Эрх чөлөөний хөшөө үүдээ нээнэ

АНУ-ын төсвийн хямрал үргэлжилсээр байгаа ч тус улсын гол бэлгэ тэмдэг болсон Эрх чөлөөний хөшөө ойрын өдрүүдэд үүдээ нээн, зочид хүлээн авах гэнэ. Мөн АНУ- ын дөрвөн Ерөнхийлөгчийн төрхийг мөнхөлсөн Рашмор болон Их Каньон уул ч жуулчдад нээлттэй болохоор бэлтгэлээ хангасан аж. Нью-Йорк мужийн губернатор Эндрю Куомогийн мэдээлснээр, Эрх чөлөөний хөшөөний үйл ажиллагааг дахин эхлүүлэхийн тулд мужийн захиргаа Үндэсний хүрээлэнгийн албанд өдөр бүр 61.6 мянган ам.доллар хуваарилах юм байна. Тус улсад нүүрлээд буй төсвийн хямралаас шалтгаалан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд болон музей зэрэг олон нийтийн газрууд үүдээ барьсан билээ. Харин өнгөрөгч пүрэв гаригт хэд хэдэн мужийн удирдлага Холбооны Засгийн газарт хандан тухайн мужийн нутаг дэвсгэрт оршдог төсвийн орлого бүрдүүлэгч газруудын үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Губернаторуудын онцолсноор, аравдугаар сар зочид, жуулчид ихээр зорчдог орлого ихтэй сар аж. “Эрх чөлөөний хөшөө” 11 өдрийн турш хаалттай байсан бөгөөд энэ хугацаанд асар их алдагдалд орсон гэнэ. Долоо хоног тасралтгүй ажилладаг эл газрыг өдөр бүр 7-10 мянган жуулчин сонирхдог юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих