Зөвхөн Монголын Сайтын Холбооны гишүүд ”FIFA World Cup-2014”-г онлайнаар толилуулна
Дэлхийн 7 тэрбум хүнийг нэг дор нэгтгэж чаддаг томоохон баяруудын нэг Хөл бөмбөгийн ДАШТ юм. 2014 оны 06 сарын 12-ноос 07 сарын 13-ны өдрүүдэд Бразил улсын 12 хотод зохион байгуулагдах уг тэмцээнийг Монгол эх орондоо шууд дамжуулах албан ёсны, онцгой эрхийг “Тод Харуулна” уриатай ETV HD Телевиз эзэмшиж байгаа. Тэд телевиз, радио, сонин хэвлэл, интернэтээр болон гудамж талбайд олон нийтэд дамжуулах эрхээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон аж ахуйн нэгжүүдтэй хуваалцаж эхлэж байгаа юм.
Өнөөдөр хамгийн анхны гэрээг Монголын Сайтын Холбоо, ETV HD Телевизтэй байгуулснаар зөвхөн тус холбооны гишүүн 92 сайт ДАШТ-ний мэдээ, мэдээллүүдийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр түгээх, дамжуулах эрхтэй боллоо.
Гэрээнд гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
ETV телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат: Үсрэнгүй хөгжиж байгаа интернэтийн ертөнцөөр дамжуулан хүн төрлөхтний хамгийн том баяруудын нэг болох ДАШТ-ний мэдээ, мэдээллийг түгээх гэрээг Монголын Он-Лайн ертөнцөд хамгийн том сүлжээ үүсгэн, нэгдсэн бодлоготой ажиллаж чадаж байгаа Монголын Сайтын Холбоотой үзэглэсэндээ баяртай байна. Бид цаашид ч олон үйл явдал дээр оюуны өмчийн онцгой эрхийг дээдлэн хамтран ажиллана хэмээн найдаж байна.
МоСаХ-ны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан: Интернэтийн ертөнцд оюуны өмчийг эрхэмлэх соёлыг бүрдүүлэх тал дээр манай холбоо байнга анхаарал хандуулан ажилладаг. Энэ удаад эх орныхоо нийт спорт сонирхогчдод ДАШТ-ий мэдээ, мэдээллүүдийг түргэн, шуурхай, чанартай, үнэн зөв эх сурвалжаас хүргэх онцгой эрхийг зөвхөн МоСаХ-ын гишүүн 92 сайт эзэмших болсон нь үнэхээр томоохон амжилт юм. Манай холбооны гишүүн сайтуудтай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдийн хувьд ч энэхүү гэрээ томоохон боломж болж харагдаж байгаа хэмээн итгэж байна.
Гэрээг ETV телевизийг төлөөлж ETV HD телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, Спортын албаны дарга Т.Ганзул нар, Монголын Сайтын Холбоог төлөөлж МоСаХ-ны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, ЕНБДарга Ж.Хулан нар үзэглэв.
Ирэх жилийн хамгийн том баяр ДАШТ болох нь гарцаагүй бөгөөд тэмцээнийг тойрсон дуулиан, шуугиан, хов жив, ялалт, ялагдлын мэдээг он лайн ертөнцийн үнэнч уншигч, үзэгчдэд дамжуулах албан ёсны, онцгой эрхтэй гэрээ байгуулж чадсан МоСаХ-ны гишүүн сайтуудын тоо өргөжин, Монголын интернэт сэтгүүлзүйн орчинд оюуны өмчийг дээдлэх соёл улам хөгжих болтугай.
URL: