээр бий болсон болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн нийтийн зориулалттай эд хөрөнгийг тоолох ажлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу анх удаа зохион байгууллаа.
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тоолохдоо автозам, замын байгууламж, явган зам, үерийн хамгаалалтын далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, мод, бут сөөг, ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэн, спорт, хүүхдийн тоглоом, амралт чөлөөт цагийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, өндөрлөг, гэрэлтүүлэг зэргийг хамруулан тоолж хамгаалалтад авчээ.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/586 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэн, ашиглуулсан, өмчлүүлсэн болон улсын “Тусгай хэрэгцээ”-нд авснаас бусад газрыг тоолж бүртгэлжүүлэн хамгаалалтад авч, хил зааг, тоо хэмжээг тодорхойлох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр сунгаж хашаа, байшин, өргөтгөл барих, нийтийн зориулалттай орон сууцанд үйлдвэрлэл, үйлчилгээний өргөтгөл хийх, орчны нийтийн эдэлбэрийн газарт гараж, контейнер, түц, павильон байршуулах, нийтийн зориулалттай өмч хөрөнгө, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг эвдэж сүйтгэх зэрэг түгээмэл гардаг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх юм.
Одоогоор төрийн өмчийн хамгаалалтад авсан газруудад хориглох тэмдэг байршуулсан бөгөөд тэмдэгжүүлсэн газарт иргэн аж ахуйн нэгж дур мэдэн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр халдах юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: