Түрийвч түнтийлгэх түр горим ба гаальчид баяжих арга
-Гаалийн татвар төлөөгүй 300-гаад машин Гашуунсухайтаар орж иржээ-
Гаальчдын авлига хууль ёсны болжээ. Гашуунсухайтын Гаалийн газрын дарга н.Сүхбаатар, Б.Батгэрэл нарын түр горимоор мөнгө завшсан байх явдал ч хууль ёсны болж таарч байна. Монголоос нүүрс зөөвөрлөхөөр гаалийн бүсэд түр оруулж ирсэн автомашины эзэмшигч техникээ буцааж хилийн чанадад гаргахдаа гаалийнханд “барьцаалсан” мөнгөө авах ёстой.
Гэтэл яагаад ч юм бэ өнөөх автомашины зарим эзэн түр горимд байршуулсан мөнгөө авалгүй алга болох нь бий. Энэ нь хил дээрх гаалийнханд ашигтай. Өөрөөр хэлбэл, машин буцаж гарсан нь үнэн. Тиймээс түр горимд байршуулсан мөнгийг “хууль бус эзэд” авлаа гэхэд улс хохирохгүй. Чухам ийм л хууль ёсны журмаар Гаалийн газрын дарга нар баяжиж “Lexus-570″ хөлөглөж, хувийн шатахуун түгээх станц барьж байгаа явдлыг хууль ёсны авлига гэж хэлэхээс аргагүй юм.
Гэхдээ Хятадаас автомашин түр оруулж ирсэн нөхөд мөнгөө барж ядсандаа гаальчдад “бэлэглээд” буцдаг уу гэвэл үгүй бололтой. Түр горим нэрийн дор татвараас зайлсхийсэн нөхрийн автомашин үнэхээр буцаж гарсан уу, эсвэл нэг удаад мөнгө барьцаалчихаад хил хооронд олон удаа нүүрс тээвэрлэснийхээ авлигыг үлдээгээд буцав уу гэдэг хардлагыг бататгах ээлжит баримтуудыг энд сөхье.
Гаалийн ерөнхий газрын дарга нь барааг Монголд түр оруулж ирэх, хилийн чанадад буцаан гаргах “түр горим” гээч журмуудыг батлан гаргаж хил дээр хэрэгжүүлж байгаа билээ. Монголд бүр мөсөн импортлогдоогүй бараа, техникт үйлчилдэг энэ л журмаар “Өрнө дорно транс” ХХК-ний 288 тээврийн хэрэгсэл Гашуунсухайтын боомтоор манай улсын хилийг өнгөрсөн оны сүүлээр нэвтэрчээ. Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан журам ёсоор бол дээрх тээврийн хэрэгсэл Монголд байх хугацаандаа улс хооронд тээвэрлэлт хийхгүй.
Хэрэв хил гарах бол хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийн буцаж гарахдаа гаальчдад барьцаалсан мөнгөө авна. Эргээд Монголын гаалийн бүсэд орж ирэхдээ түр горимд мөнгөө байршуулж, гаалийн бүрдүүлэлтийг дахиж хийх учиртай. Гэтэл дээрх 288 автомашиныг эзэмшигч нь буцааж гаргахдаа гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай баримт бичгүүдийг хавсаргаагүй байдаг.
Өөрөөр хэлбэл, Гашуунсухайтын гаальчид автотээврийн хэрэгслийг Монгол Улсын бүртгэлээс хасуулсан баримт, явуулын түр дугаар, мөн улсын хилээр орсон гаалийн мэдүүлэг, техникийн баримт бичгийг шаардахгүйгээр бүрдүүлэлт хийжээ. Яг үнэндээ энэ 288 автомашин хятад руугаа буцсан уу гэдэг одоо ч эргэлзээтэй. Учир нь 2010 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр “нутаг буцсан” гэх автомашинуудын 86 нь мөн сарын 23-ныг хүртэлх хугацаанд улс хооронд нүүрс тээвэрлэсэн бүртгэл холбогдох компаниудад баримт болон үлджээ.
Өдгөө Гашуунсухайтын Гаалийн газрынхны хуудуутай үйлдэл илэрч эхлэнгүүт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Монголд бүр мөсөн орж ирсэн гэсэн тайлбар гаалийхнаас дуулдаж байна. Гэтэл Монголын нутаг дэвсгэрээс гарсан гэх хугацаанд, улс хооронд “Энержи ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсийг “Өрнө дорно транс” компанийн 91 чиргүүлтэй автомашин 1-2 удаа тээвэрлэсэн болох нь гаалийн мэдүүлгийн “баазын мэдээллээр бас нотлогдож байгаа юм.
Гашуунсухайт хилийн боомт дахь гаалийнхны түрийвчийг түнтийлгэсэн “Түр горим”-ын ард үнэндээ хууль ёсны авлига цэцэглэлээ. “Транс говь” ХХК-ийн 50 гаруй автомашин мөн л түр горимоор орсон, гарсан гэх нэрийн дор улс хооронд тээвэр хийж, Монголын нүүрсийг хятад руу зөөсөөр байна. Гаальд Монголд байхгүйгээр бүртгэгдсэн дээрх 50 гаруй машины 25 нь Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс тээвэрлэлт хийсэн баримт ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавын бичиг, цаасан дор хав дарагдсаар.
Монголын гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг буцаж гараагүй байхад гарсан мэтээр гаалийн бүрдүүлэлт хийсэн Гаалийн газрын дарга, улсын байцаагчдыг яавч уучлах хэрэг биш билээ. Тэдний хууль ёсны авлигын ард байгалийн баялаг дундарч, улсын төсөвт орох ёстой мөнгө гаальчдын халаасанд орсоор байгаа ээлжит баримтаа бид энэ хүргээд өндөрлөе. Дараагийн цувралдаа Өмнөговийн нүүрс гаальчдын хяналтаас гадуур хэрхэн экспортлогдож байгааг дурьдах болно.
Б.Алтантуул http://www.niigmiintoli.mn/
URL: