Сонгуулийн тухай сэтгүүлийг анх удаа хэвлэн гаргав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн тухай  сэтгүүлийг   хэвлэн гаргав. Өмнө нь аливаа сонгуулийн талаар  сэтгүүл гаргаж байсан тохиолдол үгүй билээ Сэтгүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрээс аваад шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэлх  сонгуулийн бүхий л үйл явцыг харуулсан гэрэл зураг, тоон үзүүлэлт, баримт бичиг, хэлсэн үг, үнэлэлт, дүгнэлт, сонгуулийн дүн зэргийг дэлгэрэнгүй нийтэлжээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлийн уншигчдад хандсан мэндчилгээндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь сонгуулийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг онцлон тэмдэглээд, түүгээр өмнө нь байгаагүй олон шинэ, шинэлэг зүйлийн эхлэлийг тавьсан төдийгүй өмнөх сонгуулиудаар эцэс төгсгөлгүй маргалдаан сөргөлдөөн, хардлага сэрдлэг үүсгэж улмаар сонгуулийн мөн чанар, утга агуулга, нэр хүндийг нь унагаж байсан олон асуудлын учиг зангилааг тайлсан юм” гэжээ.
Тэрээр цааш нь “Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгосон зургаа дахь сонголт нь техник, технологийн шинэ дэвшлийн  цаг үеийг нарийн мэдэрсэн, сонгогчдын эрх ашигт бүрэн нийцсэн, олон улсад өндөр үнэлэгдэхүйц жинхэнэ ардчилсан сонгууль болсныг түүх мартах ёсгүйг дурдаад бидний хойч үе үүнийг илүү мэдэрч, ухаарч, тэр үеийнхээ өндөрлөгөөс илүү бодитой үнэлэх нь лавтай”  гэдгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцолжээ.
Энэхүү сонгуулийг бодитой үнэлэхэд  тус сэтгүүл үнэлж баршгүй үнэ цэнэтэй юм. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  санаачлан сэтгүүл хэвлэн гаргаснаас гадна  Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нийт 15 мянга орчим гэрэл зургийн  арвин сан бүрдүүллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  бүхий л үйл явцыг бүрэн баримтжуулан авах хүрээнд 50 цагийн видеобичлэг хийж видео архиваа арвижуулав.
Сэтгүүлийн дээжээ өнөөдөр ажлаа эхэлж буй Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганы нээлтийн  арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын гишүүдэд өргөн барив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2013 оны 10 дугаар сарын 1

URL:

Сэтгэгдэл бичих