Худалдан авах ажиллагаанд шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжинэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас санаачлан Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс хамтран “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Төсвийн хөрөнгөөр хэрэгжих бараа, ажил үйлчилгээнд чанартай гүйцэтгэгч сонгоход үүсч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, хуулийн хүрээнд зохицуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих боломж нөхцлийг нэмэгдүүлэх, тендерт оролцогчдын идэвхийг дээшлүүлэх нь зөвлөгөөний гол зорилго юм.
Зөвлөгөөнийг нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаан гэсэн хоёр үе шатаар хийх бөгөөд тендерт оролцогч аж ахуйн нэгж, хувь хүмүүс болоод тендерийн зохион байгуулалтыг хариуцдаг шат шатны байгууллагуудын хооронд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгах талаар чөлөөт хэлэлцүүлэг хийж, шийдвэртэй алхамд хүрэхийг зорьж байна.
Ингэснээр Худалдан авах ажиллагааг зохион байгуулагч мэргэжлийн байгууллагын хувьд алдаа оноогоо бодитоор дүгнүүлэхийн хамт сонгон шалгаруулалтыг алдаагүй, ил тод, шударга явуулах талаар үнэтэй санал, шүүмжлэл авна хэмээн хүлээж байна.
Иймд аж ахуйн нэгж компаниуд уулзалтад идэвхитэй оролцохоос гадна мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагууд салбараа төлөөлөн хариуцлагатай хандахыг уриаллаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих зорилгоор тендерийн бичиг баримт дээр үнэлгээ хийж, зөвлөгөө заавар өгөх таатай завшааныг бүрдүүлэх юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
URL: