Л.Гүндалай:Би төрийг атгадаг хүн. та нарыг шоронд чинь хатааж чадна шүү
Зайсан толгойн баруун тал буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дулаан дамжуулах под станц хоёр хүний мэдэлд байдаг аж. Тодруулж хэлбэл Зайсантолгой руу автомашинаар гардаг хэсгийг яг баруун талд байрлах хоёр давхар цагаан байшин бол дулаан дамжуулах под станц юм. Тэгвэл энэ под станцыг 50:50 хувиар эзэмшигчдийн хооронд маргаан үүссэнээс болж тус под станцаас дулаанаа авдаг 3000 орчим айл хохироод байгаа юм байна. Энэ мэдээллийн дагуу газар дээр нь очиж сурвалжиллаа.
Хоёр талын маргаан үүссэн хэсэг энд тэнд хоёр гурваараа бөөгнөрөн зогссон байна. Под станцын доод хэсэгт орох төмөр хаалганы гадна 1206 УБҮ гэсэн Ланд крузер маркийг автомашин мөн газар ухагч эксковаторыг зэрэгцүүлэн тавьжээ.
Харин биднийг очихтой зэрэгцээд 4848 гэсэн улсын дугаартай lexus570 маркийн автомашинтай УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гарч яваа харагдсан юм.
Иргэдийн хэлж байгаагаар энэ под станцын 50 хувь нь Л.Гүндалайгийн эзэмшлийнх. Тиймээс под станцад хүн оруулахгүй гэж хаалган дээр нь ийнхүү автомашин болоод эксковатор авчирч тавьсан гэлээ.
Хоёр хүний маргаанаас болж бид хохирч болохгүй биздээ
Зайсангийн урд хэсэгт байрлах “Цэлмэг” хотхоны 101 тоотод оршин суугч Д.Бямбадоржийн ярьж байгаагаар хоёр хоногийн өмнөөс энэ маргаан эхэлж оршин суугчдад нь дулаан өгөхгүй гэсэн аж. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар учраас айлуудын дулааныг өгөхгүй гэсэн юм бол?
-Л.Гүндалай, н.Баатархүү гэж энэ хоёр хүн под станцыг 50:50 хувиар эзэмшдэг юм билээ. Тэгээд хоорондын маргаан үүсч под станцаас дулаанаа авдаг айлуудын дулааныг өгөхгүй гээд Л.Гүндалай машинаараа хаалгыг нь таглачихаад байгаа. Би гэхэд өчигдрөөс хойш энд байна. Нялх нойтон хүүхэдтэй болохоор дулаан тасалчихсан хэцүү байна
-Та нар Л.Гүндалайтай уулзсан юмуу?
-Уулзсан. Дөнгөж түрүүхэн намайг машин дотроо оруулж суулгаж байгаад “Би төрийг атгадаг хүн. Та нар яаж ч чадахгүй. Шоронд чинь хатаана шүү” гэсэн.
-Энэ под станц яг хэн гэдэг хүний нэр дээр байдаг вэ?
-Уг нь Л.Гүндалайгийн төрсөн дүү Баяндалай гэдэг хүний нэр дээр байдаг гэсэн. Тэгээд одоо Л.Гүндалай эзэмшигч нь гээд ирчихсэн оршин суугчдаас 700 сая төгрөг өг. Өгөхгүй гэвэл дулааныг чинь өгөхгүй гэж хэлсэн. Бид Батхүү гэдэг хүнтэй нь гэрээ хийгээд гурван жил дулаанаа авч амьдарч ирсэн.
-Хууль хяналтын байгууллагад хандаж үзсэн юмуу. Маргааныг хоёр тийш нь болгож та бүхнийг хохиролгүй болгож өгөх байлгүй дээ?
-Шүүхийн шийдвэр болон хууль зүйн яаманд тавьсан Шүүхийн шийдвэрээс наад асуудлыг нь хаачихсан гэсэн. Мөн төрийн үйлчилгээний 1111 гэсэн дугаарт гомдол өгсөн байгаа.
Ийнхүү ярьсан юм.
Ингээд удалгүй под станц эзэмшигч н. Батхүү ирсэн юм. Тэрбээр “би өөрийнхөө эзэмшилд орох гэж байна” хэмээн автомашин хааж тавьсан залуустай маргалдаж байсан юм. Нэлээд уурлаж бухимдсан харагдсан. Харин Л.Гүндалайгийн хүн гэсэн залуус та өөртэй нь ярьж учир зүйгээ ол, бид нар үүрэг авч энд ажиллаж байна гэсэн юм.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү под станцыг Л.Гүндалайгийн дүү Л.Баяндалай болон Батхүү нар эзэмшдэг. Гэвч Л.Баяндалайг байхгүй үед нь Батхүү нь иргэдээс мөнгө авч хувь эзэмшигчдээ мэдэгдэлгүй зарсан аж. Мөн хамтран эзэмших гэрээн дээрээ гуравдагч этгээд дулаан авах ёсгүй гэсэн заалт байдаг талаар дурьдсан юм.
Ингээд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай руу утсаар холбогдож энэ талаарх мэдээллийг тодрууллаа.
-Под станц дээр гарсан маргааныг тодруулах гэсэн юм. Энд бол таны эсрэг мэдээллүүд байна. Та ямар нэгэн байдлаар тайлбар өгөхгүй юу?
-Ахтай нь ямар ч хамаагүй. Наад байшингийн хоёр давхарыг нь манай компани худалдаж авсан. Манай компанитай холбоотой. Би наад асуудлыг чинь тийм ч сайн ойлгоогүй.
-Та түрүүхэн машинтайгаа гараад явж байсан. Ямар шалтгаанаар энд ирсэн юм бэ. Таниас үүрэг авсан хүмүүс под станцын хаалгыг дараад зогсоод байна л даа?
-Би ямар ч хамаагүй гэж хэлсэн шүү дээ. Худлаа мэдээлэл байна.
-Таныг мөн 700 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн?
-Ямар том тоо вэ. Тийм юм байхгүй. Баяртай
Гээд утсаа тасалсан юм. Ямар ч байсан иргэдээс авсан мэдэээллийг үгүйсгэлээ. Дээрх маргаантай холбоотой асуудлаар шүүхэд хандсан ч хэргийг хаасан гээд авч хэлэлцээгүй байна. Мөн цагдаагийн байгууллага хоёр хүний маргаан гээд авч хэлэлцээгүй аж.
Г.Туяа
URL: