“Eznis airways”-ийн онгоцны сэнс галаар үлээж байжээ
ИНЕГ-т нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой мэргэжлийн бус алдаа удаа дараа гарсан ч удирдлагууд нь нуун дарагдуулж байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 6-ны 18 цагт Улаанбаатар-Дорнодын чиглэлд нислэг үйлдсэн “Eznis airways компанийн “СААБ-340” онгоцонд саатал гарч зорчигчдыг чирэгдүүлсэн юм. Энэ удаа тус онгоцоор зорчсон иргэн Б, Д нартай уулзаж болсон явдлын талаар тодрууллаа.
-Та бүхэн энэ сарын 6-нд Улаанбаатараас Дорнодын чиглэлд “Eznis airways” компанийн “СААБ-340” онгоцоор үйлчлүүлсэн гэсэн. Тэр өдөр ямар саатал гарсан бэ?
-Тэр өдөр онгоц нисэхийн өмнөөс эхлээд зорчигчдыг багагүй чирэгдүүлсэн. Бид 13.30 цагт нисэх ёстой байсан. Нислэгийн хуваарьт ч тэгж байгаа. Гэтэл “Онгоц Өмнөговиос ирээгүй байна, цаг агаар муу” гэж хүлээлгэж байгаад 15.30 цагт ниснэ гэж зарласан. Гэтэл удалгүй бас л цагаа өөрчилж, 18.30 цагт нисэх боллоо гэсэн. Тэгээд бас л хүлээсэн, ингээд 19 цагийн үед ниссэн. Зорчигчид бүхээгтээ орж суугаад онгоц ч хөөрч 30 орчим минут ниссэний эцэст саатал гарлаа гэсэн.
-Түүнийгээ юу гэж тайлбарлаж байх юм?
-Онгоцны баруун талын сэнснээс гал хаяж байсныг бодоход тэнд ямар нэгэн юм шатаж, шаталт болсон байх. Галаар үлээгээд байсан. Онгоц далбилзаад байсан. Зорчигчдын сууж явсан бүхээгийн гэрэл унтарч харанхуй болсон. Хүмүүс айгаад хөдөлж ч чадахгүй, дуугарч чадахгүй болчихсон.
-Тэгээд шууд буусан юм уу?
-Онгоц агаарт зогсч байгаа юм шиг болчихсон. Нэг хэсэг далбилзсан. Тэгээд их удаан эргээд Улаанбаатарын чиглэлд эргэж ниссээр буулт хийсэн. Тэр хооронд их удаан явсан. Харин аз болоход нисэгч нь мэргэжилдээ сайн, туршлагатай хүн таарсан санагдсан шүү. Нисэгчийн ачаар аюулгүй газардсан.
-Зорчигчид айж сандарсан гэж байна. Та бүхнийг албаныхан тайвшруулсан байх?
-Онгоц газардахад үйлчлэгч нь “Сая юу болов, сэнснээс гал гараад байсан. Б лав дахиж энэ онгоцонд суухгүй” гэж байсан. Уг нь үйлчлэгч нь зорчигчдыг тайвшруулах ёстой байтал харилцааны наад захын соёлгүй байсан. Бас онгоцонд явж байхад “Манайх нислэг үйлдэх боломжгүй болчихлоо, гэхдээ яахав печенийг чинь өгчихье” гэж байсан юм даа.
-Онгоцонд хэдэн зорчигч явсан бэ?
-18 хүн явсан. Сүүлд онгоцны сэнснээс гал гарч буугаад өөр онгоц нисэхэд гурван зорчигч айгаад тасалбараа буцаасан. Тэнд сууж явсан хүмүүс бүгд маш их айж сандарсан байсан. Онгоц буухад эмч ирсэн ч биднийг үзээгүй. Хүмүүс хэл ам хийж байж бүр сүүлд ирж үзсэн болоод явсан.
- “Eznis airways” компани зорчигчдоосоо албан ёсоор уучлалт гуйсан уу?
-Компани нь ч, ажилтнууд нь ч огт тоосон шинжгүй байсан. Ер нь ийм хайхрамжгүй байдал орон нутгийн нислэгийн үед байнга давтагдаж байдаг ердийн үзэгдэл болсон гэдэг юм билээ.
URL: