Цэрэг татлага баасан гаригт эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын А/872 дугаар захирамжийн дагуу 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явагдана. Харин 2012 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан дайчид өнөөдөр халагдаж байгаа аж.
Нийслэлийн цэрэг татлага орон нутагтай адилгүй явагдах юм байна. Учир нь цэрэг татлагыг орон нутгуудад аймгийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн хэмжээний цэрэг татлагыг нийслэлийн Засаг даргын захирамжаар дайчдыг цэргийг албанд татах аж.
Энэ удаагийн нийслэлийн цэрэг татлага найман дүүрэгт зохион байгуулагдана. Харин ирэх тавдугаар сард үлдсэн Багануур дүүрэгт цэрэг татлага явагдах аж. Цэргийн зарлан дуудах хуудас аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр завсардсан буюу цэрэг татлагын товчоонд очоогүй иргэдэд Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ буюу торгуулийн арга хэмжээ авдаг байна.
Тодруулбал, дүүргийн Засаг дарга, цэргийн штабын дарга 50 мянга хүртэл, багийн Засаг дарга нар 10 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эрхтэй байдаг. Харин нэгээс дээш удаа завсардсан иргэдийг цэрэг татлагын үеэр болон цэрэг татлага дууссаны дараа мэдэгдэх хуудсаар дуудаж шалтгаан нөхцөлийг нь тогтоодог байна.
Нийслэлийн хэмжээнд энэ удаагийн цэрэг татлагаар 20 орчим мянган цэргийн үүрэгтнүүдэд зарлан дуудах хуудас тараажээ. Эдгээр иргэд цэрэг татлагын гурван өдөр хуваагдаад өөрийн харьяа дүүргийн цэрэг татлагын товчоогоор асуудлаа шийдүүлэх юм. Цэргийн зарлан дуудах хуудсанд тухайн иргэнийг хэдний өдөр, хэдэн цагт, хаана очсон байх ёстойг тодорхой зааж өгсөн байна.

URL:

Сэтгэгдэл бичих