Балмад этгээдийг хүрээлэлдээ багтаасан нь Н.Номтойбаярын алдаа байв

Балмад этгээдийг хүрээлэлдээ багтаасан нь Н.Номтойбаярын алдаа байв

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хутгалуулсан гэгдэж байсан “Мунзуй” хэмээгдэх Г.Нямдорж одоо Н.Номтойбаяр гишүүн рүү хутга барьж дайрсан гэх үндэслэлээр цагдаад байцаагдаж эхэлсэн гэнэ.

Түүнд УИХ-ын гишүүний эрхэнд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд тухайн үед юу болсон талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, Г.Нямдорж гэгчийн амьдралыг “хүүрнэн өгүүлсэн” гэхэд болно. Тэрбээр “Би Г.Нямдоржийг сайн таньдаг байсан. Тэр хүн 14 жил шоронд сууж өөрийгөө яаж хамгаалах вэ, хэрхэн амар хялбар аргаар мөнгө олох вэ гэдэгт суралцсан хүн шүү дээ. Миний хувьд 14 жил хоёр ч их сургуулийг дүүргэж, долоон жил төрийн төлөө зүтгэсэн. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, өрөөл бусдад хэрхэн туслах вэ гэдэгт суралцсан. Энэ бол бидний хоорон дахь ялгаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн.

Түүний ярианаас Н.Номтойбаяр гишүүн Г.Нямдоржтой танилаас илүү холбоотой байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм. Үүнийх нь дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Мунзуй” хочит Г.Нямдоржийн өмнө нь холбогдож байсан хэргүүдийн түүх хөвөрч эхэлсэн нь учиртай.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тайлбарласнаар Г.Нямдорж гэгч нь гэмт хэрэгтэн, танхай балмад этгээд байж болно. Харин тэр түүхийг нь олон нийтэд хичээл заах хэмжээнд мэдэж байсан атлаа өөрийгөө “тийм” хүнийг хүрээлүүлж байсан нь Н.Номтойбаяр гишүүнийг хэн 6э гэдгийг олон нийтэд түвэггүй хэлээд өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын туслах, бие хамгаалагч байсан гэгдэх Б.Батзориг ч мөн адил хэцүү нэртийн хаалга татаж явсан нэгэн гэдэг. Түүний туслахаар долоон жил ажилласан Б.Батзориг гэгч УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн эрхэм гишүүнтэй холбоотой зарим баримтүудыг дэлгэж нэлээд шуугиан тарьсан. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хувийнхаа нисдэг тэргээр дархан цаазат газарт баавгай агнасан, “Brix” бааранд С.Ганбаатар гэгч нөхрийг ямар ч шалтгаангүйгээр зодож, үүдэн шүдийг нь цөмлөсөн. “МАК” компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд их хэмжээний хахууль өгсөн, согтуу үедээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Жавхланг дарамталсан, мөн үйлчлэгч бүсгүйгээ хүчирхийлсэн” хэмээн ярьсан бичлэгээ баримтжуулан олон нийтийн цахим сүлжээгээр цацаж байсан.

Энэ бүх мэдээллийг хийснийхээ дараа Б.Батзориг гэгч нь эх орондоо амьдрахаас айн Н.Номтойбаярын нүднээс далд байхаар шийдэн гэр бүлийнхнийхээ хамт гадны орон руу дүрвэсэн тухай мэдээлэл бий.

Монголын парламентын түүхэнд иймэрхүү хэрэг, түвэгт нэр холбогдож, танхай балмад этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлж байсан Н.Номтойбаяр гишүүн шиг хүн өнөөдрийг хүртэл тодроогүй. Тухайлбал, улстөрчдийн дунд Н.Номтойбаяр шиг хэл аманд өртөж байсан хүн байна уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, өнөөдөр хамгийн муугаараа дуудуулаад байгаа Н.Энхбаяр хүртэл иймэрхүү асуудал үүсгэж, намынхан болон ард түмнийхээ чихнээс хонх уяж байгаагүй юм шүү.

Үүгээрээ УИХ-ын гишүүн хүн алдаж, оносон хэн нэгэнтэй найзалж, нөхөрлөж болохгүй гэж хэлэх гэсэнгүй. Ердөө л “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий гэдгийг л сануулах гэсэн юм.

Энд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан уу, хүнд хутгалуулах дээрээ тулсан уу гэдэг асуудал огтхон ч хамаагүй. Харин Н.Номтойбаяр гэдэг хүн ард түмнийг төлөөлөн УИХ-д суух хэмжээнд “хатаагдсан” хүн мөн үү гэдэг л чухал асуудал болж хувираад байгаа юм.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих