Хятадууд бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр захиалж агнуулжээ

Хятадууд бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр захиалж агнуулжээ

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бөхөн хууль бусаар агнасан хэргийн захиала г ч нь хятадууд байсныг тогтоожээ.

Өнгөрсөн сард тус сумын эрхэлсэн тодорхой ажилгүй Т, Н нар бөхөнгийн олон тооны эвэр тээвэрлэж явахдаа саатуулагдсан юм. Тэд бөхөнгийн 74 эвэр, үнэг, мануулыг арьс авч явжээ. Түүнээс гадна сэжигтнүүд саатуулагдах үедээ цагдаагийн ажилтны өөдөөс эсэргүүцэж биед нь гэмтэл учруулсан юм.

Тиймээс уг үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн шалгасан байна. Хэргийг шалгах явцад тус аймгийн харьяат Ц гэгч түүхий эдийн ченж эмэгтэйн захиалгаар үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэрээр хятадуудаас захиалга авч нутгийн иргэдээс нэг бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байжээ. Түүний эл үйлдэл зохион байгуулалттай төдийгүй БНХАУ руу гаргах зорилготой байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Учир нь Ц аймагтаа түүхий эдийн ченж хийж, Хятад руу барааг гаргадаг аж.

Тэрээр хятадууд бөхөнгийн эврийг эмийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг талаар мэдүүлжээ. Бөхөн Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай аймгийн Тонхил, Хөхморьт сум, Ховд аймгийн Чандмань, Дарви суманд нутагладаг.

Сүүлийн үед ховор ан амьтныг хууль бусаар агнах, тээвэрлэх хэрэгт орон нутгийн иргэд төдийгүй малчид холбогдох болсныг хуулийн байгууллагынхан онцоллоо. Улаан номонд орсон ховор амьтныг хууль бусаар агнаж, худалдаалж, тээвэрлэсэн бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих