Бодлогын хүү юу боомилох хүү юү?
Монголчууд манлайлагч байх дуртай, сайн муу аль ч талаараа. Бид саяхан нэг рекорд амжилт тогтоосныг олж мэдлээ. Учир нь эдүгээ УИХ-ын чуулганаар манай эрхэм хууль тогтоогчид ирэх жилийн төсвөө хэлэлцэж байгаа. Уг нь төсвөө хямгад гэж загнаж байх ёстой атал манай хууль тогтоогчид яаж ийгээд төсвөө томруулах вэ гэж тэмцэлдэж байна. Одоо ярьж байгаагаар бол 800 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэх гэж байгаа. Манай эрхэм хууль тогтоогчид хүссэнээ л баталж чаддаг хойно, төв банк хэчнээн бахирлаа ч энэ чигээр нь л баталчих байлгүй дээ, дээрээс нь бүр нэмчихэж ч магадгүй.
Гэтэл 800 тэрбум төгрөг чин ямар их мөнгө билээ. Монгол Улсын төсөв өөрөө тэр чигээрээ тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байсан цаг саяхан. Ердөө л 2000 онд Монгол Улсын төсөв 200 тэрбум төгрөг байв даа. Гэтэл эдүгээ Монгол Улс баяжсанаа гайхуулж цээжээ дэлдэж байна, их наядаар илэрхийлэгдэх төсөвтэй, баруун солгойгүй цацах хөрөнгөтэй байна гэдэг. Гэхдээ одоо энд анхаарал татаж буй 800 тэрбум төгрөгийн талаар дахин хөндөе. Харамсалтай нь, үүгээр үйлдвэр барьж, технологи хөгжүүлэх гэж байгаа хэрэг бус. Зөвхөн сонгогчдодоо таалагдаж, төсвийн байгууллагынхны цалин нэмэх, уулын мухарт байгаа сургуулийн дээврийг засах зэрэгт зарцуулах гэж байгаа юм. Үндсэндээ л 2012 оны урьдчилсан бэлтгэл гэсэн үг. Бүр өнгөрсөн жилийн төсвийнхөө гуравын нэгээр тэд ийн балгалзах бэлтэй болчихсон байгаа нь бахархмаар ч юм шиг. Харин Монголбанк нь хүмүүсийн гар дээр мөнгө бэлнээр тавих болгонд чинь инфляци хэмээх арван таван толгойтой мангасын толгой нэмэгдэж байх болно гэж хэчнээн хашгираад ч нэмэр алга.
Одоо ерөнхийдөө гишүүдийн кнопны аясаар батлагдаж болзошгүй байгаа энэ мөнгө зах зээлд хэрхэн нөлөөлж болох талаар дуугараад ч хэрэггүй бололтой. УИХ нэгэнт энэ мөнгийг батлах нь тодорхой болоод байгаа болохоор. Харин төсвийн гуравны нэгтэй тэнцэх их хэмжээний мөнгөний дагуулах хор нөлөөг хэрхэн сааруулах боломжтой, ямар арга зам байж болох талаар бид Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Ivailo V.Izvorski-оос асуусан юм. Хачирхалтай нь, тэрбээр дэлхийд өөр хаана ч ямар ч орон ийм их хэмжээний мөнгө гэнэт төсөв рүүгээ шахаж, түүнийгээ нийгмийн халамжийн чиглэлд зарцуулж байсан тохиолдол гарч байгаагүй учраас ямар арга зам байдгийг хэлж мэдэхгүй нь гэж хариулсан юм. Энэ бол бичвэрийн эхэнд өгүүлсэн монголчуудын тогтоосон бас нэг рекорд. Одоо харин хоёр дахь рекордыг бас харуулья.
Өнөөдөр Монгол Улсын төв банкны бодлогын хүү 14 хувь байгаа. АНУ-д бодлоын хүү 0,25 хувь байдагтай харьцуулшгүй тоо.
Сүүлийн хоёр жилд бодлогын хүүг нэг хэсэг багасгасан ч эргэж чангалсаар ийм хэмжээнд арайхийж тогтоосон гэдэг. Гэхдээ л УИХ төсвөө дахиад нэмэх юм бол бодлогын хүүгээ бууруулах нь бүү хэл дахин чангалахаас өөр аргагүй гэж байгаа. Одоо харагдаж байгаа өнцгөөр бол УИХ төсвийг дахин 800 тэрбум төгрөгөөр тэлэх нь тодорхой болж байгаа болохоор бодлогын хүүгийн төвшин дахин дээш цоройно гэж таамаглахад нэг их буруутахгүй байх. Гэтэл бодлогын хүү гэдэг маань юу сан билээ. Зээл гэдэг манайх шиг өсч байгаа гэх, басхүү 20-хон жилийн настай зах зээлд хүч сэлбэх амь тариа. Банкууд тэдэнд яаралтай түргэн тусламжийн “цус” сэлбэхдээ Монголбанкны бодлогын хүү дээрээ өөрсдийнхөө хувийг нэмнэ. Ингээд бизнес эрхлэгчдэд ус агаар шиг хэрэгтэй байгаа зээл хэдэн хувийн хүүтэй болохыг хэн ч хэлүүлэлтгүй мэдэж болно, ялангуяа богино хугацаатай, өндөр хүүтэй зээлд дарлуулж байгаа бизнесмэнүүд. Бодлогоор дэмжих биш, боомилж алах зээлийн хүү гэж тэд хэлдэг юм билээ. Төв банкныхан үүнийгээ инфляци барьж тогтоох ганц арга гэж тайлбарладаг. Тэгвэл бодлогын хүүн төвшнөөр бид дэлхийн хаахна яваа бол? Эдийн засагч Ivailo V.Izvorski үүнд “Вьетнамын төв банкны бодлогын хүү 10 орчим хувьтай байдаг болов уу” гэж жуумалзасхийн хариулав. Тэгэхээр бид дэлхийн хамгийн өндөр хүүтэй улс гэсэн бас нэг рекорд тогтоож байгаа бололтой. Ингээд дэлхийн улс орнуудын төв банкны бодлогын хүүг сонирхов. /Хүснэгтээс харна уу/
Эндээс тухайн улс хөгжил ихтэй хэрээр хүү багатай байгааг хамаарлыг харж байгаа байх. Нэг хүрэхгүй хувийн бодлогын хүүтэй улсуудын дэргэд Монгол ч үнэхээр сүрлэг харагдаж байгаа биз. Гэхдээ бас манайхаас давж гарсан улс байна аа. Дэлхийн эдийн засгийн хямралд нэрвэгдээгүй, байгалийн баялгаа хараал болгоогүй гэх Чили улс. Эдийн засгийн өвөрмөц тогтоолтой, ямар ч эдийн засгийн шуурга ирсэн давж гарах нөөцтэй гэгддэг энэ орны хувьд онцлог чанар байдаг юм болов уу. Чилиэс бусад улсуудын дэргэд бол Монгол Улс аваргалж байна аа, яалт ч үгүй. Дэлхийд ч рекорд болохгүй, хар тивийн Зимбабве хэмээх улсын эдийн засаг нь баларч сөнөж байсан үеийн хүүгийн төвшинтэй харьцуулахгүй л бол. Харийхныг хөөж өөрсдөө бүхнийг байгуулна гэж Зимбабве улсын улстөрчид иргэдийнхээ тархийг угааж байх зуур эдийн засаг сүйдэж инфляцийн хувь хэмжээ нь бүр 10 мянган хувьд хүрч байсан юм. Монголчууд хүртэл инцляцийн төвшинг нэг оронтой тоонд барина аа гэж байхад ийм хувь хэмжээ байдаг болов уу гэж та гайхаж магадгүй. Үнэндээ бол хоёр жилийн өмнө дэлхийн эдийн засагчдын ч ухаан балартаж, үүнийг эдийн засгийн уналт гэж хэлэх аргагүй, зүгээр л чөлөөт нисэлт гэж нэрлүүштэй гэлцэн, өөр юутай ч харьцуулж чадахгүй байсан юм. Ард иргэдийн олонхийнх нь сарын орлого 10 ам.доллар орчим. Гэхдээ энэ нь бараг ширхэг талхны үнэ. Шуудай дүүрэн мөнгө нь 100 ам.доллартай тэнцэж баларч гүйцэж байсан улс шүү дээ.
Харин одоо дэлхийд манлайлж буй Монголбанкны бодлогын хүүг дахиад нэмчих юм бол рекорд гэж нэрлэх болов уу, үгүй болов уу? Рекорд гэдэг үг бараг жулдах биз. Бодлогын хүү гэж нэрлэхэд ч ичгэвтэр болохоор боомилох хүү ч гэдэг юм уу өөр нэр өгч таарах байх даа.
А.АЛТ
URL: