Ж.Алдаржавхлан: Намайг байнга гүтгэж байгаа тэр хүнээс “Өшөө хорсол чинь тайлагдах болоогүй юу…” гэж асуумаар санагддаг
Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал асан Ж.Алдаржавхлангийн талаар зохиогчоо нуусан нэлээд сүржин нийтлэл “Үндэсний шуудан” гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх нийтлэлийн дараа Ж.Алдаржавхлан “Нотолгоогүй, баримтгүйгээр хүний нэр төрд халдсан байна …” гэхчилэн гомдол гаргасны дагуу “Үндэсний шуудан” сонин бодит нөхцөл байдлын талаарх тайлбар авсан юм байна. Энэ нь “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.
-Таны тухай өөрөөс тань баталгаажуулж, лавлалгүйгээр гаргасан мэдээллийн талаар албан ёсны тайлбар хүсч байна?
-Ийм мэдээлэл гарч байгаад их гайхаж байна. Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны хөтөлбөр маш сайн хэрэгжсэн гэдгийг бүгд мэднэ. Зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бол ОССК-иар дамжаагүй. Сангийн яам, Хөгжлийн банк хоёр арилжааны банктай хамтран зохион байгуулсан. ОССК бол анх удаагаа орон сууц худалдаж авахаар хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж банк руу хүргүүлэх ажлыг хийж байсан. Засгийн газраас гаргасан зээлийн журмын дагуу зээл хүссэн иргэдийн шаардлага хангасан материалыг 24 цагийн дотор Төрийн банк руу хүргүүлдэг байсан.
Уг хөтөлбөрт ОССК-д санхүүгийн эрх мэдэлтэйгээр оролцоогүй. Иргэдийн мөнгийг арилжааны банкинд байлгаж байгаад л би хувьдаа авчихсан юм шиг мэдээлэл гарсан байна лээ. Ийм зүйл огт байхгүй. Нэгдүгээрт, зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт ОССК санхүүжүүүлэгчээр оролцоогүй. Хоёрдугаарт, нэр дурдагдаад буй Капитал банк энэ хөтөлбөрт оролцоогүй. Анх оролцоно гэж ярьж байсан банкнуудын нэг боловч хөтөлбөр эхлэхээс өмнө гараад явсан.
Мөн Орон сууц санхүүжилтийн корпорацийн ТУЗ-ын гишүүд тус бүр есөн сая төгрөг хувьдаа авсан байна гээд бичсэн байна лээ. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүд урамшуулал авдаг. ОССК-ийн ТУЗ-ийн гишүүд сард 150 мянган төгрөгийн урамшуулал авдаг байсан. Энэ нь дөрвөн жилд нийтдээ есөн сая болж байгаа. Түүнээс биш нэг дор тус бүрдээ есөн сая төгрөг аваагүй.
-Капитал банкинд таны танил тал байдаг уу?
-Байхгүй. Капитал банк надтай ямар ч холбоогүй. 100 мянган айлын хөтөлбөртэйгээр холбогдуулан Капитал банк руу Засгийн газраас нэг ч төгрөг очоогүй гэдгийг Сангийн яамнаас хэлж байсан. Ямар шалтгаанаар миний нэр хүндэд халдсан мэдээлэл гараад байгааг тааварлаж л байна. Ямар ч хамаагүй аргаар Цоо шинэ сенсааци үүсгэж улмаар Зарим байгууллага болон хүмүүсийн анхаарлыг над руу чиглүүлэх гэсэн хэн нэгний оролдлого юм болов уу гэж бодож байна. Би танд зээлийн журмыг өгье. Энд бүх зүйл тодорхой байгаа. Журмын 3.4-т ” Сангийн яам хөтөлбөрт оролцох арилжааны банкыг сонгоно” гэсэн утгатай заалт байгаа. ОССК-д бол огт хамаагүй асуудал. Ямар банктай хамтран ажиллах нь Сангийн яамны бүрэн эрх юм.
-Таныг намдаа хандив өгсөн, намынхаа хүмүүс зээл өгсөн гэдэг байдлаар бичсэн байна лээ. Энэ нь ямар учиртай юм бол?
-Төрийн албан хаагчидын 4000 хтөлбөрийн хувьд Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байгууллагаасаа орон сууцны зээлд хамрагдаж эрх, квотоо авч зээлд хамрагддаг байсан. Тийм болохоор намын гишүүд энэ зээлд хамрагдах ямар ч боломжгүй. Би 2008 онд ОССК-ийн захирлаар очсон. Гэхдээ шууд намын шугамаар энэ албанд томилогдож очоогүй. Өмнө нь 2000- 2006 онуудад УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хорооны ажлын албанд зургаан жил, 2006-2008 онуудад Сангийн яаманд хоёр жил ажиллаж байгаад ОССК-д очсон. Цаашдаа иймэрхүү мэдээлэл гараад байвал би өөрөө шүүхийн байгууллагад хандая гэсэн бодолтой байгаа. Би ажилаа өгөөд 1 жил гараад явж байна. Хэрвээ надад өс хонзонтой хүн байдаг бол яасан ч тайлагдаж дуусдаггүй өшөө хорсол вэ гэж бодож сууна.
URL: