“МАХН болон АН-ыг тараана” гэв

Монголын ард түмний хянан шалгах хорооноос МАХН болон АН-д улс төрийн хариуцлага оноох, тараана хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.

Дээрх улс төрийн намуудад хариуцлага тооцож тараах асуудлыг Монгол Улсын дээд шүүхэд дахин тавьж байгаа аж. Хэрэв үнэн зөвөөр асуудалд хандахгүй бол хоёр нам болон дээд шүүхийг олон улсын шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ.

Тус хорооны дарга Д.Нинж хэлэхдээ, “Монголчуудыг газар нутаг дээр нь тайван амьдруулах, мафийн хууль бус засаглал тогтоосны төлөө улс төрийн хариуцлага тооцох ёстой. Энэ төрд ард түмний халаасанд гараа дүрээгүй, авилга аваагүй нэг ч хүн байхгүй. Ирэх оныг төрийг цэвэрлэх жил болгомоор байна. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хоёр намд улс төрийн хариуцлага тооцох цаг болсныг сануулсан. Энэ үг дутуу боловч зөв үг. Монгол Улс авилгатай тэмцэх орон биш авилгыг хөхиүлэн дэмжих орон болчихлоо, Оюутолгойг авахын тулд 76 гишүүн тус бүрт нэг сая ам. доллар өгсөн. Үүнийг ч өөрсдөө яриад явж байдаг. Манай хороо Н.Энхбаяр, Д.Зоригт, Л.Гансүх, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарыг авилгад холбогдсон материалыг прокурорт бүрдүүлж өгнө. Энэ сарын 15-ны дотор албан бичиг өгч эсэргүүцлийн арга хэмжээг дэс дараатай авна” гэлээ.


URL: