Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сар бүрийн сондгой долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн анхаарал татсан асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулах боломжтой байдаг. Энэ дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2013 оны эхний 8 сарын байдлаарх макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өглөө.
Манай улсын эдийн засаг энэ оны I улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бол II улиралд өсөлтийн хурд эрчимжиж, эхний хагас жилийн дүнгээр 11.3 хувьд хүрчээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр 6 дугаар сард ашиглалтад орж, зэсийн баяжмалаа 7 дугаар сараас экспортолсон, “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам, дэд бүтцийн байгууламжууд барьж эхэлсэн, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр бодит салбарыг дэмжсэн нь өсөлтийн хурдад нөлөөлсөн гэж Ерөнхий сайд хэллээ.
Инфляцийн түвшинг бууруулахаар Засгийн газар шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2012 оны эцэст 14.2 хувь байсан инфляци 6.7 хувьд хүрч буурчээ. Экспорт эхний 8 сард өмнөх оноос 6 хувь буурч, 2.7 тэрбум ам.доллар байлаа. Нүүрсний экспорт 21 хувиар, бас нүүрсний үнэ 30 хувь буурсан нь үүнд голлон нөлөөллөө гэлээ.
Валютын ханш 2013 оны дунд хүртэл тогтвортой байсан ч сүүлийн сард өсөөд байна. Гадаад валют орж ирэх урсгал буурсан, дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой байсан. Харин ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1,1 хувь буурч, 7.3 хувь боллоо. Барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 77 мянган хүн шинээр ажилтай болж, үүнийг дагаад гадаадаас авах ажиллах хүчний тоо эрс буурсан гэж Ерөнхий сайд танилцууллаа.
Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна. Ургац хураалтад цэргийн 800 албан хаагч, 300 гаруй оюутан гэрээгээр ажиллуулсан, борлуулалтад шинэ зохицуулалтууд хийснийг Ерөнхий сайд онцоллоо. Нийслэлд 28 цэгт түр төв байгуулан хүнсний ногооны борлуулалт хийж, үүний зэрэгцээ Дүнжингарав худалдааны төвд 760 гаруй ногоочин худалдаа хийж байна.
Энэ онд 2900 км авто замын барилга, 175 км замын их засвар шинэчлэлт хийж байна. Төмөр зам, барилга, хот байгуулалтын салбарын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Нийслэлд шинэ төлөвлөлт хийх, орон нутагт аймгийн төвүүдийг хот болгох хөгжлийн төлөвлөгөөнүүд гаргаж байна. Хилийн боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих, одоо байгаа станцуудын хүчин чадлыг нэмэх ажлуудыг эрчимжтэй хийж байна гэсэн ерөнхий мэдээллүүд өгөөд, УИХ-ын гишүүдэд бичгээр тарааж өгсөн материалд дэлгэрэнгүй тооцоо, ажлын явцын талаар тайлагнасныг Ерөнхий сайд дурьдлаа. Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Япон улсад 9 дүгээр сарын 11-14-нд хийсэн албан ёсны айлчлалын гол үр дүнг болон энэ сарын 21-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын төлөвлөгөөг танилцууллаа.
Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй том төслүүдийн явцын талаар ийнхүү танилцуулаад Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: