Жон Мартин Кийнийг хар тамхины бүлэглэл хөнөөсөн үү
-Жон Мартин Кийн хар тамхичин байсан бөгөөд олон эхнэртэй болох хүслээ биелүүлэхээр Монголд иржээ-
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсад ирснийхээ дараа өөрийн шавь Ч.Баттуулын гарт амиа алдсан гэх Америк улсын иргэн Жон Мартин Кийнтэй холбогдох хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй л байна.
Энэ хэргийг үйлдсэн гэх эзэн нь баригдаж, бүтэн жилийн хугацаа өнгөрсөн атал яагаад өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь зөвхөн хүн амины хэрэг биш гэдгийг харуулж байгаа талаар олон хүн хэлж буй.
Түүнчлэн өөр өөр мэдүүлэг өгсөн Ч.Баттуул хэргийн үнэнийг нууж байгаа гэх. Энэ ч үүднээс түүнд холбогдох хэргийг хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцаасан юм.
Ч.Баттуулд хүчээр хар тамхи татуулж, бэлгийн дарамт үзүүлдэг байжээ
Жон Мартин Кийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод шавийнхаа хамт иржээ. Тэр өдрөө Ч.Баттуулын ар гэрийнэнтэй ресторанд хамт хооллож, танилцсан байна.
Улмаар салхинд гарч, ан хийнэ хэмээн Жон Мартин Кийн 1.4 сая төгрөгөөр буу худалдаж авсан аж. Энэ нь цоо шинэ буу байсан бөгөөд цагдаагийн газраас бууг эзэмших зөвшөөрлөө авчээ. Үүний хажуугаар 40 ширхэг сум авч, мөн Ч.Баттуулын ахын Марк II маркийн автомашиныг явтлаа хэрэглэнэ хэмээн 4.5 сая төгрөг өгсөн байна.
Ийнхүү тэд анд явах бэлтгэлээ базааж, орой нь III, IV хорооллын эцэст нэгэн буудалд хоносон байна. Тэднийг янаг амрагийн холбоотой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичиж байсан билээ. Гэхдээ тэд тус тусдаа өрөөнд буюу Жон Мартин Кийн гуравдугаар давхарт, Ч.Баттуул хоёрдугаар давхарт хоножээ. Үүнийг тухайн өдөр буудалд ажиллаж байсан хүмүүс нотолж байгаа юм. Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуул өгсөн мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг.
Гэхдээ Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх шалтгаанаа өс санасан гэхээс өөрөөр тайлбарлаж чаддаггүй. Өс санасан байх нь ч үнэний ортой байж болох. Тодруулбал, Жон Мартин Кийн Ч.Баттуулд хүчээр хар тамхи татуулж, бэлгийн дарамтад оруулдаг байсан гэнэ. Энэ нь зөвхөн нэг удаагийн үйлдэл бус хэд хэдэн удаа давтагджээ. Тэр ч бүү хэл хар тамхи татан ухаан алдсан байх үед нь гудамжинд хаяж байсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Жон Мартин Кийний хувьд хар тамхи татдаг нэгэн байсан аж.
Америк болон Солонгос улсад албан ёсны эхнэртэй тэрбээр олон эхнэртэй болохыг мөрөөдөгч нэгэн байсан гэдгийг ч хэлж буй. Түүний хувьд Монгол Улсад ирсэн нь зөвхөн бизнес хийх ч биш монгол бүсгүйтэй гэрлэж, олон эхнэртэй болох хүслээ биелүүлэх байсан ч байж болох юм.
Жон Мартин Кийнийг яах гэж авчирсан талаар Ч.Баттуул өгсөн мэдүүлэгтээ “Шүрэн арал” гэх зочид буудал ажиллуулна гэж авчирсан талаар ярьдаг боловч энэ нь түүнийг монголд авчрах нэг арга нь байсан гэх. Ингэхээр Жон Мартин Кийн бизнес хийх гэж биш зугаацах гэж ирсэн гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж 40 мянган ам.доллар болгож өгнө хэмээн Монголыг зорьсон нь сонин.
Тэд үнэхээр ан хийхээр явсан уу
Жон Мартин Кийн ирсэн өдрөө ан хийх буугаа авч, машинаа зохицуулсныхаа маргааш нь хэрэг гарсан газар буюу Цонжин Болдогийг зорьсон байна. Гэхдээ тэд үнэхээр ан хийхээр явсан эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, Жон Мартин Кийнийг хилээр орж ирэхдээ хоёр кг хар тамхи тээвэрлэсэн гэх. Улмаар уг хар тамхийг худалдахаар хотоос зайдуу орших дээрх газарт очсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.
Хэрэг гардаг өдөр Ч.Баттуул хар тамхи худалдахаар болсон нэг орос, хэдэн монгол залуутай Налайх дүүргийн ойролцоо уулзахаар болсон байна. Тэд уулзах ёстой газраа ирж наймаа хийх гэсэн ч үл ойлголцсон аж. Өөрөөр хэлбэл, Жон Мартин Кийн ээжээсээ зээлсэн 10 мянган ам.долларыг өсгөж өгөх амлалтдаа хүрэхийн тулд өөрт байгаа хоёр кг хар тамхийг 40 сая төгрөг хэмээн үнэлсэн байна.
Харин түүний саналыг эсрэг тал хүлээж аваагүй буюу “Муу хар тамхи байна. Найман саяар авна” гэсэн байна. Улмаар тэд жинхэнэ хар тамхи гэж үүнийг хэлдэг юм хэмээн гурил шиг нунтаг зүйлийг гаргаж иржээ. Тэд тэр тамхийг зуучилж өгснөөрөө “чи татаж үз” хэмээн Ч.Баттуулд татуулсан байна. Гэтэл түүнийг нь татсан Ч.Баттуул тэр дороо ухаан алдаж унасан бөгөөд маргааш өглөө нь Налайх дүүргийн нэгэн буудалд хар тамхи татуулсан хүмүүстэй хамт байсан байна. Эх сурвалжийн хэлснээр тэд Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдгийг хэлж, “хэргийг чи хүлээ” хэмээн сүрдүүлсэн байна. Ингээд Ч.Баттуул хэрэг гарсан газар очиж, өөрөө хэрэг хүлээх болсон учир цогцсыг шатаажээ.
Түүнийг хэргийн газар очиход цогцсыг цасаар булж, улмаар дээрээс нь картон цаасаар бүтээж, ус асган хөлдөөсөн байжээ. Тэрбээр цогцсыг шатаахдаа хоёр найзыгаа дуудаж, тусламж гуйжээ. Ч.Баттуул хоёр найзыгаа дуудахдаа хүн амины хэрэг болсон тухай хэлээгүй буюу архи уусан байх үедээ гэнэт зүрх нь хаагдчихлаа хэмээн хэлсэн байна. Ингээд найзууд нь ирж цогцсыг нуун шатаахад тусалжээ.
Тэд хэрэг гарсны маргааш цогцсыг шатаасан ч дутуу байж магад хэмээн хэргийн газар ирж дахин шатаасан байна. Энэ тухай Ч.Баттуулын найзууд буюу энэ хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нар ч мэдүүлэг өгөхдөө дурьдсан байдаг байна. Тэгэхээр энэ хэргийн гол эзэн Ч.Баттуул биш гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн Жон Мартин Кийнийг шөнийн 02.00 цагийн үед хөнөөсөн юм байна. Тэгэхдээ 60 метрийн зайнаас зургаан удаа буудан хөнөөсөн байна.
Ямар нэгэн байдлаар буудаж үзээгүй хүн тас харанхуй шөнө цэнэглэдэг буугаар зургаан удаа 60 метрийн зайнаас буудсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Их дээд сургуульд Иргэний хамгааллын хичээл дээр бууны тухай заадаг. Гэхдээ түүнийг ямар нэгэн байдлаар буу барьж, буудаж үзээгүй гэдгийг Ч.Баттуулын сурч байсан Дархан-Уул аймаг дахь ШУТИС-иас албан бичиг ирүүлжээ. Мөн худалдан авсан бууг шинжилгээнд өгөхөд нэг удаа буудсан буу гэх дүгнэлт гарчээ.
Энэ нь бууг анх шалгаж авахад буудсан гэдгийг харуулж байгаа юм. Харин Ч.Баттуулын анхны машины зөв талд нь буюу жолоочийн талын эсрэг талын хаалганд сумны нүх үлдсэн байжээ. Түүнийг Ч.Баттуул мэдэнгүүтээ солиулсан аж. Мэдээж дээрх хэргийг хүлээхээс өөр аргагүй болсон хүн нуухын тулд ийм зүйл сэдэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь Ч.Баттуул яагаад бууны сумны нүх гарсан гэдгийг санахгүй байна вэ.
Харин энэ хэргийн цаана нуугдаж байгаа жинхэнэ эзэд нь болох хар тамхи худалдан авахаар ирсэн залуусын нэгийг саатуулан шалгасан ч энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдэг нь батлагдсан байна. Харин хамт явсан гэх хүмүүсийг нь мэдэж эрэн сурвалжлах үйл ажиллагаа хийгдэж байгаа ч өдийг хүртэл олж чадахгүй байгаа аж. Энэ нь ч хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцаах шалтгаан болж байгаа биз.
Ч.Баттуул одоо ямар байдалтай байгаа вэ
Тэрбээр энэ хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдсоноос хойш 1.8 жил болж байна. Энэ хугацаанд түүнд эргэлт оруулах хориотой байжээ. Хэдэн сар урдуур хойгуур гүйсний эцэст ганц хоёр удаа эргэлт оруулсан байна. Ч.Баттуул ходоод өвддөг, өндгөвчний үрэвсэлтэй бөгөөд байнга эм уух, цаашлаад эмчилгээ хийлгэх шаардлагатай аж. Энэ тухай хэд хэдэн удаа холбогдох газруудад нь мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй байна.
Түүнчлэн Ч.Баттуулын өрөөнд байсхийгээд “дэлбээ” буюу шалгалт хийдэг байна. Хамгийн сүүлд гэхэд түүний өрөөнд шалгалт хийж ууж байсан бүх эмийг нь хураан авчээ. Үүнийг холбогдох газруудаас тодруулахад “Амиа хорлох гээд байна. Тиймээс урьдчилсан хамгаалалт хийж байна” гэх тайлбарыг хэлжээ. Мөн өрөөнд хамт байгаа хүмүүсийг байсхийгээд л сольдог буюу Ч.Баттуулаас ямар нэгэн байдлаар үг хэлүүлэх гэсэн байдал гардаг аж.
Энэ тухай нэг бус удаа Ч.Баттуул хэлж байжээ. Түүний хэргийн ард хэн гэгч нуугдаж байгаа, ямар учраас Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Тэд ямар ч тогтоол гаргасан бодит үнэн энэ байна.
Г.Төгс
URL: