“Амьдрах сайхан” киноны продюсер долоон жилийн ял авлаа

“Амьдрах сайхан” киноны продюсер долоон жилийн ял авлаа

Ром хотын шүүхээс Италийн продюсер, сенатч асан Витторио Чекки Гориг долоон жилийн хорих ялаар шийтгэжээ.

Өдгөө 71 насыг зооглож буй продюсерийг 2006 онд Finmavi кино компанийг дампууруулахад хүргэсэн төдийгүй тус компанийн 600 сая гаруй еврог шамшигдуулсан хэмээн буруутгасан талаар L’Unita мэдээлсэн байна.

Мөн түүний туслахаар олон жил ажиллаж байсан Луижи Баронег 5.5 жил хорихоор болсон аж.
Түүнчлэн Чекки Гориг хорих ялаар шийтгэхийн зэрэгцээ хэд хэдэн томоохон кино компаниудын хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг хувьдаа шамшигдуулсан зүйлсийг эргүүлэн төлүүлэхээр болж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасчээ.

La Repubblica сонины мэдээлж байгаагаар энэ оны хоёрдугаар сард Чекки Гори Safin Cinematografica хэмээх өөр нэгэн кино компанийг дампууруулсан хэргээр 11,5 сая еврогийн торгууль төлөх, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм.

Сонирхуулахад, Finmavi кино компанийг Чекки Гори эцэг Марио Чекки Горигоос өвлөн авсан бөгөөд нийт 180 кино бүтээсний дотроос хамгийн алдартай нь Америкийн найруулагч Майкл Рэдфордын найруулсан “Шууданч”, Роберто Бенинигийн найруулж, гурван “Оскар” хүртсэн “Амьдрах сайхан” кинонууд билээ.

2000 он гарснаар түүний санхүүгийн хүндрэлүүд эхэлж, кино компанийнхаа хувьцааны ихэнх хэсгийг заржээ. 2002 онд түүнийг 1993-2002 оны хооронд Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Фьорентина” хөл бөмбөгийн клуб дампууруулсан хэргээр баривчилж байсан юм.

Түүнчлэн 1996, 2001 онуудад Италийн Ардын Намаас нэр дэвшин, сенатаар сонгогдон ажиллаж байсан түүхтэй ажээ.

Б.Ананд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих