Монгол Улсын өр 4.1 тэрбум ам.долларт хүрчээ
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Сангийн яам хамтран өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын төсөв, санхүүгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа Монгол Улсын өрийн талаар танилцууллаа. Түүний танилцуулсан судалгааг тоймлон хүргэе.
1990 оноос хойш Монгол Улс 2.7 тэрбум ам.доллар зээлжээ
1990 оноос хойш Монгол Улс нийт 2.7 тэрбум ам.долларын гадаад зээлийг авчээ. Одоогийн байдлаар манай улс 990 сая ам.долларыг буцаан төлсөн байна. Цаана нь хоёр тэрбум орчим ам.долларын үлдэгдэл байгаа аж. Манай улс 2030-аад он хүртэл өрөө эргэн төлөх юм. Ингэхдээ жил бүр бид 50-60 сая ам.доллар төлөх тооцоо байгаа гэнэ.
Судалгаагаар 2015 оноос эхлэн манай гадаад зээлийн эргэн төлөлт өндөр төвшинд очих юм. Өөрөөр хэлбэл, жилдээ 80 орчим сая ам.доллар төлөх хэмжээнд хүрээд эргэн бага түвшинд очих аж. Нийт авсан зээлийн зарцуулалтын 26 хувь нь нийгмийн салбарт, 74 хувь нь эдийн засгийн салбар буюу үйлдвэр, барилга, холбоо зэрэгт зарцуулагдсан байна. Үүний дагуу хэрэгжүүлсэн 189 төсөл хөтөлбөр байдгаас 161 нь хэрэгжээд дууссан дүнтэй байгаа юм.
Дээр дурдсан манай улсын өр болох хоёр тэрбум ам.доллар дээр 1.5 тэрбумын Чингис бонд, 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бондыг нэмбэл бид 4.1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэрлэсэн үнээрээ энэ нь долоо орчим их наяд төгрөг болж байгаа гэнэ. “Нэрлэсэн буюу нийт зээлийнхээ үлдэгдлийг авч үзэхэд энэ нь төдийлөн зөв харьцуулалт биш юм. Энэ зээлийг бид яг одоо төлөх гэж байгаа хэрэг биш. 5-10 жил, заримыг нь 30-40 жилийн дараа төлөх зээл юм. Одоогийн байдлаар Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа” гэж Б.Нямаа хэлсэн юм. Түүнчлэн Чингис бондод жилд 70 орчим сая ам.доллар төлж байгаа аж.
2.5 их наяд төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ
Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжсан билээ. Мөн Чингис бондоор 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаад байгаа. Үүнээс гадна дотоод зах зээл дээр Засгийн газар үнэт цаас арилжиж эх үүсвэр босгодог. Үнэт цаас гаргагч нь Сангийн яам. Сангийн яам өөрөө гаргаж байгаа ч хуулийн дагуу Монголбанк Засгийн газрын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Төвбанк Засгийн газрын бондын арилжааг зохион байгуулдаг гэнэ. Одоогоор энэ бондын гол худалдан авагч нь арилжааны банкууд байна.
Өнгөрсөн оныг хүртэл дотоодын зах зээл дээр 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалжээ. Энэ оны хагас жилийн байдлаар нийт гаргасан үнэт цаас маань эргэн төлөгдсөөр 1.2 их наяд төгрөгийн дотоод зээлийн үлдэгдэлтэй байгаа. Гаргасан хэмжээгээр нь харвал 2009 оноос хойш бондын арилжаа идэвхжсэн байна.
2014 онд Монгол Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй
Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын нийт өрийг 2012 онд 60, 2013 онд 50, 2014 оноос 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт тавьсан байна. Их хэмжээний өр тавьснаасаа болоод Засгийн газар өрийн дарамтад орохгүй байхад чухал ач холбогдол өгч байна.
Ж.Цогзолмаа ЗУУНЫ МЭДЭЭ
URL: